Колумби руу визгүй зорчих асуудлыг шийднэ

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Колумби руу визгүй зорчих асуудлыг шийднэ

Монгол Улстай харилцан визгүй зорчих орны тоог нэмэгдүүлэх, өөрийн орны иргэдийг гадаад улс оронд зорчих явдлыг хөнгөвчлөх, энэ чиглэлийн гэрээ хэлэлцээг өргөжүүлэх нь Шинэчлэлийн Засгийн газрын баримталж буй тэргүүлэх чиглэлийн нэг юм. Уг зорилтын хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Колумби Улсын хооронд харилцан визгүй зорчих асуудлаар яриа хэлэлцээ хийгдэж эхэллээ.

Гадаад харилцааны дэд сайд Д.Ганхуяг манай оронд ажлын айлчлал хийж буй Бүгд Найрамдах Колумби Улсын ГХЯ-ны Олон талт асуудал эрхэлсэн дэд сайд хатагтай Патти Лондоньо Херамильо тэргүүтэй төлөөлөгчдийг өнгөрөгч ням гаригт ГХЯ-нд хүлээн авч уулзах үеэрээ  энэ асуудлыг хөндсөн бөгөөд дэд сайд нар дипломат болон албан паспорттай иргэд 30 хүртэлх хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих Хэлэлцээрийн төслийг үзэглэлээ.  

Ирэх 2013 онд тохиох хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ойн өмнө энэхүү асуудал эцэслэн шийдэгдэнэ гэдэгт хоёр тал итгэлтэй байгаагаа энэ үеэр онцлоод өөрсдийн зүгээс шалтгаалах алхмыг хэрэгжүүлнэ гэдгээ харилцан мэдэгджээ. Мөн Монгол, Колумби хоёр орны худалдаа, уул уурхайн салбарт хамтран ажиллах өргөн боломж буй гэдэгт талууд санал нэгтэй байлаа.

Монгол Улс одоогоор 33 оронтой тодорхой хугацаанд визгүй зорчих хэлэлцээр байгуулан хэрэгжүүлж буй ажээ.

Т.МАША

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж