Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ

Хуучирсан мэдээ: 2012.10.26-нд нийтлэгдсэн

Чингис хааны мэндэлсэн өдрийг тэмдэглэнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд гишүүдийн 70.2 хувь нь “Төслийг хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзлээ. Тиймээс хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ.

Хуулийн төсөлд тусгаснаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 14-нийг Чингис хааны мэндэлсэн өдөр хэмээн онцолж, бүх нийтээрээ амрах юм байна. Гэхдээ хэлэлцүүлгийн шатанд зарим гишүүд Чингис хааны мэндэлсэн өдөр хэдэн бэ гэдэг дээр түүхчид төдийгүй судлаачид зөрүүтэй цаг өдөр хэлдэг. Нэг хэсэг нь тавдугаар сар гэдэг. Ийм эргэлзээтэй үед арваннэгдүгээр сарын 14 гэж тогтоосон нь хэр шинжлэх ухааны үндэслэлтэй болох. Хаанаас хэн баталгаажуулж ийм өдөр товлосон бэ гэдэгт хариулт өгөхийг шаардаж байлаа.
 Түүнчлэн монголчуудын хувьд тэмдэглэлт баярын өдөр олширч байгаа. Арай л идшээ бэлтгэх өдөртэй болохоос наахнуур юм болж буй. Дээр нь арваннэгдүгээр сард тэмдэглэлт хоёр өдөр тохиох нь гээд “Арваннэгдүгээр сарын 26-ны Тусгаар тогтнолын өдөр бүх нийтээр амардгийг болиулахаар оруулж ирсэн нь тун зохисгүй. Монгол Улсын тусгаар тогтнолыг баталгаажуулсан өдрийг ингэж уландаа гишгэж болохгүй” гэсэн ширүүхэн мэтгэлцээн ч өрнөлөө. Харин төсөл санаачлагчдын зүгээс “Тусгаар тогтнолын өдрийг тэмдэглэхгүй гэсэн үг биш. Бүх нийтээр амрахыг л өөрчилсөн. Чингис хааны мэндэлсэн өдрийг арваннэгдүгээр сарын 14-н гэж тогтоосон нь баталгаатай. Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газраас тус бүр санал авсан. Монгол Улсын хувьд Чингис хааныхаа өдрийг тэмдэглэж баталгаажуулахгүй бол бусад улс орон өмчилж болох талтай. Тиймээс түүхээ урагшлуулж, баталгаажуулах агуулгаар ийм өдөртэй болох санаачлага гаргасан” гэсэн юм. Гэхдээ санал хэлэх шатанд олонхи гишүүн “Тусгаар тогтнолын өдөр ч бүх нийтээрээ амаръя, Чингис хааны мэндэлсэн өдөр ч амардаг байж болно” гэсэн байр суурь илэрхийлэв.

Түүнчлэн эл асуудлыг хэлэлцэх шатанд УИХ-ын даргад хандан гишүүдийн зүгээс ирцийг бүрдүүлэх талд анхаарахгүй бол хэлэлцэн шийдвэрлэх шаардлагатай хуулийн төсөл унасаар байх талтайг анхаарууллаа. Нөгөө талаас УИХ-ын гишүүн чуулганы танхимд байхгүй байхад картыг нь хүчээр ирцэнд оруулж бүртгэдэг нь сөрөг үр дагавар дагуулж буйг ч анхаарууллаа. УИХ-ын даргын зүгээс өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд хангалтгүй байсан нь цусаа хандивлахаар явсантай холбоотой. Ийм хүндэтгэх шалтгаан байсан, гэхдээ иймэрхүү арга хэмжээг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болдог өдөртэй давхцуулахгүйгээр зохион байгуулахгүй бол ирцэнд нөлөөлдөг сөрөг талтай байгааг онцоллоо. Мөн УИХ-ын гишүүд хурууны хээгээр ирцээ бүрдүүлдэг болох аж. Шаардагдах хөрөнгийг 2013 оны төсөвт суулгах санаа байсан ч боломжгүй байгаа тул олон улсын байгууллагын буцалтгүй тусламжийн хүрээнд шийдвэрлэх гарцыг УИХ-ын зүгээс эрэлхийлж байгаа тухай УИХ-ын дарга хэллээ.

Одоо чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэхээр хэлэлцүүлгээ эхлүүлээд байна.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж