Хуучирсан мэдээ: 2012.10.09-нд нийтлэгдсэн

Ардчиллын алтан хараацайнуудын түүчээ С.Зориг бусдын гарт хөнөөгдсөнөөс хойш 14 жил өнгөрөв. Өнгөрсөн өдрүүдэд түүний тухай хэвлэлүүд нэлээд дурсав. Хүний хорвоод амьд мэнд байсан бол яг 50 настай идэрхэн эр явах байлаа. Түүний хөшөөнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд С.Зоригтой хамт ардчиллыг эхлүүлэн хөхөө өвлийн хүйтэнд жиндэж жагсч явсан партизанууд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэв. Ингээд л дараа жилийн хавар, дөрөвдүгээр сарын 20, С.Зоригийн төрсөн өдөр хүртэл тэр эгэл намхан хөшөө мартагдана. Хэдэн жилийн өмнө ядаж С.Зоригийн төрсөн, хорвоог орхисон хоёр өдрөөр хэн түүнийг егүүтгэв гэсэн яриа өрнөдөгсөн. Түүний цаг руугаа заасан зургийг хэвлэл болгон тавьж хөнөөгдсөнөөс нь хойш хэдэн цаг, хэдэн хоног, сар, жил өнгөрч байгааг тоолдог байлаа. Харин одоо ёсыг бодож хөшөөнд цэцэг өргөөд л тэр тухай мартагнадаг болох нь. Гэхдээ энэ жилийн хувьд хэд хэдэн хэвлэлд С.Зориг агсаныг ардчилагчид хөнөөсөн гэх аястай нийтлэл, ярилцлага гарсан нь сонгуультай жилийн онцлог биз. Сонгууль бүрийн өмнө түүний харамсалтай үхлээр шоу хийдэг нь Ардчилсан намын өрсөлдөгчдийн гэм биш зан болсон. Энэ удаа ч мөн давтагдах хандлагатай байгаа учир түүх сөхлөө.

Ингэхэд С.Зоригийг ардчилагчид хөнөөсөн үү. Үгүй гэж баттай хэлж болно. С.Зоригийг ардчилагчид хөнөөгөөгүй, тэгвэл яагаад?

Наад захын тоймтой хэдэн жишээг авч үзье. С.Зоригийг ардчилсан хүчин анх удаа төр, засгийг барьж байх үед, 1998 оны аравдугаар сарын 2-ны үдэш гэрт нь хөнөөсөн. Тухайн үед Ерөнхий сайдад нэр дэвшүүлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авчихаад  байсан хүнээ хариугүй Засгийн газрын тэргүүн болох гэж байхад нь захиалагч явуулаад гэрт нь хөнөөлгөхийн ашиг ардчилагчдад юу байв. Тэртэй тэргүй ээлжлээд төр, засгаа бариад явах нь ойлгомжтой хойно хэн нь хэнийгээ замаасаа зайлуулах ёстой гэж. Ардчилагчид бие биедээ тийм хорсолтой, дээр суухаас нь өмнө  амжиж зайлуулна гэж бие биеийнхээ амийг хороох хонзонтой байсан юм бол Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, хотын мэр Э.Бат-Үүл, урьд өмнө Ерөнхий сайд байсан хүмүүс, өнөөдрийн Засгийн тэргүүн Н.Алтанхуяг ч өдгөө мэнд явах байсан гэж үү. Бүгдээрээ л нэг үеийн шижигнэсэн залуус, хэн нь ч хэн болж чадах ид үедээ явсан бус уу.

Эрэгтэй, эмэгтэй хоёр алуурчин С.Зориг агсныг 16 удаа хутгалж хөнөөх үедээ бие биеэ “Батаа, Оюунаа” гэж дуудсан юм гэнэ лээ. Бас “Дараагийнх нь Э.Бат-Үүл” гэсэн гэдэг бил үү. Үүнээс болж Монголын Бат, Оюун гэсэн үг орсон нэртэй насанд хүрсэн бараг бүх хүнийг сэжиглэж, үснийх нь дээжийг авсан дуулдсан. Мэдээж ардчиллын Батаа, Оюунаа нар толгой дараалан шахуу цагдаагийн хараанд өртсөн байх шүү. Сэжигтэн гараагүй ээ. Бас аллага гардгийн маргааш Э.Бат-Үүл “МАХН С.Зоригийг хөнөөгөөгүй” гэсэн. Энэ нь улс төрийн намуудын хүрээнд, улс төрийн зорилго байгаагүй гэдгийг хэлсэн үг биш гэж үү.

С.Зоригийн хэрэгтнийг “илрүүлэх” ажлыг тэр даруйд нь УИХ дотроос эхлүүлсэн. Казиногийн хуулийг С.Зориг агсныг амьд ахуй үед парламентаар эхлэн хэлэлцэж 1999 оны нэгдүгээр сард баталсныг үүний ивээс болгосон. УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан С.Батчулуун нар түүний золиос болж ял эдлэв. Болоогүй, тэдний хоёр нь Бат гэдэг нэртэй. “Казиногийн хэрэг” гэгчээр өөнтөглөн тэднийг шоронд хорьсон нь цаагуураа С.Зоригийг егүүтгэсэн хэргийн золигт гаргах гэсэн нэг сэжим байсан гэдэг юм. С.Зоригийн хэрэгт ардчилагчдыг орооцолдуулах гэсэндээ гурван гишүүнд ял оноож, өлгөөд авах юм олдохгүй болохоор нь баталсан Казиногийн хуулиар нь барьцаалж, эцэс сүүлд нь УИХ-ын гишүүн болохосоо өмнө эрхэлж байсан компани нь татвараас зугтсан гэх мэтийн хэрэг нялзааж ял оноож шоронд хорьсон. Ёстой ичсэн нүүрэндээ л үүсгэсэн хэрэг л дээ.

Тэрнээс биш казино байгуулахаар Макао хавиас нэг тэрбум төгрөг Монголд оруулж, түүгээр нь олгож чадахгүй удаад байсан хөгшдийн тэтгэвэр, төсвийнхний цалинг нөхсөн, нэг ч хохирогчгүй тийм л хэрэгт гишүүдийг унагаад өнгөрсөн. Улсын жилийн төсөв хэдэн зуун сая төгрөгөөр яригддаг байсан цагт тэрбум төгрөг хэдий хэр хөрөнгө болох нь ойлгомжтой.

Тухайн үеийн МАХН-ынхан УИХ-ын 2000 оны сонгуульд энэ сэдвийг овжин ашигласан. “МАХН сонгуульд ялбал С.Зоригийг хөнөөсөн этгээдийг нэн даруй олж шонд өлгөж шоронд хатаана. Алуурчин нь гарцаагүй ардчилагчид дунд байгаа” гэсэн PR С.Зоригийг хөнөөсөн этгээдийг олохын түүс болж, хэрэг ч шинэхэн дээрээ байсан үед монголчуудын саналыг хуу хамж, ардчилагчид ганц суудалтай хоцрон МАХН-ыг парламентад үнэмлэхүй олонхи болгосон. Ам өгсөн хурандаа Д.Мөрөн УИХ-д дөрвөн жил суухдаа С.Зоригийн хэргийг сөхөж асуусан сэтгүүлч бүрээс дөлсөөр бүрэн эрхийн хугацаагаа дуусгаж чих амарсан.

Үнэхээр ардчилагчид журмын нөхрийнхөө аминд хүрсэн бол МАХН дангаараа засаг, төрийг атгасан тэр дөрвөн жилд олж илрүүлээд жинхнээс нь шоронд хатааж болох байлаа. МАХН амлалтаа биелүүлэх гэж бас хичээсэн. Алуурчин, захиалагчийг үнэн зөвөөр хэлсэн хүнийг 500 сая төгрөгөөр шагнахаар Засгийн газраас амлав. Тэр үеийн 500 сая төгрөг өдгөөгийн ханшаар тэрбум төгрөгт өлхөн дөхнө.

Олон улсын Парламентын холбоо жилд хоёр удаа С.Зоригийн хэргийг авч хэлэлцэн тус холбооны Хүний эрхийн хорооноос хэд хэдэн ч удаа ажлын хэсэг Монголд ирүүлэв. Олон улсын нэртэй сайн шинжээчид хэдэнтээ ирж Монголын шүүх, цагдаагийнхантай хамтарч ажиллахаар болж байв. УИХ-ын 2000-2004 оны бүрэн эрх өндөрлөв. Ардчилагчдыг толгой дараалан байцаагаад С.Зоригийн хэрэгтнийг олоод, олны өмнө чирээд гаргаад ирнэ гэсэн ах намын амлалт бүтсэнгүй. Үнэхээр ардчилагчид дунд гэмтэн байсан бол хэрэг халуун дээрээ байсан тэр дөрвөн жилд гараад ирэх байсан биш үү.

Францаас Д.Энхбатыг / Бат гэсэн нэр орсон/ 2003 онд Герман, ОХУ-ыг дамжуулан хулгайлж авчрав. Хүний амины гарз гарснаас өөр ашиг олоогүй. Д.Энхбатыг баривчилж ирэх ажлыг удирдсан гэх Б.Хурц Английн шоронд жил суугаад ирсэн нь тэр түүхтэй холбоотой.

Өөр нэг Бат болох “Ард” хочит н.Батсүхийг АНУ-аас сэжиглэн барьж ирээд дээд сургуулийн хуурамч дипломтой байсныг нь “илрүүлээд” төгсгөл болсон.

УИХ-ын 2000 оны сонгуулиас хойш МАХН буюу МАН засаг, төрийг байнга барьсаар 2012 онтой золгосон. С.Зоригийн хэргийг илрүүлбэл илрүүлэхээр их хугацааны ард гарав. Ардчилагчид дунд С.Зоригийг хөнөөсөн хэргийн захилагч, гүйцэтгэгч байсан бол хэдэнтээ баригдаж, хэдэнтээ яллагдсан байх биз. Гүйцэтгэх ажлыг хангалттай явуулах цаг хугацаа өнгөрч бүхэл бүтэн 14 жил ард хоцорлоо. Тэгэхээр хариу нь С.Зоригийг ардчилагчид хөнөөгөөгүй. Байсан сан бол аль хэдийнэ “шонд өлгөчих” байсан билээ, сөрөг хүчин нь дангаараа эрх барьж байсан он жилүүдэд.

Ард түмний сэтгэлийг эмзэглүүлдэг энэ сэдвийг сонгууль болохоор л оролдоод эхэлдэг нь ардын намын зуршил болж. Харин хэдэн хүн үнэмшдэгийг нь хэлэхэд хэцүү юм.  

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж