Хүнс үйлдвэрлэгчдээс гомдол иржээ

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Хүнс үйлдвэрлэгчдээс гомдол иржээ

МҮХАҮТ-ын дэргэдэх Жижиглэн худалдаа эрхлэгчдийн зөвлөлд зарим байгууллагаас  бизнесийн үй ажиллагаатай холбоотой гомдол иржээ. Тодруулбал, Нийслэлийн авто замын ачааллыг багасгах зорилгоор хэрэгжүүлээд буй авто машины дугаар хязгаарлалттай холбоотойгоор иргэд шинэ хүнс хэрэглэж чадахгүй байна гэсэн гомдол ирсэн байна. Нөгөө талаараа үйлдвэрлэгч нар бэлэн бүтээгдэхүүнээ өдөр, өдөрт нь иргэдэд хүргэх боломжгүй болж байгаа гэнэ. Учир нь хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниуд том, жижгээсээ хамаарахгүйгээр түгээлтийн  машин дугаар хязгаарлалтын улмаас явж чадахгүй байгаа юм. Ингэснээр жишээ нь, гурван машинтай үйлдвэр гэхэд нэг машин нь явахгүй таг зогсоход үйлдвэрийнх нь үйл ажиллагаанд маш эмзэг тусдаг юм байна. Томоохон компаниуд ч гэсэн тодорхой хэмжээний алдагдал амсч буй гэнэ. Зөвхөн түгээлтийн машин үүнд нэрвэгдэхгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэлд хэрэгтэй түүхий эдээ цуглуулах гэсэн машин ч өртөж байгаа аж. Ингэснээр худалдаа, борлуулалтын ажилд саад учрахаас гадна үйлдвэрлэлийн эхний дамжлагад сөргөөр нөлөөлж байгаа тухай аж ахуй нэгжүүд учирласан байна.

Ийнхүү дугаарын хязгаарлалт хийснээр өдөрт дунджаар 60 мянган машин замын хөдөлгөөнд оролцохгүй байгаагийн 3-4 хувь нь уг хүнсний үйлдвэрүүдийн машин юм байна. Тиймээс  дугаарын хязгаарлалттай холбоотой НИТХ-ын тогтоолд аж ахуйн нэгж, үйлдвэрийн газруудын түгээлт, тээвэрлэлт, хүргэлтийн автомашинуудыг хамруулах шаардлагатай байгаа тухай санал МҮХАҮТ-д иржээ.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж