Өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж

Хуучирсан мэдээ: 2012.10.31-нд нийтлэгдсэн

Өрхийн эмнэлгийн хүндрэл ба хүртээмж

Эрүүл мэндийн үйлчилгээг хамгийн ойроос үзүүлэх учиртай газар бол бидний хэлж заншсанаар өрхийн эмнэлэг буюу өрхийн эрүүл мэндийн төв юм. Нийслэлд нийт 128 өрхийн эмнэлэг ажилладаг бөгөөд анхан шатны үзлэг, эмчилгээг хийгээд, дээд шатлалын эмнэлэгт шилжүүлдэг юм. Тэгвэл орон нутагт 88 өрхийн эрүүл мэндийн газар эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг байна.  Өрхийн эмнэлгийн хүртээмж, чанарын тухай иргэд сэтгэл дундуур байдаг нь хэвийн үзэгдэл . Өрхийн эмнэлэг ахина гэж байхгүй, ямар ч онош тавьж чаддаггүй, хүүхэд халуураад очвол эм бичиж өгөхөөс өөр зүйлгүй гээд л.

Гэхдээ бүх зүйлд туйлын чанар гэж үгүй. Тиймээс өрхийн эмнэлгийн үйлчилгээг “харах”-аар БЗД-ийн 2-р хорооны “Миний туслах” өрхийн эрүүл мэндийн төвийг зорилоо.

Өглөөний 08.10 цаг.  Хаа газрын улсын эмнэлэг энэ цагаар дугаар авч буй хүмүүсийн хөлд дарагдсан байх бөгөөд үйлчилгээ нь эхлээгүй байдаг.  Гэтэл энэ өрхийн эмнэлэг тээж очсон бодлыг минь өөр зүйгт залсан юм. Энд 08.00 цагт эмч, сувилагч нар аль хэдийнэ ирсэн, хүмүүсээ үзээд эхэлчихсэн байна. Урамтай санагдсан шүү. Бүх нийтийн ажил 09.00 цагаас эхэлдэг болохоор ажилдаа явахаасаа өмнө хүүхдээ эсвэл өөрсдийгөө үзүүлэх гэсэн, магадлагаа авах гэсэн хүмүүс амжих юм шиг байна гэцгээн сууж байна. Өрхийн эмнэлэгт ямар ямар эмчилгээ хийдгийг сонирхлоо. Ер нь өрхийн эмнэлэгт хөнгөн хэмжээний түлэгдэлт, даралт ихэссэн, халуурсан хүмүүсийг яаралтай үзээд, эхний арга хэмжээг даруй авах ёстой байдаг. Энэ нь ч хэрэгждэг юм байна. Түүнчлэн жирэмсэн эхчүүд хамгийн хяналтандаа орохдоо хамгийн анх амьдран суугаа хороондоо хандаж, бүртгэлээ хийлгэдэг юм. Ингээд хорооны эмч үзээд, шинжилгээгээ бүрдүүлэх зааврыг өгдөг байна. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрдөг учир жирэмсэн эхчүүд өөрийн биеийг бүрэн үзүүлж, шинжлүүлэхэд хүндрэлтэй эсэхийг хамаараад дээд шатлалын эмнэлэгт хяналт оруулах уу, өрхийн эмнэлэгтээ хяналтандаа авах уу гэдгээ шийддэг гэнэ. Энэ мэт өвдөж хавдсан, эмчийн хяналт хэрэгтэй үед хамгийн ойр газар бол өрхийн эрүүл мэндийн төв. Сүүлийн үед гадны тусламж их орж ирэх болсон. Хандив, хөрөнгө, тусламжийн өгөөж байдаггүй гээд шүүмжилдэг нь зөв ч өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хүртээмж, чанарыг сайжруулах зорилгоор зарим төрлийн шинжилгээг хийдэг болсон байна. Тухайлбал, зүрх, судасны өвчин, чихрийн шижин, умайн хүзүүний болон хөхний хавдраас сэргийлэх эрт үеийн үзлэг оношлогоог хийж эхэлжээ. Өрхийн эмнэлэг зөвхөн эм бичиж өгөх биш, эрт үеийн оношлогоог хийдэг болсон нь сайшаалтай хэрэг санагдсан. Энэ дагуу сүүлийн үед ихсэх болсон чихрийн шижин өвчнөөс сэргийлэхээр чихрийн төвшнөө шинжлүүлэхээр ирж байгаа хүмүүс ч харагдсан. Улс орны 200 гаруй өрхийн эрүүл мэндийн төв ийм л байгаасай.

Өрхийн эмнэлгийн чанар хаанаас эхлэх вэ?

Ер нь өрхийн эрүүл мэндийн төвийн ажлыг яг хаанах хянаж, үүрэг өгдөг юм бол? Энэ талаар салбарынхнаас асуухад, өрхийн эмнэлгийг аймаг дүүргийн Засаг дарга, аймгийн эрүүл мэндийн газар, дүүргийн эрүүл мэндийн нэгдэлтэй гурвалсан гэрээ байгуулсан байдаг аж. Энэ гэрээ ёсоор аймаг, дүүргийн Засаг даргын тамгын газар, эрүүл мэндийн газар нэгдлүүд гээд ажлын хэсэг жилд хоёр удаа дүгнэдэг байна. Гэтэл өрхийн эмч нар хамгийн муу нэртэй эмч нар байдаг бөгөөд цалин хамгийн муу байдаг аж. Хангалттай тоног төхөөрөмж байхгүй, дэндүү ачааллалтай ажилладаг болохоор аль аль талдаа хэцүү байдаг гэх юм. Уг нь 8000 орчим хүн амтай өрхийн эмнэлэгт гэхэд дөрвөн сувилагч, дөрвөн эмчээс гадна хөтөч сувилагч мэдээллийн ажилтан, нягтлан бодогч ажиллах нормтой талаар салбарынхан хэлж байна. Үүн дээр нэмээд нөхөн сэргээлтийн эмчилгээ, ялангуяа иллэг, бариа хийдэг эмч эсвэл сувилагч хэрэгтэй байгаа ажээ. Гэтэл бодит байдал дээр өрхийн эмнэлэгт дээд тал нь дөрвөн хүн л ажиллаж байх юм.  Тиймээс эхлээд эмч, сувилагч нарынхаа тоог нэмэгдүүлж байж чанарын тухай ярих хэрэгтэй байх. Харин өрхийн эмнэлэг цаашдаа дээд шатлалын эсвэл хувийн эмнэлэгт хийлгэдэг, наад захын цусны, шээсний шинжилгээг өрхийн эмнэлэгт хийдэг болмоор байна. Хариу нь өдөртөө өдөртөө гарчихдаг ийм шинжилгээний хэрэгтэй төхөөрөмжийг нь шийдээд, хүн хүчийг нэмээд өгвөл эмнэлгийн үйлчилгээ улам л ойртох биз.

Монголчуудын “экстрим” буюу туйлын сэтгэхүй хаана л болж бүтэхгүй байна гэсэн газар нэмж хачирлаж, дуу нэмнэ. Болох газар ч бас байдаг юм гэдгийг ийнхүү хүүрнэхийг зорив.

У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж