”Орчлон” сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ

Хуучирсан мэдээ: 2012.10.16-нд нийтлэгдсэн

”Орчлон” сургууль үйл ажиллагаагаа түр зогсоожээ

“Орчлон” дунд сургуулийн 16 сурагчаас нянгийн гаралтай гэдэсний халдварт өвчин илэрсэн. Сурагчдад энэ сарын 10-нд бөөлжих, толгой эргэх, халуурах, гэдэс базлах, гүйлгэх зэрэг ижил шинж тэмдэг илэрсэн бөгөөд гурван сурагч ХӨСҮТ-д хүргэгдсэн юм.

Харин өнөөдөр “Орчлон” дунд сургууль үйл ажиллагаа түр хугацаагаар зогсоосон байна. Энэ талаар НМХГ-ын Соёл, Боловсрол, Спортын хяналтын хэлтсийн дарга Г.Батмөнхөөс тодруулахад “Манай байгууллагаас сургуулийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргаагүй. Шинжилгээний хариу гараагүй байна” гэсэн юм. Юуны учраас сургуулийн үйл ажиллагааг зогсоох болсон тухай “Орчлон” сургуулийн гүйцэтгэх захирал Ц.Жаргалмаагаас тодрууллаа.

-Танайх ямар учраас үйл ажиллагаагаа зогсоосон бэ?
-Манай сургууль эцэг, эхчүүдтэй гэрээ байгуулсан байдаг. Гэрээнд хэрэв сурагчдын ирц 70 хувьд хүрэхгүй бол сургалтын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоохоор тусгасан байдаг. Үүний дагуу эцэг, эхчүүдийн хүсэлтээр үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоогоод байна. Багш нар хэвийн ажиллаж байгаа.

-Хэзээнээс хэвийн хичээллэж эхлэх вэ. Ямар учраас сурагчдын ирц нормдоо хүрэхгүй байна?
-Тав хоногийн хугацаатай түр зогсоосон. Эцэг, эхчүүд сая гарсан халдварын цуурхлаас болж хүүхдүүдийнхээ дархлааг нь дэмжиж, гэрт нь хэд хоног байлгахаар шийдсэн гэсэн.

-Хоолны дээжийн шинжилгээний хариу хэзээ гарах вэ?
-Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын газраас үдийн хоолноос дээж авсан байгаа. Хариу нь гарах болоогүй гэсэн.

Д.ЖАРГАЛСҮРЭН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж