Чанаргүй зээл багасчээ

Хуучирсан мэдээ: 2012.10.13-нд нийтлэгдсэн

Чанаргүй зээл багасчээ

Сар бүр статистикчид улсынхаа нийгэм эдийн засгийг мэдээлдэг ёсоор өчигдөр хэвлэлийн бага хурлаа хийсэн талаар бид мэдээлсэн. Тэгвэл одоо эдийн засгийн мэдээлэл юу агуулж байгааг хамтдаа харцгаая.

Банкируудын хамгийн том айдас болох чанаргүй зээл эхний есөн сарын байдлаар 10 гаруй хувиар буурсан байна. Уул уурхайн салбар тийш шуурах болсон өнөө цаг үед бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд хөрөнгө татан төвлөрүүлэх шаардлагатай болж буй. Томоохон компанийн хувьд, хамтран ажиллагч түнш, цаашлаад гадныхантай холбоо тогтоох боломжтой байдаг гэдэг. Харин жижиг аж ахуй нэгж хөрөнгө татахын тулд банкинд хандахаас өөр арга үгүй. Ийнхүү нийгэмд далд боловч нийтлэг үзэгдэл болсон  банкнаас зээл авахын тулд хуурамч барьцаа бий болгох, бусдын хөрөнгийг зохион байгуулалттайгаар ашиглах аргаар зээлийн зөрчил үүсдэг байна. Тодорхой нэг жишээ бол, хадгаламж дахь баталгаа хөрөнгийг авч үзэхэд, хангалттай санхүүгийн барьцаа хөрөнгөгүй ч хэн нэгний их хэмжээний мөнгийн дансандаа нэг өдөр байршуулдаг гэх. Үүний тулд нэг өдрийн гүйлгээг зээлийн мэргэжилтнүүд мэдээж хүлээж авахгүй. Тиймээс арга замаа нэлээн нарийсгаж, дансан дахь орлого, зарлаг арвинтай хадгаламжийн дэвтрийг ашигладаг зөрчлийг банкныхан ч мэддэг юм байна. Үүгээр зээлээ бүтээсэн бизнесмэнүүд багагүй бий гэдэг. Тиймээс л банкны салбарт гажуудал үүсч, нэг нэгнийгээ хууран мэхлэх явдал ихэсч, банкирууд чанаргүй зээл гаргасан бол тэрнээсээ илүү асуудалд өртдөг байна. Ийнхүү уул уурхайгаас орж ирэх төслийн хөрөнгө, бүтээн байгуулалт хийхэд хэрэгцээтэй тоног төхөөрөмжөө гаднаас худалдан авах гээд багагүй хөрөнгийн урсгал бий болсон энэ цаг үе чанаргүй зээл буурсан нь бага ч гэсэн гэгээ татуулах шиг.

Улсын хөгжлийн тулгуур болсон худалдааны салбарын тухайд гэвэл, “өнөөгийн өндөрлөгт хүрээд эргээд нэг харахад…” гэдэг шиг өндөр хөгжилд хүрсэн орнууд  амжилтынхаа дурдатгалыг дотоодын үйлдвэрлэлээ сайтар дэмжсэнийх гэдэг. Монгол Улсын хувьд өнөөхөндөө үйлдвэрлэл сул хэвээр. Дээр дурдсанчлан ядаж тоног төхөөрөмжөө авах хэрэгтэй болж байна. Яг үүнтэй холбогдоод гадаад худалдааны тэнцлийн алдагдал энэ жилийн эхний есөн сарын байдлаар 2014.2 сая ам.доллар гарсан байна. Энэ нь жилийн өмнөхөөс 45.3 хувиар өссөн үзүүлэлт гэнэ. Үүнд импорт жилийн өмнөхөөс 8.7 хувиар нэмэгдэж, экспорт 6.1 хувиар буурсан нь нөлөөлсөн болох тухай албаныхан тайлбарлав. Дэлхийн анхаарлыг татаад буй эх оронд маань өрнөж байгаа уул уурхайн томоохон бүтээн байгуулалт бодит үйлдвэрлэлээ хийн, бэлэн бүтээгдэхүүн гаргаж, ашгаа өгч эхлээгүй бөгөөд одоогоор үүнд хэрэгтэй  тоног төхөөрөмжийг гаднаас худалдаж авсаар байна. Уул уурхайн жинхэнэ ид хав нь дор хаяж 2-4 жилийн дараа гарна гэсэн өнцгөөр эдийн засагчид харж байна. Монгол Улс уул уурхайн салбарын эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлээд эхэлбэл, бүр цаашилбал нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болоход цаашдаа гадаад худалдааны салбарт ашигтай болж эхлэх гэнэ. Тухайлбал, зэсийн ордоос гэхэд тавхан хувийн агууламжтай баяжмал гаргадаг. Өөрөөр хэлбэл, бид хамаг л хар ажлыг нь хийгээд, хамгийн хямд бүтээгдэхүүн л гаргасан хэвээр. Бидний гаргасан анхны бүтээгдэхүүнийг гадаадынхан боловсруулаад, тав дахин үнэтэй болгонгуут, бид өөрсдөө эргээд худалдаж авдаг. Ийм шат дамжлагын дунд бага юм үйлдвэрлэж, их юм худалдаж авсан хэвээр л байна.

У.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж