Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Намуудын намар

Улс төрийн намууд намаржаалж, сонгуулийн дараа түр амсхийн тарга тэвээргээ аваад байна. Наадмаас хойш албан тушаалын холбироон, айраг, найрын явдал ундарч намуудын зоон дээр овоо өөх тогтсон дог. Орон нутгийн сонгууль хүртэл сар хагасын зай бий гээд бодохоор отор нүүдэл хийж, бэлчээр сорлох цаг бас байнаа байна, намуудад.

Гэхдээ өөхөн бөмбий намуудын үүр уурхай дотор гаднах шигээ амгалан уу гэвэл үгүй. Ач тач тэмцэлдээн, нааш цааш нүүдэл суудал, араас зоох хутга, урдаас тосох нударга гээд улс төрд байдаг бүхэн буцалж буй. Ингээд улс төрийн намуудын намар ямар байгааг товч харъя.

Ардчилсан нам

Ардчиллынхан 1996-2000 онд төр, засгийн эрх атгаж байснаасаа хойш дахин дангаараа засаг барьж байсангүй. Харин УИХ-ын 2012 оны сонгуулиар парламентад олон суудал авч МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН гээд цоохор бүрэлдэхүүнтэйгээр хамтарсан шинэчлэлийн Засгийн газрыг байгуулаад байна. Нэг онцлог нь анх удаа ардчилсан хүчнийхэн Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гээд төрийн гурван өндөрлөгт гурвууланд нь суусан. Бас нийслэлд анх удаа ялалт байгуулав. Гэм нь сонгуулиар дангаараа засаг байгуулах бололцоо гараагүй.

Улс орны хамаг эрх ашиг, бас эрх мэдэл АН-ын толгой дээр буусан болохоор өрх толгойлохын жаргалаас илүү зовлонг мэдэрч яваа. Өмнөх жилийн төсвийг гүйцэтгэхэд тэрбум гаруй төгрөг сох дутчихсан, хүний хөгжлийн 21 мянган төгрөгөө гүйцээж аваагүй гэсэн гомдол, хүсэлт дарчихсан, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд 340 мянган төгрөгөө бүлтийтэл харчихсан. Ядахдаа мөнгө хойшлох тусам өдөр хоног өнгөрч, нөгөө мөнгөө хүлээсэн ахмадуудаас цөөн бөөрөөрөө тэнгэрт халиад байдаг. Цэцэрлэггүй жаалууд, хичээлийн танхимдаа шахцалдах багачууд, зөвшөөрөлгүй барилгууд, явган хүний замгүй нийслэл, дээрээс унах төмөр, дэргэдээс дайрах машин, дор онгойх таггүй траншей, харанхуй гэр хороолол гээд тоолох аргагүй бэрхшээл ардчилагчдыг хүлээж байдаг. Засгаа байгуулсан цагаасаа энэ бүхнийг зохицуулахаар ардчилагчид амралтын өдөргүй зүтгэж байна.

Сөрөг хүчин байж тэмцэж сурсан, хамтарч засаг барьсан ч өрхийн тэргүүн айлынх болохоор хажуу бөөрөнд дулаахан явж ирсэн ардчилагчид өдгөө өрх тэргүүлж улс гэрээ тохинуулах гэдгийг 12 жилийн дараа дахин үзэж байна. Нэг гэм нь дур зоргоороо хүүхдүүд нь бужигнаж, ширээ сандлаа хэмхэлчихсэн зуун задгай жаран хагархай өрх гэр хүлээж авсан болохоор түүндээ улайрч байгаад орон нутгийн сонгуулиа мартах вий дээ.

Айлын хүүхдүүд өрсөөд сонгуульдаа бэлдээд байгаа дуулдана. АН-ынхан өмнөх ажилдаа улайраад сонгуулиа анзаарахгүй явж байгаад 1996 оны явдлаа давтвал яана. Тэр жил сонгуульд ялсандаа хэтэрхий баярлаад орон нутгийн сонгуулиа хаяж байж ялагдаад толгойтой ч хөлгүй, хазааргүй ч чөдөртэй хоцорсон юмдаг. Юм хийх гэж толгой сэтгэвч хөл тушаатай болохоор дороо дэгсээр, толгойгүй ч хөлтэй цөөнхийн 25 гишүүнд хав дөрвөлжин атгуулсаар эрх барьсан дөрвөн жилээ гурван Засгийн газрын гарзтай алдсанаа АН-ынхан лав мартаагүй биз ээ.

Монгол Ардын нам

Ардын хувьсгал ялсан 1921 оноос хойш дөрөвхөн жил төрөөс “завсарлага” авсан МАН-ынхан 2012 оны сонгуульд дахин ялагдал хүлээж мордохын хазгай болоод буй. Ядаж байхад өөрсдийнхөө санаачилсан хуульд өөрсдөө ороогдож, УИХ-ын дарга сонгосноос хойш 24 цагийн дотор парламентад намын бүлэг байгуулах хуулийн заалтыг зөрчсөний балгаар бүлэггүй сул гишүүд болчихоод байгаа. Үндсэн хуулийн Цэцэд УИХ-ын даргыг хууль бусаар сонголоо гэж гомдол мэдүүлээд тусыг эс олов. Цөөнх байх ямар гашуун байдгийг, олонхи үнэхээр чадаж байгаа юманд аргагүй гэдгийг харуулж буйг МАН-ынхан мэдэрч сууна.

Гэхдээ тэд гаднаа гашуудсан царайтай ч дотроо бол орон нутгийн сонгуулиар даагаа нэхэхээр аль хэдийнэ хазаар ногтоо ганзгалчихаад сууж байгаа. МАН-ын удирдлага өнгөрсөн хугацаанд хөрснөөсөө тасарч “тэнгэрийн амьтан” болчихоод хөвж явсныхаа горыг УИХ-ын сонгуулиар үзсэн. Одоо цаадуул чинь газарт бууж явгалчихаад айл болгоноор орж мөлхөө сурталчилгаа хийгээд эхэлчихэж. Үгүй ядахдаа орон нутагт нэр дэвшигчдээ жирийн гишүүд дундаасаа тодруулсан гэж байна. Айл айлаар орж ахаа, эгчээ, ахай, ижий болж УИХ-ын сонгуульд алдсан алдаагаа нөхөхөөр маш хүчтэй гарч ирэх гэж байна. УИХ-ын дахин санал хураалтыг ч тооцоолчихсон яваа. Баянзүрхэд тэртэй тэргүй МАН гарна. Харин Сонгинохайрханд Сумъяабазар аваргынхаа дээлийн захыг эцээхэн мушгичих санаа бас бий. Нэгийг нэмбэл нэмэр, хоёрыг нэмбэл хожил гэж тэр хоёр дээр Өвөрхангайн хоёр суудлыг чангааж хүчний харьцааг АН-тай ойртуулахын төлөө МАН одоо зүтгэнэ.

“Шударга ёс” эвсэл

Ёстой таардаггүй эр, эм хоёрыг хүчээр богтлоод нэг гэрт оруулчихсан мэт юм өдгөө эвсэл дотор болж байгаа. Уг нь УИХ-ын сонгуульд орохын өмнө тэд сайхан зантай байсан юм. “Ялчих юм бол нэгдэнэ шүү” гэж хошуу, хүзүү холбоод л. МАХН-ын дарга Н.Энхбаярын хамаг нэр төр, амь насан дээр хамтарч дөрөөлж УИХ-ын сонгуульд тэд орсон. Ерөөсөө л ганцхан тэр хүн дээр тэдний амин сүнс тогтож байв. Бас МАН-ын голоод орхисон МАХН гэдэг нэр. Тэрнээс биш МҮАН гэдэг нэр аль эрт түүхийн архивт орчихсон. Дээр нь сонгуулийн маш сайн менежер, ардчилагчдыг 1996 оны УИХ-ын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 оны сонгуульд ялуулсан М.Энхсайхан сонгуулийн штабыг удирдсан явдал амжилтад хүргэсэн.

Сонгуулийн үр дүнд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл 11 суудал авсан. Гол имиж болсон МАХН тав, дагаар орсон МҮАН зургаан суудлын эзэн болов. Эвсэл Засгийн газарт АН-ын урилгаар орлоо. Урилгаар ч гэж анхлан хамтаръя гэж санал гаргасан нь “Шударга ёс” эвсэл л дээ. Засгийн газрын танхимын суудлын 25 хувийг эвсэлд оноов. Эвсэл дотроо мөнөөх 25 хувиа 70:30-аар хувааж МАХН 70 хувь, МҮАН 30 хувийг бүрдүүлэхээр болсон. Чухам энэ хуваарилалт одоо хоёр намын дундах хэрүүлийн алим болчихоод буй. МҮАН-ынхан албан тушаалыг хоёр нам адилхан 50:50 хувиар эзлэх ёстой гэж хэлдэг. Саяхан МҮАН-ын квотоор, тэр намын жагсаалтад багтаж УИХ-д суусан, бас МҮАН-ын нэр дээр байнгын хорооны дарга болсон Ц.Цолмон МАХН-д элссэн нь эвслийн дотоод байдлыг таагүйтүүлээд буй. Ц.Цолмон гишүүнээс болж хүчний олонх МАХН руу шилжив.

Орон нутгийн сонгуульд энэ хоёр нам сонин байдлаар оролцохоор болсон. Хөдөө орон нутагт зарим газраа МАХН үнэмлэхүй олонх, зарим газраа МҮАН олон байгаа гэдэг. Хэрэг дээрээ МҮАН орон нутагт хөлтэй гэдэг бараг худлаа. МАХН бол илүү нь үнэн. Орон нутагт зарим газар МАХН-ИЗНН хамтарч “Иргэний шударга ёс” эвсэл, заримд нь МАХН-МҮАН эвсдгээрээ эвсч “Шударга ёс” эвсэл байгуулан орно. Засгийн газрыг хамтарч байгуулсан субъектууд орон нутаг, ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэг субъект болж орно гэдгээ мэдэгдсэн тул аль аль нь байж болох хувилбар.

Харин үүнээс үүдэж, аль нь хаана хэдэн суудал авахаас шалтгаалж МАХН, МҮАН-ын эв эвдрэх үү, бүрмөсөн нэгдэх үү гэдэг шалтгаалж ч болох.

ИЗНН

Энэ удаагийн УИХ-ын бас нэг субъект. Жагсаалтаар орсон хоёрхон гишүүнтэй. Өмнөх амжилтаа 50 хувиар нэмж нэг гишүүнээ нэг дахин өсгөсөн нь энэ. Суудал авч шалихгүй хэрнээ аль ч төрийн нүүрэн дээр Засагт орчихдог азтай нам. Уламжлал ёсоор энэ удаа бас л шинэчлэлийн Засгийн газарт дэлүү болж наалдсан. Байдал эвгүйдвэл эвтэйхэн сүүлээ шарваад л гарчихна. Дараагийн засагт орчихсон явахаа ч ядахгүй. Их л амны хишигтэй нам. Орон нутгийн сонгуульд ч МАХН-тай сугадалцаад орж явчихна. Хишиг хуваалцана. Өөхөн таргаа алдахгүй. Зүдрэхгүй.

Парламент дахь намуудын намрын төрх нэг иймэрхүү байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж