Д.Бямбасүрэн: МАН-ынхан өрөвдөлтэй харагдаж байна

Хуучирсан мэдээ: 2012.10.24-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: МАН-ынхан өрөвдөлтэй харагдаж байна

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнг “Ярилцах танхим”-ынхаа зочноор урьж, ярилцлаа. Өвөрхангайн тойрог, бүлэг байгуулах асуудлаас болж Ардын нам, Ардчилсан намынхан маргалдаж, Ардын намынхан Төрийн ордны дотор, гадна жагссан. Улс төр ийм эгзэгтэй байгаа үед тулхтай ахмад улстөрч, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн яриа сонирхол татах биз ээ.  

-Ардын намынхан энэ парламентад сөрөг хүчний үүргийг гүйцэтгэх ёстой. Гэтэл тойргийн маргаанаас болж, гишүүд нь Төрийн ордон дотор жагсаж, УИХ-ын үйл ажиллагааг гацааж байгааг та юу гэж харж байна вэ?

-Улс төрд олон үйл явдал өрнөж байна. Үүний дотроос хамгийн эмгэнэлтэй, өрөвдөлтэй үйл явдал бол Ардын намынхан Төрийн ордонд суулт хийж, гадаа нь цуглаан зохион байгуулсан явдал. Энэ бүгд УИХ-ын 2012 оны сонгуулийн дараагаас эхэлсэн. Үүнээс үзэхэд бид нэг зүйлийг анхаарч, өргөн хүрээтэй харах хэрэгтэй юм шиг. Монгол оронд ардчилсан хувьсгал үүсээд 22 жил болж байна. Хувьсгал гэдэг бол нийгмийн байгууллыг өөрчлөх үйл явц. Энэ ут-гаараа үүнийг төрүүлж, удирдаж байсан улс төрийн хүчний ноёрхлыг үгүйсгэдэг. Өөрөөр хэлбэл, социалист нийгмийг цогцлоож, түүний үзлийг ний­гэмд тулгаж байсан тэр улс төрийн хүчин улс төрийн амьдралаас зайлах ёстой юм. Зүүн Европын орнуудад ч ийм байдаг.

-Тэгэхээр та тухайн үеийн МАХН улс төрийн амьдралаас гарах ёстой байсан гэж хэлэх гээд байна уу?

-Монголынхоо эв нэгдэл, ахмад үеэ хүндэтгэх сүүн цагаан сэтгэлийг бодоод, хоёр их гүрний дунд хав­чигдсан хүндрэлтэй байдлыг бодолцоод тухайн үед МАХН-ыг үгүйсгээгүй. Ер нь хувьсгалыг зөв­шилцлийн хүчээр хийе гэж 20-иод жил явж ирлээ. Гэхдээ энэ нь МАХН, одоогийн дүр хувилсан Ардын намыг үргэлж толгой дээрээ зална гэсэн үг биш. Ардын намынхан төрийн жолоог барихын тулд үзэл бодлоо өөрчилж, шинэ нийгмийн төлөө ажиллах хүсэл зоригоо илэрхийлж, үйл ажиллагаагаараа нотлох ёстой байсан. Өнгөрсөн дөрвөн жил Ардын намынхан төрийн эрх барилаа. УИХ-ын 2008 оны сонгууль будилаантай болсон учир таван хүний амь нас эрсэдсэн. Мөн ард түмнийг 1.5 сая төгрөгөөр хуурч, үл гүйцэтгэх амлалтаа биелүүлэхийн тулд улс орныхоо эдийн засгийг сүйрүүлэхийг нь харлаа. Түүнчлэн Монголынхоо газар шороог сүйрүүлж, гадныханд үнэгүй өгч, өртэй үлдэхийг бид үзлээ шүү дээ. Энэ бүхэн тухайн улс төрийн хүчнийг шинэ нийгмийн төлөө өөрсдийгөө өөрчлөх чадваргүй юм байна гэдгийг харуулж байна. Ард түмэн ч үүнийг ойлгож Ардын намыг цөөнх болголоо. Ер нь Ардын намынхны сонгуулийн маргаантай холбоотойгоор асуудал үүсгэж бай­гаа нь түүхэн цаг үеэ ч ойлгоогүй, нийгэмд өөрсдийнхөө байр суурийг ч ойлгоогүйд оршиж байна. Мөн улс төрийн амьдралд онош тавьж чадаагүйн гэрч гэж хэлмээр байгаа юм.

-Ардын намын өнөөгийн удирдлагууд чуулганы танхимын үүдэнд буйдан тавиад сууж байгааг хараад ичих сэтгэл төрөв үү?

-Нам гэж байхын утга учир үзэл баримтлалдаа л байдаг. Үзэлгүй улс төрийн хүчин дээрмийн бүлэглэлтэй адил. Ардын намынхны нийгмийн өмнө гаргаж байгаа үзэл онолын тухайд өнгөрсөн дөрвөн жилийн будилаанаас өөр зүйлийг хэлэхэд хэцүү л дээ. Улс орноо гадныхны өмнө дэлгэн тавьж, хөрөнгө мөнгөө хуваан авч байгаа болохоос биш тэдэнд ард түмэн хамаагүй юм шиг байна. Иргэддээ 10 мянган төгрөгийн мах идүүлж байгаа хүмүүс өөрсдөө улс төрийн амьдралаас явчихмаар юм шиг санагдаад байгаа юм. Ийм сэтгэлийн тэнхээ байхгүй хүмүүс энэ улс төрийн хүчнийг удирдаж байна гэж харагдаж байна. Энэ хүмүүсийн улс төрийн зам мөрийг ер нь гадарлана даа.

-МАХН “хувьсгалт” гэдэг үгээ авснаас болж сонгуульд амжилт үзүүлж чадсангүй гэж тайлбарлах  хүмүүс ч бий?

-Энэ бол хялбаршуулсан тайлбар. Хуучны МАХН хагарч, салахад эмзэглэсэн хүмүүсийн гаргасан яриа байх. Хамгийн гол нь өөрийн гэсэн үзэлгүйдээ тэд ийм байдалд хүрсэн.

-Ардчилсан намын тухайд асуудалд хэтэрхий түрэмгийлж хандаад байгаа тал ажиглагдаж байна уу?

-Ардчилсан холбоо эвсэл 1996 онд олонхи болж, төр барьж байх үедээ даанч туршлагагүй байж. Тухайн үед цөөнх байсан улс төрийн хүчин Ардчилсан холбоо эвслийнхнийг дотор нь мөргөлдүүлсээр байгаад дөрвөн удаа засгийг солиулж байлаа. Хувьсгалын үед энэ байдаг л зүйл. Харин одоогийн Ардчилсан нам их хэрсүү болжээ. Ардын намынхан гомдол тавиад байх нь өрөвдөлтэй юм. Ардчилсан намынхан тэднийг “УИХ-д битгий орж ир” гэж хэлээгүй. Гагцхүү бүлэг байгуулахыг нь хойшлуулчихсан. Бүлэг байгуулах асуудлын хувьд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байх үед “24 цагийн дотор” гэж яагаад оруулж өгсөн юм. Ардчилсан намынхныг жанчих гэж ингэж оруулсан биз дээ. Өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө уначихсан шүү дээ. Ардчилсан намынхан тэднийг шахаад байгаа юм байхгүй.

-“УИХ-ын даргыг хууль бусаар томилчихлоо” гэж ярьж бай­на. УИХ-ын даргыг томилох үйл явцыг харсан байх. Тэнд хууль зөрчсөн зүйл бий юү. Мөн УИХ-ын гишүүд хуулийг өөр, өөрс-дийнхөөрөө тайлбарладаг болж. Уг нь нэгдсэн ойлголттой байх ёстой юм биш үү?

-Яах вэ, амьдрал хуулиас баян гэдэг нь харагдаж байгаа юм. Хуульд УИХ-д сонгогдсон гишүүдийн насаар ахмад нь УИХ-ын чуулганыг удирдана” гэсэн заалт бий. Гэхдээ тэр хурал даргалагчид улс төрийн хүчинд завсарлага өгөх, УИХ-ыг завсарлуулах эрх байхгүй. Гэтэл Ардын намын гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ыг завсарлуулж, төрийн ажлыг гацаасан. Үүнээс болж бусад, нам, эвслийнхэн дараагийн ахмад гишүүнээр хурлаа даргалуулж, арга хэмжээгээ авсан. Миний бодлоор Ардчилсан намын буруу байхгүй. Энэ үйл явдлаас харахад Ардын намынхан улс төрийн тун овлигогүй байр суурин дээр байна.

-Шинэчлэлийн гэх тодотголтой Засгийн газар хэр бүрдсэн гэж харж байна вэ?

-Засгийн газар УИХ-аас нэлээд өөр дүр төрхтэй бүрдлээ гэж харж байгаа. Энэ удаагийн парламентад хөрөнгө, мөнгөтэй, Монголыг шимж, баяжиж буй компаниудын төлөөлөл шууд ороод ирчихсэн. Харин Засгийн газрын гишүүдийг томилохдоо олон түмний дунд нэр хүндтэй, улс орондоо сэтгэл зовнидог хүмүүсийг сонголоо гэж бодож байгаа. Гэхдээ Засгийн газрын гишүүдийн дийлэнх нь УИХ-ын гишүүн байгаад санаа зовниж байна. Одоогийн улс төрийн хүчнүүдийн түвэгтэй байдлаас болж ингэсэн байх. Шинэ Засгийн газар мөрийн хөтөлбөрөө гаргалаа. Үүнд шүүмжилж ярих зүйл нэлээд бий.

-Тухайлбал?

-Тухайлбал, монголчуудын амьдрал чухам ямар байгаад цаашид ямар болгох вэ гэдэг асуултад хариулаагүй. Уриа лоозонгийн шинжтэй арга хэмжээнүүд зохиох тухай л байсан. Мөн өнөөгийн эдийн засгийн бодит бололцооноос хэтэрч гадны зээл тусламжийг түших, өөрөөр хэлбэл бүтээн байгуулалтын дон туссан хөтөлбөр болсон гэж хэлмээр байна. Энэ хөтөлбөрт тусгасан бүхнийг хэрэгжүүлэхэд эдийн засгийн бололцоо хүрэхгүй. Засгийн газрын сайд нараас гадна яам, агентлагийн дарга нарын томилгоог харахад нэг зүйл бодогдож байлаа.  

-Юу тэр вэ?

-Чингис хааны цадигт байдаг хэдэн үг бий. Юу гэхээр арслан мэт ноёдыг бар мэт түшмэл дагана. Бар мэт ноёныг ирвэс мэт түшмэл дагана. Ирвэс мэт ноёныг чоно мэт түшмэл дагана. Харин чоно мэт ноёныг үнэг мэт түшмэл дагаж үхлийн замаар ормой гэсэн байдаг. Энэ бол төрт ёсны хамгийн хатуу сургаал юм. Засгийн газрын гишүүдээ сай­хан томилчихоод, араас нь үнэг, чоно дагуулаад өгчих вий гэсэн болгоомжлол байна.

-Ардчилсан намынхан “Шударга ёс” эвсэлтэй хамтарч засгийг байгуулсан. Ардчиллынхан төр барьж байхдаа Засгийн газраа тогтвортой байлгаж чадаагүй. Энэ удаа байдал өөр байх болов уу. Тэднийг туршлагажсан гэж бодвол шүү дээ?
-Нэг талаас туршлагажих тухай асуудал бий. Нөгөө талаас нийгэм, улс төрийн нөхцөл байдал 1996-2000 оныхоос өөр. Миний хувьд Засгийн газрыг энэ бүрэлдэхүүнээрээ ажиллаасай гэж бодож байгаа. Ардчилсан намынхан өнгөрсөн парламентад Ардын намынхантай хамтрахдаа хийсэн нүглээ ойлгосон гэж бодож байна. Эвсэлд орж байгаа улс төрийн хүчнүүдийн ааш араншин нь янз бүр байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ үүнийг Ардчилсан намынхан тогтворжуулж чадах байх.

-Эдийн засгийн өсөлттэй байна гэж шуугихаас илүүтэй иргэдийн амьдралд хэрхэн нөлөөлж байна гэдгийг бодох ёстой байх. Гэтэл өнөөдөр ядуурал, ажилгүйдлийг хэрхэхээ мэдэхгүй сууж байна шүү дээ. Энэ бүгдийг эрх барьж байсан Ардын намынхан бий болгочихов уу?

-Ардын намынхан Ардчилсан намынхантай хамтарч байгаад ийм байдалд хүргэсэн. Монголын эдийн засаг гэдэг нэгдмэл орон зай одоо задарчээ. Тухайлбал, гурав задраад байна. Нэг хэсэг нь Монголын хууль эрх зүйн орчинд үйлчилдэг дотоодын компаниуд. Нөгөө хэсэг нь Хятадын эрх зүйн орчноор үйлчилдэг том уурхайнууд байна. Гурав дахь нь Р.Фрийдландын хуулиар явдаг Оюу­толгой. Монголын иргэдийг тэжээдэг эдийн засаг хямарч байхад нөгөө талд нь Хятад, Р.Фрийдландын менежментээр зохицуулагддаг нь өсөлттэй гардаг. Үүнийг нэг талаас нь харахад өсөлттэй байгаа юм шиг харагддаг. Гэвч нөгөө талд монголчууд ядуурч байгаа дүр зураг харагдаж байна. Үүнийг анхаа­рахгүй бол цаашлаад улсын тусгаар тогтнолд нөлөөлж мэдэх юм. Манайд сүүлийн үед эдийн засгийн алуурчид гэсэн ойлголт гарч байна. Гадныхныг эдийн засгийн алуурчид юм шиг хардаг. Гэтэл үнэн хэрэгтээ монголчууд өөрсдөө эдийн засгаа алж байна.

-Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт ял ног­дуулсан. Түүнийг ингэж хорьж байгаа нь авлигатай тэмцэж бай­гаагийн илрэл гэж хэлж буй. Харин та юу гэж хэлэх вэ?

-Н.Энхбаярыг шийтгэж, яллаж байгаа нь авлигатай тэмцэж бай­гаа хэрэг биш. Харин жинхэнэ авлигач­дыг хаацайлах утаан хөшиг татсан зүйл болж байна. Н.Энхбаярын авлига авсан аваагүйг бид бус шүүх тогтоох учиртай. Гэтэл өнгөрсөн шүүх хур­лаар түүнд ял тулгаж байгаа таван асуудлын алинд нь ч тэр гарцаагүй буруутай юм байна гэсэн ойлголтыг нийгэмд төрүүлж чадаагүй. Тиймээс үүнийг шүүх ажиллагаа бус, “Сагсайдах” ажиллагаа гэж хэлж болох юм. Авлига устаж, томоохон орд мөн төрөө худалдлаа гэсэн нь Монголыг багалзуурдаж байна. Гэтэл Солонгосоос ном ачуулж, Н.Энхбаярт телевизийн тоног төхөөрөмж бэлэглэсэн гэдэг нь хэнд хэрэгтэй юм бэ. Хэрэв Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед нь улс орны эрх ашигтай холбоотой асуудал үүссэн бол ард түмэн анхаарч болох. Харин ч Зайсангийн газар нутгийг худалдсан хүмүүсийг олж, буруутныг шийтгэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс биш хэн нэгэн хүнийг хувцасыг нь өмсүүлэхгүй чирж гарган шоронд хийгээд байвал Монголд байгаа авлигачдыг багтаах шорон байхгүй байх. Магадгүй УИХ-д том тул барих сэтгэхүй байсан биз.

-Н.Энхбаяр намынхандаа өш санаснаас болж МАХН нэрийг авч, жагссан. Ерөнхийлөгч байсан хүн ийм байдал гаргах хэрэг байгаа гэж үү. Та юу гэж бодож байна?

-Н.Энхбаяр Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд байсан төрийн бүх албыг хашсан хүн. Үүнээс цааш алба хашина гэж юу байх вэ дээ. Нөгөөтэйгүүр, үзэл бодлын асуудал байна. Хуучин МАХН дотор ардчилсан социализмын үзэл, үндэсний ардчилсан үзэл гэсэн үзлийн зөрчилдөөн байсан. Хожим нь үндэсний ардчилсан үзэл гэдгээ хаяж, шууд либерализмыг сонгосон. Гэхдээ эх орныхоо эрдэс баялгийг гадныхантай хуваан эзэмших тал руу орсон юм. Үүнээс болж үзэл бодлыг хагарал бий болсон байх. Магадгүй одоогийн Ардын намынхан дотроо хагарч мэдэх юм.

-Төрийн тэргүүн хүн албанаасаа буугаад ямар ёс зүйтэй байх ёстой юм бэ. П.Очирбат, Н.Багабанди нар томоохон ордтой нэр холбогдоод явж байх жишээтэй?

-Манайд байгаа хамгийн арчаа­гүй байдлын нэг илрэл энэ л дээ. Зарим орны жишгийг харахад Ерөн­хийлөгч байсан хүмүүс нь дараа­гийнхаа Ерөнхийлөгчийн зөвлөх бол­дог. Гэхдээ гурван бүрэн эрхийн хугацаанд зөвлөх нь байх ёстой юм. Гэвч Монголд ийм эрх зүйн орчин алга.

-Төрийн тэргүүн Ц.Элбэгдоржийг хэр зөв явж байна гэж бодож байна вэ?

-Энэ хүн 1990 оноос өмнө намайг Удирдлагын институтын захирал байхад миний сонсогч байсан хүн. Монголын нийгмийн амьдралд ард­чиллыг босгож, түүнийхээ төлөө тэмцэж чадаж байгаа. Ерөн­хийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж, ирэх жилүүдэд төр бариасай гэж бодож байна.

-Улс орны амьдралд таны сэтгэлийг юу хамгийн их чилээж байна вэ. Үүнийг ингээд хий­чи-хээсэй гэсэн бодол байгаа байх?

-Нийгэмд хамгийн их дутагдаж байгаа зүйл бол төрийн бодлого. Одоо болтол цэгцэрч өгөхгүй байна. Төр өөрийн гэсэн бодлоготой байж үүнийгээ хэрхэн хэрэгжүүлэх вэ гэдгийг ярих хэрэгтэй. Өнгөрсөн дөрвөн жил хавтгайрсан халамжид бүхнээ зориулсан. Үүнээс болж эгэл жирийн иргэдийн амьдрал хүндэрч байгаа. Улстөрчдөд гадныханд өр зээл тавьж, цааш нь явна гэсэн ойлголт байх юм. Энэ засгийн үед энэ байдал өөрчлөгдөх болов уу гэсэн чинь үгүй юм аа. Хэдэн тэрбум ам.доллар зээлнэ гээд яриад эхэллээ. Энэ байдлыг л өөрчлөх хэрэгтэй байна.

-Ярилцсанд баярлалаа.   

Ц.ЭНХЦЭЦЭГ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж