“School bus”-д итгэж болох уу?

Хуучирсан мэдээ: 2012.10.05-нд нийтлэгдсэн

“School bus”-д итгэж болох уу?

Нэгдүгээр эгнээгээр саадгүй давхих “School bus” хүн бүхэнд таатай санагдана. Хүүхдийн автобус гэсэн бичигтэй жижигхэн автобуснууд төв замын нэгдүгээр эгнээгээр жирэлзэн өнгөрөхөд хүн болгон өхөөрдөнгүй харна. “Ардын эрх” сонин, news.mn дунд сургуулийн жаалуудыг автобустой болгох талаар анх санаачлан бичихэд хүн болгон дэмжиж байсан. Тэр хэрээр ч өнөөдөр эхнээсээ зарим сургуулиуд автобустай болж эхэлж байгаад олон хүн талархаж байгаа. Гэхдээ одоогоор зөвхөн хотын төвийн сургуулиуд л тусгай автобустай болоод байгаа.  Цаашдаа өвлийн дүн хүйтнээр зөндөө холоос сургууль руугаа шогшдог хотын захын сургуулийн хүүхдүүд ч дулаанхан тохилог автобустай болно биз ээ гэж найдацгаая. Насанд хүрсэн оюутнуудаа автобусаар үнэгүй зорчуулдаг бид багачууддаа санаа тавиад автобустай болгож яагаад болохгүй билээ. Тэр тусмаа одоо өвлийн хүйтэнд нохойд ноцуулан байж, харанхуй гудамжаар гүйж харьдаг хүүхдүүдийг автобустай болгох том даваа үлдээд байгаа. Тийм ч учраас “New” агентлаг энэ сэдвээ үргэлжлүүлэн сурвалжилсаар байх болно. Тэр тусмаа хотын захын хорооллын хүүхдүүдийг унаатай болгох, одоо явж байгаа хүүхдийн автобусууд аюулгүй ажиллагааны шаардлагыг хангаж байгаа эсэх гэх мэтчилэн хөндөх олон асуудал бий.

Яг одоогийн байдлаар бол хүүхдийн автобусны аюулгүй байдлын талаар анхаарах нь зүй.  Хүүхэд л болсон хойно автобусанд суухдаа ч гүйж харайж, сахилгагүйтэж л байгаа. Өчигдөр л гэхэд хүүхэд дүүрэн суулгасан автобусанд хүүхдүүд дүрсгүйтэн, ноцолдож ёстой нэг шаваа нь ханаж байгаа шинжтэй байсан. Харин автобусны жолооч ардаа сууж яваа хүүхдүүдийг анзаарах сөхөө бараг л алга. Арга ч үгүй юм, машин барьж хүүхдүүдийн амь насыг хариуцаж байгаа хүн юм чинь. Тийм болохоор жижүүр багш заавал автобусанд зохицуулагч хийж, хүүхдүүдийг буулгаж суулгах ёстой юм шиг санагдав. Лав л “Гурван тамир” сургуулийн автобусанд жолоочоос өөр нэг ч “том хүн” харагдсангүй, хүүхдүүд нь цонхоо дэлгэчихсэн, ёстой нэг бужигналдаж байгаа харагдав.

Өнөөдрийн байдлаар 24 сургууль 81 автобустаар 2183 сурагч зорчиж байна. Гэхдээ хотын төвд гэртэй, аав ээж нь хувийн унаатай, хувийн сургуулиудын голдуу. Одоогоор автобусны төлбөр гэж эцэг, эхчүүд нь сард 25-45 мянган төгрөг төлж байгаа аж. Хэрэв улсын сургуулиуд автобустай болвол мөн л энэ мөнгийг төлөх болно. Гэвч бас сардаа энэ хэрийн мөнгө төлөх чадваргүй айл ч байж болох. Хүүхдэдээ өдөртөө автобусанд суулгах 200 төгрөг олох гээд чадахгүй, шогшиж байгаа айлууд ч зөндөө л байгаа.

Сургуулийн автобус сурагчдад үйлчилж эхлэх нь сайн талтай, үгүйлэгдэж буй үйлчилгээ хэдий ч эхнээсээ энэ мэт зохицуулалтаа зөв хийх хэрэгтэй юм шиг санагдав. Яг үнэнийг хэлэхэд, сарын төлбөрийг эсэхэд эцэг, эхчүүд байгаа ажээ. Тиймээс нийслэлийн Боловсролын газраас улсын сургуулиудад хүүхдийн автобус үйлчилдэг болвол автобусны зардлыг эцэг эхчүүдээс тал хувийг нь, улсаас тал хувийг нь төлдөг байх асуудлыг судалж байгаа гэнэ.

Замын цагдаагийн газар, Нийтийн тээврийн газар, Нийслэлийн боловсролын газраас “Сургуулийн автобус”-нд хэд хэдэн шаардлага тавьж байгааг тодрууллаа. Гэтэл тэр  шаардлага нь улаан хүрээтэй, шар өнгийн дэвсгэр дээр хүүхдийн дүрс зурсан байх, автобусны хажуу тал дахь туузны уртын хэмжээг тогтоохх, “Хүүхдийн автобус” гэдэг үг бичсэн байх, үг бичсэн суурь нь асдаг байх, тухайн автобус 2000 оноос хойш үйлдвэрлэгдсэн байх ёстой гэдгээс нэг их хэтэрсэнгүй. Тиймээс хамгийн гол нь хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаас нь илүүтэй анхаарлаа хандуулах ёстойг сануулахад илүүдэхгүй биз ээ.

Та ч бас хүүхдийнхээ амь насыг даатгаж байгаа “School bus”-ыг нэг анхаараад үзээрэй.

News.mn сайт сургуулиудыг автобустай болгох тухай сэдвийг анх хөндөж, энэ сэдэвт анхаарал хандуулж ирсний хувьд эхнээсээ үйлчилгээнд гараад байгаа  “School bus”-ын талаар эргэн сурвалжилсаар байх болно.

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж