Ядаж Ц.Шаравдорж шиг бай

Хуучирсан мэдээ: 2012.10.25-нд нийтлэгдсэн

Ядаж Ц.Шаравдорж шиг бай

Р.Бурмаа гишүүн өчигдөр Хууль зүйн байнгын хорооны хурал дээр  нэг л “зөв” юм яриатах шиг боллоо. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр Ар­дын намынхан жагсаж эрхэм гишүүнийг хохироосон юм байжээ. Өвөрхангайгаас  сон­гогдсон гэж үзээд УИХ-д тан­гараг өргүүлэхээр нэрийг нь өргөн барьсан хоёр гишүүнийг  эсэргүүцсэн  жагсаал Р.Бурмааг голд нь ортол гом­доож, ийн байнгын хорооны хурал дээр агсамнах боломжийг бүрдүүлсэн гэнэ. Эрхэм гишүүн  Төрийн ордон руу орох гэтэл жагсагчид саад болж бүүр түүнийг цохиод авчээ. (Үнэн бол тэр дор нь барьж аваад цагдаад өгөөд шоронд хийлгэчихгүй…. сурв) Түүнийхээр бол  төрийн хам­гаалалтын ажилтнууд жагсагчдыг  тайвшируулж, Р.Бурмааг хамгаалж,  улмаар байр машиных нь дархан эрхийг хадгалахын төлөө зүтгэх ёс­той байж.

Жагсагчдын зарим нь бүр түүнийг хэл амаар  доромжилж, биед нь хүрч бай­хад хамгаалалтын ажилт­нууд хараад л зогсоод байсан гэнэ. Тэгээд яах байсан гэж. “Аа та нар Р.Бурмаагийн биед  хүрнэ гэнээ”  гээд барьж аваад зодох ёстой байсан уу.  Гэвч тэд тэгээгүй. Уг нь Р.Бурмаа гишүүн бодож л дээ. “За би УИХ-ын гишүүн болчихсон юм чинь жагсагчдаас намайг хамгаалж төрийн хамгаалалтын ажилтнууд гудамлаж зогсоод оруулах байх. Бас миний гэр, байр, машин ч дархан эрхтэй” гэж. Гэтэл юун түүний санасан “улаан хивс”. Уур уцаартай хүмүүс л угтаж.  Хууль зүйн байнгын хороон дээр түүний хэлсэн үгнээс дээрх санаа нэвт цухалзаж байна. Бүүр дээрээс нь гэр орон, машин унаагаа ч дархан эрхтэй гэж бодож. Эндээс хамгийн инээдтэй нь машины дархан эрх. Яахав гэр орныг нь хамгаалж болох юм. Харин машин нь дархан эрхтэй байна гэж бодохоор  арай л даварсан “дархан эрх” биш үү. СЕХ-ны гишүүн байх үеэсээ З.Энхболдын сонгогдсон Өвөрхангайн сонгуулийн будилаанаар олны танил болж Сонгогчдын боловсрол төвийг тэргүүлэн хүндлэл хүлээсэн өнөөх эмэгтэй мөн гэхэд итгэмээргүй.

УИХ-ын гишүүн болоод  дөрөвхөн сар болж байхад ийнхүү тусгай эрх нэхэн заалдаж байгаа бол дөрвөн жилийн дараа Р.Бурмааг огт танихгүй байж мэдэхээр л юм. Ордон дотор МАН-ын хэсэг гишүүд “Буйдантай жагсаал” хийж байх үеэр ТВ-5 телевизийн сурвалжлагч түүнээс ”Та сонгуулийн хуулийн талаар мэргэшсэн хүн. Гэтэл Өвөрхангайн сонгогчид СЕХ-ны шийдвэрийг эсэргүүцэж байна. Гадаа сонгогчид жагссан. Та Сонгогчдын боловсрол төвийн тэргүүн байсан хүний хувьд юу гэх вэ. Яагаад дуугүй байна вэ” гэж асуухад  эрхэм гишүүн  асуултад хариулахын оронд  өмнөөс нь хэг ёг хийн “Тэд харин яагаад надаас асуухгүй байгаан… сонин л байна.. яагаад асуухгүй байгаан?” гэж доог тохуу хийх нь үнэндээ тэнэг байсан. Тийм ээ, Төрийн ордонд,  гадаа нь ч гэсэн улс төр өрнөж байсан нь үнэн.  Гэхдээ  Р.Бурмаа мэтийн гишүүн ийм мангар улс төр хийж, сэтгүүлчийг дооглох нь эртдэнэ. ТВ-5, Тв-9 хэнийх байх нь ер хамаагүй. Улайм цайм намчирхаж,  ТВ-5 телевизийг МАН-ынх гэсэн нүдээр харж жуумалзах түүнд зохихгүй. Тэгээд араас нь бүр машиныхаа дархан эрхийг нэхэж байнгын хороон дээр сагсагнах нь утгагагүй. Энэ бичвэр минь нийтлэгдсэний дараа мэдээж би МАН-аас мөнгө авч бичсэн “ялд”  унах нь тодорхой. Тэр хамаагүй. Хамгийн гол нь аль ч  төрийн үед, ямар ч Бурмаагийн үед иргэд жагсах эрхтэй. Энэ эрх Л.Гүндалайд, ч Ц.Нямдоржид ч бүүр Р.Бурмаад ч байх ёстой. Түүнээс Ардчилсан нам төр барьж байхад жагсаал болвол  мөнгөөр жагссан болдог, МАН төр барьж байхад жагсвал тэр нь шударга үйлдэлд тооцогддог байх учиргүй. Жагсах,  хэвлэн нийтлэх,  үзэл бод­лоо илэрхийлэх эрхээ бид өөртөө авч үлдэнэ.

Үүний төлөө хэнийг ч   Р.Бурмаа байтугай  цаадахаас нь өмөөр­нө. П.Жасрай,  М.Энхсайхан, Д.Бямбасүрэн, Л.Гүндалай, Э.Бат-Үүл, Ц.Элбэгдорж нар шиг   элдвээр хэлүүлээд, бүр дүрсээр нь сор залж шатаагаад, өндөг, улаан лооль  нялайтал нь шидээд, цагдаагийн хүчээр чирч гулдчин баривчилж хориод хаясан бол энэ Р.Бурмаа мэтийн “охидууд”  яах болж байна аа. Харин эцэст нь яг үнэнээ хэлэхэд МАН-ын гишүүд буйдантай жагсаж хууль зөрчсөн бол торгуулиа төлөх ёстой. Үүнийг шударгуу хуульч,  УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн  дарга Ц.Шаравдорж гуай тодотгосон. Өсгөж,  хүмүүжүүлж боловсрол олгож, мөн энэ албан тушаал дээр нь тавьсан  намынхаа ачийг ингэж “хариулах нь” тэр хүнд амаргүй байсан нь мэдээж. Цагтаа цалгиж, цалингаараа наргиж явсан Ц.Шаравдорж гуай ингэнэ гэж бодохоор аргагүй л шударга ёс өөр  юм аа. Р.Бурмаа ядаж Ц.Шаравдорж шиг бай л даа… 

Л.МӨНХБАЯСГАЛАН
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж