Р.Гончигдорж Богд ууланд 45 га газартай

Хуучирсан мэдээ: 2012.10.10-нд нийтлэгдсэн

Р.Гончигдорж Богд ууланд 45 га газартай

Богд уулаар явж үзэхэд аль ч ам нь дархлагдсан гэж хэлэх аргагүй болжээ. Энэ уулыг хамгаалдаг Богд хан уулын дархан газрын хамгаалалтын захиргаа гэж бий.

Богд хан уулын ам бүрт ой хамгаалагч ажилладаг. Хэдэн зууны өмнөөс дархлагдсан гэж сайрхах уул маань бодит амьдрал дээр бэлтэй мөнгөтэй улсын хувийн эдлэн болчихжээ. Нүхтийн амнаас эхлээд үнэтэй хаусууд, жуулчны баазууд баригдсаныг бид харж байгаа. Богд хан ууланд огт хөндөгдөөгүй онгон төрхөөрөө үлдсэн нь Шажин хурах гэж ганц сайхан ам бий.

Энэ аманд жилийн жилд оюутнууд ургамал судлалын дадлага хийх, хаа нэг хувь хүмүүс хадлан авахаас хэтэрдэггүй байсан. Хүмүүс Шажин хурахын ам хэвээр үлдлээ гэж олзуурхан ярьдаг. Саяхан тус аманд ой хамгаалагчаар ажилладаг нэгнээс сонсоход тийм биш ажээ. Гандантэгчинлин хийдийн авсан багахан газар бий гэнэ. Мөн хоёр жилийн өмнөөс УИХ-ын гишүүн Р.Гончигдорж энэ аманд 45 га газар авчээ. Тиймээс хүмүүс сонирхож ирдэггүй гэнэ билээ. Ядарсан нэг нь түлшинд хэрэглэхээр унасан мөчир гишүү түүх гэж яваад хөөгдөн гуйж гувшиж ядаж явахад эрх дархтнууд өөрөөр ханддаг жишээ эндээс харагдлаа. Улсдаа ардчиллыг авчралцаж Улсын Бага хурлын даргаас УИХ-ын даргын өндөр сэнтийд заларч байгаль хамгаалахаас эхлээд олон хуулийг нь батлан алх тогшиж, гарын үсгээ зурж ирсэн эрхэм маань сэмхэн ар хударгаар нь яаж зүгээр хоцрох вэ гэсэн шиг Хан уулын зүүн хормойд Шажин хурахын аманд хэтийг харж хэдэн жилийн өмнөөс газар авсан нь ийнхүү илрэв. УИХ-ын сонгуулийн өмнө эрхэм гишүүн Авлигатай тэмцэх газарт өгсөн хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ гэр бүлийн гишүүдийн нийт орлого 28 сая төгрөг, хоёр орон сууцтай, “Ланд круизер” болон “Ниссан экстрель” машинтай, хадгаламжиндаа 44 сая төгрөгтэй, нэгийн зэрэг барилга байгууламжтай гэж мэдүүлсэн байгаа юм. Мөн цааш нь “Туул кашмер” компанийн 15 хувь буюу 18450 ширхэг хувьцаа эзэмшдэг гэснээс биш Богд уулан дахь газраа дурдаагүй байна. Баттай эх сурвалжийн мэдээлж байгаагаар Р.Гончигдорж гишүүн дархан ууланд хамгийн том газар эзэмшигчээр тодорч буй бололтой. Түүнийг дархан уулын хамгаалалтын бүст энэ том газар юу босгохыг харах л үлдлээ.

Н.СҮРЭН
ЭХ СУРВАЛЖ: "ӨДРИЙН ШУУДАН" СОНИН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж