“Чойжин лам”-ын музейд арга эвийн бурхад залардаг

Хуучирсан мэдээ: 2012.10.30-нд нийтлэгдсэн

“Чойжин лам”-ын музейд арга эвийн бурхад залардаг

VII-р богд хааны төрсөн дүү Лувсанхайдав нь”Чойжин лам” нэрээрээ олонд танигдсан. 1908 онд хувь хүний төлөөх улааны шашны сүмээ өөрийнхөө нэрээр байгуулсан түүхтэй. 1936 он хүртэл хурал ном явагдаж байгаад 1938 онд хаажээ.

1942 оноос музейн зориулалттайгаар өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм. “Чойжин лам”-ын музейд амьдралаа холбож байгаа залуу хосууд ирж хойшдын амьдрал хувь заяагаа даатгадаг гэнэ. Энэ удаагийн “Танин мэдэхүй” булан “Чойжин лам”-ын сүм музейн талаар бэлтгэлээ.

“ГОЛ СҮМ БУЮУ ӨРШӨӨЛИЙГ ХӨГЖҮҮЛЭГЧ СҮМ”

Лувсанхайдав 1872 онд Төвдөд төрсөн. Дөрвөн настай байхдаа Монголд иржээ. 1884 онд Богд гэгээний багш Балданчоймбол хэмээх Ёнзон хамба Лувсанхайдавт Чойжин сахиус оршиж байна хэмээн тодорхойлоод Чойжин болох замд нь оруулж хүрээний Монгол лам Лувсанпэлжээгээр Чойжин буух бүх уншлага номыг заалгасан гэдэг. Чойжин буух нь онгод сахиус буулгаж байгаагаараа “Бөө”-ийн шашинтай адилхан юм. Улс орны гай барцадын гэтэлгэх гэж буудаг байжээ. Музей “Гол сүм”, гол сүмтэй залгаа “Занхан сүм”, бурхан багшид зориулсан “Зуугийн сүм”, ариун нандин шүтээний нууц тарнийн “Ядам сүм”, анхдугаар богд Г.Занабазарт зориулсан “Энх-Амгалангийн сүм” гэсэн үндсэн таван хэсгээс бүрддэг.

Сүмийн гол хаалган дээр Манжийн Бадруулт төр хааны хайрласан “Өршөөлийг хөгжүүлэгч сүм” гэсэн нэрийг монгол, төвд, хятад, манж хэлээр бичсэн байдаг. Гол сүм нь шашны үйл ажиллагаа явуулж байсан дэг жаягаараа хадгалагдсан дурсгал юм. Түүнчлэн бурхад, барилгын дотоод засал, дэглэлт, сүмийн тааз, ханан дахь чойжин сахиусны өвөрмөц шийдэл бүхий чимэглэл, зургаараа бусад буддын сүм хийдээс ялгардаг. Сүмийн хойд хэсэгт хүндэтгэлийн суудал дээр XVIII зууны үед зэсээр хөөж, алтаар шарж бүтээсэн Бурхан багшийн гоёмсог дүрийг хойр шавийн хамт байрлуулжээ.

Баруун талын түшлэгт суудал дээр сүмийн гол лам Лувсанхайдавын /чойжин ламын/ баримал дүр, зүүн талын түшлэгт суудал дээр Лувсанхайдавын багш Ёнзонхамба Балданчоймболын занданшуулан хатаасан шарил байдаг. Гол сүмийн дээд хэсгийн дунд Насны гурван бурхны зураг, түүний хоёр хажуугаар XVIII зууны чулуун барын аргаар бүтээсэн 18 Найдангийн бар зураг, түүний доод талд 10 хангал бурхдын зургийг залжээ. Эдгээр бүтээлээс нэрт уран хатгамалч Аюушийн “Оточ найман манал”, торгон зээгт наамалч Хасгомбын “Авидын шангад” зэрэг дэлхийд гайхагдах дахин давтагдашгүй хосгүй эх бүтээл тус сүмд хадгалагдан байдаг.

ХАМГИЙН УРАН ХИЙЦТЭЙ “ЭНХАМГАЛАНГИЙН СҮМ”

“Энх-Амгалангийн сүм” нь хамгийн уран хийцтэй сүм юм байна. Модоор оньсдож, углуургадаж бүтээсэн. Ямар ч хадаас ороогүй гэдгээрээ онцлог. Бусад сүмүүдээс ялгаатай нь Монгол гэр адил найман талтай, адар нь огторгуй хэлбэртэй, хана нь тал нутаг, хурмаст тэнгэр газар лусын орныг санагдуулам өвөрмөц тансаг хийц загвартай юм. Уг сүмийн нэрийг Соёмбо, Сансакрит, Уйгаржин, Дөрвөлжин, Төвд бичгээр алтдан бичиж самбарыг нь зургаан луу ороосноор цоолбордож гоёмсгоор сийлбэрдсэн. Асарт нуруу нь луу, арслан, шувуу, барсыг дарааллаж үзүүлсэн. Оройдоо “Дог ганжир”- ыг залсан. Сүмийн хойморт Г.Занабазарын өөрийгөө дүрслэн хийсэн баримал байдаг. Хоёр талд нь бурхан багш хоёр шавьтайгаа залардаг. Дээд талд нь насны гурван шүтээний цаасан шуумал байдаг бол сүмийн голоор өндөр гэгээн Занабазар түүний шавь нарын урласан бурхадын баримлууд байна.

НУУЦ ШҮТЭЭНИЙ СҮМ ЯДАМ

Чойжин ламын сүм музейн үзмэрийн нэг танхим бол Ядмын буюу Нууц шүтээний сүм юм. Энэ нь нандин шүтээний сүм бөгөөд эрт цагт зөвхөн тусгай зөвшөөрөгдсөн хүмүүс ордог байжээ. Ядам гэдэг нь шүтээн гэсэн үг. Чойжин лам сахиус залахын өмнө бясалгал хийж өөрийн нандин сахиусуудтайгаа холбогддог байж. Бусад үед түүнээс өөр хүн орохыг хориглодог. Энэ сүмд Чойжин ламын амилсан сахиусууд залаатай байсан гэдэг Хэрмэн дотроо давхар хашаатай, хоёр талдаа модон хаалгатай, дөрвөлжин хэлбэрийн давхар сүм бөгөөд ханыг хөх тоосгоор өрж, дээврийг нь асар хэлбэртэй барьжээ. Хойморт Энэтхэгийн 84 шидтэний нэг Дүвчиннагважодвын алтан шармал дүрийг залсан байдаг. Өндөр гэгээн Занабазар бүтээсэн Дэмчиггарву бурхан, Маха Маяа, Дүйнхэр, Хажид тэргүүтэй бурхан, уран сийлбэрч Сүрэнгийн модоор бүтээсэн Жамсран бурхан залаастай буй.

ЧОЙЖИН БУУХ ЁСЛОЛ ҮЙЛДДЭГ ЗАНХАН СҮМ

Занхан хэмээх сүмээ сахиус залах буюу Чойжин буух ёслолд зориулан бүтээжээ.Уг ёслол дуусах үед тэрбээр ухаан алдаж унадаг байсан гэдэг. Түүнийг арын хаалгаар гарган, эл сүмд оруулж, сэргээх уншлага болон бусад зан үйл хийдэг байжээ. Сахиус залах үйлээс бусад цагт Чойжин лам энэ сүмдээ ирж, сахиуснаас сүсэгтэн олон шавь нарынхаа явдал, үйл хэргийг асууж, хэлж өгдөг байсан аж. Мөн тухайн үед VIII Богд Жавзандамба хутагт сахиустай шууд биеэрээ харилцаж байсан түүхэн баримт байдаг байна.

ШАШИН ХАМГААЛАГЧ “ЗУУГИЙН СҮМ”

Бурхан багшийн өнг өрсөн одоо ирээдүйн дүр болсон Одсэр, Будда, Майдар бурхад залардаг. Өмнөх тахилын ширээнд дээд төрийн долоон эрдэнийг дүрсэлжээ. Сүмийн үүдэнд арван хангал бурхадын нэг “Балданлхам” баруун талд нь шашны хамгаалагч “Найжинчойжин” бурхан залардаг. Мөн тэр үеийн урчуудын бүтээсэн бурханы цаасан шуумалууд байрладаг.

ЗАЛУУ ХОСУУД ИРЭЭДҮЙН АМЬДРАЛАА ДААТГАДАГ

Сүмийн эргэн тойронд бурхан багшаас хойш Майдар бурхан залрах хүртэл дэлхий ертөнц дээр ээлжлэн төрж, бурхан багшийн сургаалийг биелүүлэх ам тангарагтай 16-н шавийнх нь дүр бүтээгдсэн. 16 зан чанарын илэрхийлэл болж ууртай, тайван, харамч, уйтгартай, залхуу, энэрэнгүй, зальтай, ажилсаг, хөгжилтэй, бялдууч, сайхан сэтгэлтэй гэх мэт амирлангуй дүрийг олсон цаасан шуумал бурхад заларсан байдаг.

“Чойжин лам”ын музейд ихэвчлэн амьдралаа холбож байгаа залуу хосууд ирж ирээдүйн амьдралаа даатган залбирдаг гэнэ. Арга эвийн бурхад нь амар тайван амьдрал аз жаргалыг бэлгэддэг юм байна. Айл гэрт инээд хөөр, эв нэгдлийг бэлэглэх увдистай байдаг ажээ.

Ч.ГАНТУЛГА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж