Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцууллаа

Хуучирсан мэдээ: 2012.10.03-нд нийтлэгдсэн

Гэр хорооллыг хөгжүүлэх хөтөлбөрийг танилцууллаа

Азийн хөгжлийн банкнаас боловсруулсан, Японы ядуурлыг бууруулах сангийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлэх “Улаанбаатар хотын дэд бүтцийн үйлчилгээ болон гэр хорооллын хөгжлийн хөрөнгө оруулалтын хөтөлбөр”-ийг танилцуулах уулзалт "Хангарьд" ордонд өчигдөр боллоо.

Энэхүү хөтөлбөрийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам Дэлхийн банктай зөвлөлдөн, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагаагаа уялдуулан боловсруулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү хөтөлбөр нь Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх, хотын төвийн хэт нягтралыг багасгах үндсэн зорилготой гэдгийг төслийн багийнхан хэллээ. Урьдчилан тооцоолж байгаагаар энэхүү хөтөлбөрийг 10 жилийн хугацаанд хэрэгжүүлэх бөгөөд 200 сая ам.долларын зээлийн санхүүжилтийг дөрөв хувааж санхүүжүүлэхээр тооцжээ. Нийт санхүүжилтийн 10 хувийг Монголын Засгийн газраас гаргах хувилбараар төслийг боловсруулсан байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл танилцуулах уулзалтыг нээж хэлсэн үгэндээ “Азийн хөгжлийн банкнаас гэр хорооллыг дахин төлөвлөх, орон сууцжуулах талаар хийсэн судалгаа маш чухал. Хотын удирдлагууд яг энэ чиглэлд гол анхаарлаа хандуулж байгаа учраас та бүхний хийсэн ажлыг талархан хүлээж авсан” хэмээн хэлсэн.

Төслийн багийнхны тооцоогоор эхний ээлжинд 7 буудал, Баянхошууны гэр хорооллыг сонгон авч хөгжүүлэх бөгөөд оршин суугчид, хувийн хэвшил, төрийн байгууллагуудын дэмжлэгтэйгээр хэрэгжүүлэх юм байна. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлтийн тодотголд гэр хорооллын цаашдын хөгжлийг тусгах шаардлага тулгарч байгааг уулзалтад оролцогчид онцолж байв. Төслийн багийнхан Нийслэлийн шинэ удирдлагууд гэр хорооллыг дахин төлөвлөх, амины орон сууцтай болох дэд бүтцийн нөхцөлийг шийдэх талаар онцгойлон анхаарч байгаа учраас энэхүү хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд таатай нөхцөл бүрдэж байгааг онцоллоо. Энэхүү хөтөлбөрийг УИХ, Засгийн газрын төвшинд дахин хэлэлцэж батална гэж Нийслэлийн Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж