Ц.Оюунбаатар шатрын морь болж хувирлаа

Хуучирсан мэдээ: 2012.10.08-нд нийтлэгдсэн

Ц.Оюунбаатар шатрын морь болж хувирлаа

Ердөө долоо хоногийн өмнө хүмүүст Цэцийн дүгнэлт хэрхэн гарах вэ гэдэг асуудал л сонин байв. Хэрвээ Цэц МАХН-аас нэр дэвшигчдийн гаргасан гомдлыг үндэслэлтэй гэж үзэж СЕХ-г буруутгавал Э.Батшугар УИХ-ын гишүүн болох нөхцөл бүрдээд байлаа. Түүнийг гишүүн болгохгүй гэж зүтгэсэн улс төрийн хүчин бол АН. “Хүүхэд”, “нусгай”, “худалч хүү” гэх мэт хочтой түүнийг албан тушаалд тавьчихвал наанадаж сөрөг хүчин болох МАН-ын аманд багтах, цаашлаад нэр хүндээ сэвтээх ацан шалаанд байсан.  Тийм ч учраас Э.Батшугарыг УИХ-ын гишүүн битгий хэл, яамны дэд сайд ч болгохгүй гэдэг дээр бүгд санал нэгдэж байв. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгджээ. Монголбанкны Ерөнхийлөгч Н.Золжаргал дэд ерөнхийлөгчөөрөө Э.Батшугарыг авах хүсэлт гаргаж,  Байнгын хороо, чуулган дээр дэмжигдэх нь тэр. Э.Батшугар УИХ-ын гишүүн болбол намын нэр хүндэд сэв болохоос илүү цаашдаа улс төрийн 1-2 алхмын дараа дангаараа Засгийн газар байгуулах их хүсэлд нь тээг болох зангилгаан дээр сууж байгааг АН-ын лидерүүүд олоод хараадахжээ. МАН-ын дарга Ө.Энхтүвшин МАХН-ын дарга Н.Энхбаяртай уулзсаны дараа болсон үйл явдал тэднийг ийнхүү нэр хүндээ сэвтэхээс ч үл эмээн “ногооноороо” байгаа Э.Батшугарыг Монголбанкны дэд ерөнхийлөгчийн зөөлөн сэнтийд залахад хүргэсэн бололтой. Тийм ч учраас энэ томилгоог “Буруу харж уйлж” байж хийсэн болов уу. Өөрөө нэр дэвшүүлж оруулж ирсэн Н.Золжаргал “Залуухан дэд сайдтай боллоо, ямар бодолтой байна вэ” гэсэн сэтгүүлчийн асуултад хариулаагүй явдал үүгээр тайлбарлагдана.

Хоёр Э юу ярив буюу таамаг

Н.Энхбаяр, Ө.Энхтүвшин хоёр намаа нэгтгэх талаар юу юугүй яриад эхлээгүй байх. Аль ч талаас нь харсан, эхлээд өөрс­дийн замаар урагшлахыг хичээнэ. Санамж бичиг байгуулахаас наахнуур л юм болсон байж магадгүй юм. Тэгэхээр тэр хоёр нарийн тохироонд хүрээгүй, харин ойлголцолд хүрсэн байж болох талтай. Н.Энхбаяр өөрийн гэ­сэн асуудалтай, Ө.Энхтүвшин ч адил.

Н.Энхбаярын асуудал

“Шударга ёс эвсэл” задарсны дараа МАХН УИХ-д зургаан гишүүнтэй үлдэх байсан. Эдүгээ УИХ-д бүлэггүй л бол хэчнээн олон суудал авсан байлаа гээд ямар ч эрхгүй “үхдэл” шиг байлгах хууль үйлчилж байгаа билээ. Зургаан суудалтай МАХН байтугай өөрсдийн санамсаргүй байдлаас болж бүлэг байгууулах боломжоо алдсан МАН 25 суудалтай хэр­нээ “сулдаа ганхан жороолж” бай­на. Тэгэхээр суудлаа найм хүргэхийн тулд Н.Энхбаяр ба түүний нөхдийн хувьд МҮАН-аас дор хаяж хоёр ги­шүүн “уургалах” зайлшгүй шаард­лага тулгарсан нь мэ­дээж юм. Эвсэл задарсан ч гэ­сэн бүлэгтэй үлдэх юм бол “Зав­сарлага” авдаг хуулийг ашиглаад янз бүрийн асуудлаар барьцаалан “аавынхаас” гарч ирэх бололцоо бий болох гээд байлаа. Магадгүй, Засгийн газраар барьцаалж, өөрийгөө аврах гэсэн төлөвлөгөө нь бүтэлгүйтсэний дараа л тэрбээр “Шударга ёс” эвслийн задралыг олж харсан байж таарна. Тий­мээс бүр эртнээс МҮАН-ынхныг өөртөө татах гэж хичээсэн гэдэгт мөрий тавьсан ч алдахгүй. Үүндээ тэрбээр хамгийн түрүүнд Ц.Цолмонг ашигласан. Ц.Цолмон нэлээн дээхнэ “МҮАН, МАХН нэгдэх ёстой” хэмээн хэвлэлийн бага хурал зарлаж байсныг өөр юугаар тайлбарлах вэ. Гэхдээ мэдээж хэрэг, Н.Энхбаяр бо­лоод түүнийг хэзээ ч “нулимж” ма­гадгүй МАХН-ын одоогийн удирдлагуудын эрх ашиг нэг цэгт давхацсан учраас л МҮАН-аас “Дүлзэн”-гүүдийг цуглуулах ажил хийгдэж байсан байж таарна. Аль эсвэл МАХН-ын наранд байгаа лидерүүд түүнийг аль хэдийнэ жийсэн учир МАН-аас өөр түших тулах цэг олдоогүй байж болно. Ч.Тэрбишдагва, Ч.Улаан нарыг чухам ингэнэ гэж мдсэн учраас ч З.Баянсэлэнгэ, О.Баасанхүү мэтийн өөрт нь үнэнч байх хүмүүсийг намын жагсаалтад дээгүүрт бичсэн биз. Тэр хоёр нь хэвлэлийн хурал зарлаад байсныг бодохоор Н.Энхбаяр, МАХН хоёрын холбоо аажмаар бүдгэрч байгаа гэдэг үнэн ч байж мэднэ. Ц.Цолмон МАХН-д нэгдсэнээр МАХН УИХ-д долоон төлөөлөгчтэй болсон.  

Ө.Энхтүвшингийн асуудал

Эвслийн Засгийн газрыг задлаж, АН-д өөрсдийгөө санал болгох нь МАН-ын зорилго мөн. Гэхдээ одоохондоо бол арай л эрт байна. Тэдэнд хамгийн түрүүнд бүлэгтэй болох асуудал чухал байгаа. Үүнд нь МАХН-ын гишүүдийн санал хэрэгтэй. Энэ асуудал дээр л санал солилцсон байж болно. Хэрвээ үнэхээр УИХ-дээр олонх болох боломж бүрдчихвэл дэгийн тухай хуу­лийг юу ч гэж өөрчилсөн бол­но шүү дээ. “УИХ-д долоо буюу түүнээс дээш суудал авсан нам бүлэг байгуулах хүсэлтээ хэзээ ч хамаагүй УИХ-ын даргад өргөн мэдүүлнэ” гэсэн заалтыг УИХ-ын дэгийн тухай хуульд суулгаж өгөх нь МАХН-ын ч, МАН-ын ч эрх ашигт яв цав нийцэх билээ. Тиймээс хоёр дарга эхлээд улс төрийн асуудлаа зөвлөлдөж байя хэмээн утсаа солилцсон ч байж болох юм. Эвслийг задлан УИХ-д суудалтай бүх намууд нэгдэж “Үндэсний эв нэгдлийн” гэдэг шиг Засгийн газартай болгох асуудлыг ч ярьж болно шүү дээ. Ойролцоо нэртэй учир Орон нутгийн сонгуулийн үед ч хоёр намд нэгдмэл эрх ашиг бий.

Ардчилсан намын асуудал

Яваандаа биелж болох нэг ийм хувилбар бий. “Шударга ёс” эвсэл задарч, Ардчилсан нам МҮАН-тай хамтран Зас­гийн газраа байгуулна гэж. Эвсэл задарлаа гэхэд МҮАН-ын таван гишүүнийг нэгтгэ­нэ. Улмаар маргаантай, шүү­хээр хэлэлцэгдэж байгаа Өвөр­хан­гай, Увсын асуудал хэрхэн ший­­дэгдэхээс шалтгаалж ганц, хоёр суудал ирвэл 37-38 суудалтай болж ИЗНН-тэй хамт­ран Засгийн газраа авч үлдэх бололцоотой. Шүүхийн шийдвэр ашигтай гарвал гурван ч суудал ороод ирэх боломж бий. Тэгвэл 39 суудалтай болж, ИЗНН ч хэрэггүй болох юм. М.Энхсайхан “Н.Энхбаярыг хэлмэгдсэн гэж хэлж чадахгүй, эвсэл задарсан ч МҮАН Засгийн газарт үлдэнэ” гэж ярилцлага өгөөд энэ төлөвлөгөө хэрэгжих боломж хадгалагдсаар байлаа, саяхан болтол. Гэтэл МАХН түрүүлж хөдлөн Ц.Цолмонг аваад явчихав. Төлөвлөгөө аюулд орлоо. Ардчилсан нам МАХН-аас гишүүн уургалсан ч чадна л даа, гэхдээ хуулиараа болохгүй. Харин МАХН, МҮАН нэг эвсэл болж орсон учир болоод байгаа бололтой. Ийм л учраас Э.Батшугарын суудал АН-д хэт үнэтэй санагджээ. Тийм л учраас Н.Золжаргалыг “доош нь хийн” байж Монголбанкны дэд ерөнхийлөгчөөр томилсон байна. Уг нь бол Цэц СЕХ-ны дүгнэлтийг батлахад л Э.Батшугар хэн ч биш болох байсан. Гэвч Н.Энхбаяр /эсвэл О.Цолмон/ намд байр сууриа одоохондоо алдчихаагүй байгаа аж. Тиймээс Э.Батшугар цагаа олсон шантааж хийсэн бололтой.

Э.Батшугарын оронд хэн байх вэ

   
Гишүүний түр үнэмлэхээ ав­чихсан Ц.Оюунбаатар одоо л нэг жинхлэх бололтой. Түү­нийг нам бус гэдэг ч ардчилалд элэг­тэй нэгэн гэх юм билээ. СЕХ түүнийг МҮАН-ын ч, МАХН-ын ч гишүүн биш хэ­мээн жагсаалтаас хасахаар са­наар­хаж байсан. Ингэвэл Бат­лан хамгаалахын сайд асан Ж.Бат­баяр гэх эрхэм УИХ-д суух байв. Энэ нь СЕХ-ны дарга Н.Лув­санжав өөрчлөгдөх нэг шалт­гаан байж болох юм. Ин­гэс­нээр Ц.Оюунбаатарт МАХН-ыг бүлэгтэй болгож чадах, АН-ын хэт ирээдүйн төлвлөгөөний нэг хэсэг болох эрх бүрдлээ. Ша­тарт морь л ямар ч бодод хааг­дал­гүй давж, хувилбар гаргаж нүүх эрхтэй байдаг. Тэгвэл Ц.Оюунбаатар гэгч эрхэмд яг тийм эрх олгогдоод байна, яг одоо. Мань хүн ч шийдвэрээ аль хэдийнэ гар­гачихаа биз дээ.

Х.БАТСАЙХАН
 Эх сурвалж: "Монголын мэдээ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж