Боловсролын салбарын төсвөөр мэтгэлцэж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.11-нд нийтлэгдсэн

Боловсролын салбарын төсвөөр мэтгэлцэж байна

УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2013 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2013 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2013 оны төсвийн тухай хуулийн төслүүдээр гишүүдийн асуулт хариулт үргэлжилж байна.

Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаяр одоо 14 хувьтай байгаа инфляцийг ирэх жил найман хувь хүртэл буулгаж чадна гээд 40-50 сая толгой малтай Монгол Улс махны үнийн өсөлтөөс болж инфляцаа хөөрөгдөөд байж таарахгүй гэлээ. Гишүүн С.Бямбацогт алслагдсан болон говийн бүсийн нэмэгдлийн асуудлыг хөндөж байсан юм. Энэ талаар судалж тодорхой шийдвэр гаргах юм байна.

МАН-ын гишүүд хямралаас сэргийлэх үүднээс ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэл сар бүр 21 мянган төгрөг олгох санал гаргаж байсан юм. Үүнд Ерөнхий сайд “Үүнийг өгөхгүй гэж цааргалж байгаа юм биш. Шаардлагагүй гээгүй. Санаа байвч сачий хүрэхгүй байна. Хоосон сантай болоод байна. Иргэдийн Тавантолгойн 1072 хувьцааг аж ахуйн нэгжүүдэд худалдаж нэг сая төгрөгийг өгье гэсэн. Гэвч мөнгө бага цугларч байна. Эхлээд Тавантолгойгоо хөдөлгөе. Тэгээд асуудлыг шийдье” гэсэн хариу өглөө.

Зарим хүн Засгийн газар хагас сайнд ажилладаг болсныг шүүмжилж, үүнээс болж эхнэрийнхээ царайг харж чадахаа больсон хэмээн твиттерээр шүүмжилжээ. Ерөнхий сайд энэ талаар “Хагас сайнд зөвхөн сайд нар л хуралдаж байгаа. Бүхэл яамаараа ажилладаггүй. Хэн нэгний эхнэр, нөхөр Засгийн газрын хуралд оролцох боллоо гэхэд 30-40 минутаас хэтэрдэггүй. Тэгээд ч манай хурал өдөр тарчихдаг” гэж байв.

Л.Гантөмөр сайд боловсролын салбарын тулгамдсан асуудлаас ярилаа. Боловсролын салбар 79 мянган ажилтантай. Тэдний 5000 нь ирэх жилээс тэтгэвэрт гарна. Тэтгэвэрт гарах багш бүрт 36 сарын хөдөлмөрийн хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж олгох юм байна. Энд 50 тэрбум төгрөг хэрэгтэй. Үүн дээр хөдөөгийн нэмэгдэл орвол 150 тэрбум  төгрөг болох юм байна. Үүнийг төсөв даахад хэцүү. Бас хамгийн их туршлага мэдлэгтэй 5000 багшийг тэтгэвэрт гаргачихаар 5000 шинэ багш хэрэгтэй. Түүнийг нөхөхөд хэцүү. Иймээс жилд 1000 багш тэтгэвэрт гаргах байдлаар ажилламаар байна гэлээ. Өмнөх УИХ-ын үед тэтгэвэрт гарах багш нарыг ийнхүү урамшуулахаар болсон юм. Энэ нь өнөөдөр ийм асуудал үүсгэжээ. Ерөнхий сайд “Тэртэй тэргүй тэтгэвэрт гарч байгаа төрийн албаныханд 18 сарын цалинтай тэмцэх тэтгэмж олгодог. Тийм байхад багш нарыг онцгойлсон. Эмч, төрийн бусад албан хаагчид барьцвал яах юм” гэж байлаа. Харин Ё.Отгонбаяр гишүүн үүнээс өөр саналтай байсан юм. Тэрбээр “Багш бол хүүхдэд эрдэм боловсрол олгодог хүмүүс. Дөчин жил хөдөө орон нутагт багшилсан хүмүүсийг тэтгэвэрт гарахад нь “явах хүнд мөнгө хэрэггүй” гэж болохгүй” гэлээ. Боловсролын салбарын цалингийн сан 370 тэрбум төгрөг. Үүн дээр тэтгэвэрт гарах багш нарын 50 тэрбум, хөдөөгийн нэмэгдэлтэйгээ 150 тэрбум  төгрөгийг нэмэх хэрэгтэй болжээ. Анхлан хууль батлуулсан гишүүд гурван тэрбум гаруй төгрөг л тэтгэвэрт гарах багш нарт хэрэгтэй гэж байсан. Хэрэг дээрээ 50 тэрбум болсон байна. Ийнхүү үдээс хойших төсвийн хэлэлцүүлэг боловсролын салбарыг тойрсон мэтгэлцээнээр үргэлжилж байна.

                                    Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж