Таксины жолооч бид хоёр

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

Таксины жолооч бид хоёр

Такси барихаар зам дээр зогслоо. Намалзсан жижиг тэрэгнүүд давхиж ирээд, жолооч нь хаалганыхаа шилийг доош нь буулгаад “Хаа хүрэх юм бэ” гэж асууна. Хаа хүрэхээ хэлэхээр толгой сэгсрээд давхиад явчихна.  Тэгэхээр нь хаачих гэж байгаагаа нуухаар шийдлээ.

-Хаа хүрэхийн?

-Хаа ч хүрэхгүй…кккк

-Солиотой юм уу чи?

-Үгүй л дээ… Амжилтгүй боллоо. Хаяад давхиад явчихлаа.  Нэлээд удаан зогслоо. Намаршиж байгаа болохоор даарах нь ээ янз нь. Нэг хар машин ирээд зогсонгуут нь үг дуугүй гүйж ороод суучихав. Очих газраа хэллээ. Ашгүй нөгөөх чинь юм хэлсэнгүй давхилаа. Гар утас  дуугарч байна. Уулзалтаасаа хоцорсон хүн яахав дээ болзсон хүнээсээ уучлал гуйгаад ажлаа утсаар амжуулахыг хичээлээ. Ярьж дуусмагц таксины жолооч асууж байна

-Чи  их чухал ажил хийдэг хүн үү?

-Үгүй ээ, үгүй.

-Энэ Засгийн газар нээрээ даварч байна аа тээ…?

-Аанг…

-Өөрөө мэдэхгүй байна уу…Эс­вэл тэнд ажилладаг хүн үү?

-Үгүй ээ, үгүй.

-За хаана ямар ажил хийдэг вэ ингэхэд …?

-…..(хариулмааргүй байв. )

-За яасан өөрийгөө эргүүлж байна гээд бодчихов уу… хахахах

-….(дахиад хэлэх үг олдсонгүй)

-Одооны энэ хүүхнүүд юу ч болоогүй байхад өөрийгөө их юманд бодчих юм аа. Яршиг л байна ш дээ муусайн юмнууд. (Одоо харин нөгөөх чинь уурлаж байна. Би айж эхэллээ.) Гэтэл хажуугаараа гүйцэд түрүүлж явсан нэгэн машины өмнүүр өнөөх чинь шууд чихээд орчихдог байгаа. Ард үлдсэн машин муухай чихаран дуугарч манай өнөө жолооч тас тас инээв.

-Хахаха… муусайн юмнууд явж чадахгүй байж. Замын бөглөө үүс­гээд байх юм. За хүүхэн гуай хаагуур нь яаж орохоо хэлээрэй…?

-Аан одоо баруун гар тийшээ эргээд тэр хашаа руу ороод зогс­чихоорой…

-Заавал хашаа руу ордог нь яадгийн. Наана нь зогсоно.

-Би яараад байна аа. Уг нь хашаанд нь орчуул…

-Юун маягтай юм бэ. Чи гүйгээд ороход яадгийм бэ.

-(Харин одоо л миний хэдэр зан хөдөлж  эхлэв)  Би мөнгөө төлж байгаа болохоор заавал хашаанд нь орж байж бууна даа.

-Өө мөнгөөр зодох нь хар аа… За энд. Энд цаашаа явж чадахгүй.

-Уучлаарай хашаа хүртэл хол байна.  Би хашаанд нь буугаад орвол амар ш дээ.

-Чадахгүй ээ, энд буувал буу,  буухгүй бол би явлаа… (Одоохон үсэрч буухгүй бол юу юугүй давхих нь ээ)

-За за бууя бууя. Ингээд мөнгөө гаргаад өгтөл

-Өө би наад мөнгийг чинь задлахгүй.

-Надад ч задгай мөнгө байхгүй. За  жолооч бид хоёр ингээд мөнгөө задлуулах эрэлд гарлаа даа. Ядаж байхад миний буусан газар ТҮЦ байхгүй. Оффисийн барилга. Өнөө жолоочоо дагуулаад яваад ортол ресторанаас өөр юу ч алга. Хорин мянган төгрөгөө сарвайж “Үүнийг задлаад өгөөч” гэвэл үйлчлэгч нь “Задгай мөнгө байхгүй” гээд гэдийчихэв. “Ундаа ч юмуу ус, эсвэл бохь байна уу ” гэтэл “Манайх бараагаа татаж амжаагүй тул байхгүй”  гэдэг байгаа.  Хажуугаас нөгөө таксины жолооч “Хөөе би яараад байна. Ажил хэцүүдлээ чи хурдан мөнгөө өг. Эсвэл ажил  руугаа ороод задлаад өг” гэж шахна.  “Яанаа энэ миний ажил биш. Би ажил хэргийн шугамаар хүнтэй уулзах гэж ирсэн юм. Та хүлээж байвал гарч ирээд би дахиад явна шүү дээ” гэвэл “Хүлээж чадахгүй ээ. Сул зогсолтын мөнгө хэн өгөхийн надад” гэж байна.  “Та жаахан хүлээ л дээ. Миний бруу биш биз дээ. Та л мөнгөө задалж чадахгүй байгаа биз дээ” гэтэл “замаар зүгээр явж байсан намайг чи өөрөө гуйж суугаа биз дээ. Одоо амар юм болох нь ээ. Такси барих байсан юм бол задгай төгрөгтэй явах чинь яасан юм бэ ” гээд баахан загналаа.  Энэ хооронд би цагаа хэдэнтээ харж сандарч эхэллээ. Уузалтаасаа 10 минут хоцорчихож. Юу гэсэн үг вэ.   Сандарсандаа би нөгөө рестораны үйлчлэгчээс “Танайд тэгээд одоо яг юу байна вэ” гэхэд нөгөөх маань “Нийслэл салат байна даа… Гэхдээ өчигдрийнх шүү, эгч ээ” гэлээ. Үнэнээ хэлсэн нь яамай даа. За ингээд нэг таваг  нийслэл салаттай (гэхдээ өчигдрийнх шүү), уулзалтаа­саа 20 минут хоцорсон тул дахиад нэг цаг хүлээх хэрэгттэй боллоо доо. Өнөөх салатыг идэж чадахгүй тул орхиод гарлаа.  Байшингийн довжоон дээр гартал өнөөх жолооч дахиад нэг хүн аваад хөдөлж байгаа нь харагдав. “Цагтай бөгөөд завтайсан байсан бол доо… чамайг дээ …” гэсэн зуунги бодолтой би хоцорлоо.

Л.МӨНХБАЯСГАЛАН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж