Хуучирсан мэдээ: 2012.11.03-нд нийтлэгдсэн

Г.Аюурзанын айдас

Хэтэрхий амгалан, тайван бүүр үүлгэр ч юм шиг, гэхдээ бага зэрэг ёжлонгуй ихэмсэг зан цухасхийсэн ч юм шиг, үгүй ч юм шиг Г.Аюурзаны хөрөг. Олны нүдэнд тэр бүр ил гараад байх хүсэлгүй гэмээр тэр “Гурамсан цадиг” номынхоо хавтсан дээр ийн өөрийнхөө зургийг тавин хэвлүүлсэн нь гайхмаар ч юм шиг санагдмаар. Тэгвэл энэ л гурамсан романаас Г.Аюурзана гэдэг хүнийг харж болох юм гэж зохиолч өөрөө бодож, номныхоо хавтаст зургаа тавьжээ.

“Илбэ зэрэглээ”, “Цуурайнаас төрөгсөд”, “Арван зүүдний өр”-ний нухаж нухаж бичсэн зохиолоо гэнэт л шатааж орхидог зохиолч, зүүдний өрөө төлж чадаагүй байгаа залуу, эсвэл зүүд судлаач … хэнийг нь Г.Аюурзаныг гэж тааж болох вэ? Лав л Г.Аюурзанын гэргий Б.Өлзийтөгс “Үзэхийн хязгаар” номондоо нөхрийгөө зүүдэндээ эртний хэл гэлтэй хэлээр ярьдаг гэж бичсэн байсан нь “Цуурианаас төрөгсөд”-д лав яг тэр чигээрээ өгүүлэгддэг юм. Энэ мэтчилэн адилтгал байдаг болохоор түүний зохиолоос уншигчид өөрийг нь хайгаад байдаг ч байж болох юм. Гэхдээ яг хэн нь бэ? 

Харамсалтай нь хэн нь ч биш юм шиг, бас холбоот гурван зохиолын баатар болгон л тэр өөрөө мөн ч юм шиг. Үүнийг зохиолч Г.Аюурзана өөрөө зохиолч хүн гэдэг өөрийгөө өмлөж, өөрийгөө зулгааж, өөртөө байгаа жаахан махыг шувуу шиг бага багаар сэмлэж, зулгааж бүтээдэг болохоор зохиолчийн дүр, магадгүй түүний эргэн тойрон дахь үйл явц, уншигч бидний үйл хөдлөл, зан араншин тэргүүтэн ч зохиолд нь бууж байдгаар тайлбарлалаа. Магадгүй аль нэг дүрээс нь зохиолчийг хайх бус зохиолчийн үзэл, бодрол дүрээр дамжин илэрхийлэгдсэн гэсэн санааг хэлж байгаа байх.

Зөн билгийн тайлал, гайхалтай хувь тавилангийн тохиол, өнөөгийн амьдрал сүлэлдсэн “Гурамсан роман”. Явж явж учир зүйгээрээ эцэстээ холбогддог гурван романаа ийнхүү гурвалуулан ном болгосон нь ч учиртай биз. “Гурамсан роман”-ы төгсгөлд зүүд зохиогч Тэнгис Буриадын Ойхон аралд очиж Хагдай бөөтэй учирдаг цухасхан үйл явдал жирэлзээд өнгөрдөг. Яг энэ хэсэг түүний дараагийн “Бөөгийн домог” романы эхлэл болдог. Уншигч түүнээс “Хагдай бөөг яагаад үхүүлчихэж байгаа юм бэ”  гэж гомдонгуй асуухад анхнаасаа л Хагдай бөөг үхүүлэхээр “шийдчихсэн” байснаа хэлж байсан. Яг л тэр Хагдай бөөн үхлийн буюу романыхаа төгсгөлийн хэсгийг зохиолч хамгийн түрүүнд бичээд дуусчихсан байсан. “Цуурианаас төрөгсөд” дээр бол Хагдай бөөгийн хэсгийг оруулсан байснаа үүнийгээ үргэлжлүүлэх ёстой юм байна гэж яах аргагүй бодсоор дараагийнхаа романыг төрүүлжээ. Г.Аюурзана “Бөөгийн домог” үргэлжлэх Олхан арлын Турхан хадыг өөрийн эрхгүй татагдам, яалт ч үгүй байгалийн ч юм уу энерги шингэсэн газар гэдгийг биеэрээ мэдэрснээ ярьж байлаа. “Бөөгийн домог” арын хавтсанд энэ л газар яагаад ч юм бэ өөрийг нь татаад байдаг, гайхалтай орон зай энергитай газар гэж бичсэн байдаг. Харин зохиолынхоо талаар, өөрийнхөө талаар энгүүнээр хүүрнэсэн энэхүү уулзалт өнгөрөгч баасан гаригт “Интерном” номын дэлгүүрт өрнөсөн юм. Уншигч зохиолчдын уулзалт гэхээр аль социализмын үед л болдог асан уулзалт санаанд орж байгаа биз. Харин Интерном дэлгүүрт болсон энэ уулзалт Г.Аюурзана хэмээх зохиолчийн уншигчид нь цугласан, үнэн сэтгэлийн уулзалт боллоо. Бүтэн 90 минут үргэлжилсэн ч дуусах шинжгүй л байсан, энэ уулзалт.

Аюур ч өөрөө “Намайг ийм уулзалтад урихаар нь хүн ирэх болов уу гэж бодсон чинь харин ч …” гэж даруухнаар мушилзаж байна лээ. Энд утга зохиолоор өвчилсөн л байлтай гэмээр хорь шүргэж яваа залуус, нухацтай нүдээр зохиолчийг ширтэж, судлаач бололтой тулхтай байрын царайтай нөхөд шанаагаа тулан бодлогоширч, номын хорхой энгэсэгнийх нь цаанаас ч гэрэлтэнэ үү гэлтэй охид шүтээн болсон зохиолчоосоо шимтэн шимтэн асуулт асууж байна лээ. Г.Аюурзана яахав, ийм л байх ёстой, ийм байдаг дүрээрээ “масс”-ын зохиолд ер анхаардаггүй, гэхдээ олонд зориулсан ийм зохиолч ч байх ёстой, өөрсдийнхөөрөө хэнээс ч үл хамааран утга зохиолд дурлагсад чимээгүйхэн бүтээлээ туурвиж л байх ёстой, гол нь юм болгон байр байрандаа л байх ёстой болов уу гэж даруухан ч юм шиг бардам ч юм шиг үг шидэлж сууна.

Г.Аюурзаныг бусдын зохиолыг ойшоодоггүй, ихэмсэг бардам гэдэг. Энэ яриа үүдэх болсны шалтгааныг ч тэрээр ярив. “Дэлхийн уран зохиолд миний зургаан ном, Өлзийгийн 20 шүлэг, Явуугийн шүлгүүд л үлдэнэ. Бусад нь бүгд хогийн саванд орж арчигдана” гэж аархсан гэсэн домог шахуу яриа байдаг. Харин өөрөө болохоор яг ингээд хэлчихсэн биш сонинд ярилцлага өгөхөд нэг түүвэр ботийн талаар асуухад нь “Тэнд ч “Хар ус нуурын шагшуурга”-аас өөр олигтой юм алга байна лээ дээ” гээд хэлчихсэн. Үүнтэй бас огт хамааралгүйгээр “Та хоёрын шүлгийг шахвал хэдэн сор бүтээл гарах бол” гэсэн асуултад “Надаас арав, Өлзийгөөс 20 шүлэг гарна” гээд хэлчихсэн юм гэж тайлбарлаж байна лээ. Гэхдээ л үнэндээ бол Монголд утга зохиолын гол хэмжүүр гэгдээд байгаа роман бол 1950-аад оноос л шангаа татаж эхэлсэн, дэлхийн шилдгүүдтэй харьцуулах аргагүй гээд л хэлээд тавьчихна билээ.  

“Бөөгийн домог”, “Шүгдэн” номын дэлгүүрүүдийн лангуун дээр шинэхнээрээ бас хамгийн гүйлгээтэй байгаа номнууд нь. Нэгэн уншигч түүнийг Түвдэд гарсан нэг аллагаас /амиа хорлолт ч юм уу/ үүдэн гарч ирэх бурхны шашны тухай бодролууд,  өөрөө бөө болох шахан байж /гурван жилийн турш бөөгийн тухай домог яриа судалж, сонсч бөө нарыг ажигласнаа өөрөө ийнхүү бөө болох шахсан гэж томьёолсон. Гэхдээ өөрийгөө бөө болчихно гэж итгэсэн хэрэг биш. Яг л гаднаас, хөндлөнгөөс нь харж байсан гэсэн/ бичсэн “Бөөгийн домог”-ийг яаж “төрүүлсэн” хэрэг вэ гэж гайхширч байсан. Бурхны шашин, бөөгийн шашин гээд туйлын ондоо мэт хоёр “ертөнц”-өөр яаж аялж чадав аа гэж. Зохиолчийн хариулт энгийн бөгөөд тодорхой. Бөө ч шарын шашин ч оюун ухаан, олон зуун жилийн шүтэн барилдлагаат урсгал гэдэг утгаараа нарийн өгөгдөлтэй болохыг хэлж байгаа хэрэг байх. “Би бөө моодонд орж байгаа юм чинь ч гэдэг юм уу, баячууд шүгдэнг шүтэх болсон гээд ч юм уу хүний сонирхол татна гээд бичсэн юм биш шүү. Үүний цаана хуваагдсан, бусдын эрхэнд байгаа улс үндэстнүүдийн талаарх эмзэглэлээ л нохой сургагч өвөрмонгол залуу, хальж устаж байгаа бөөгийн сүүлчийн удмын Хагдай бөөгөөр илэрхийлсэн. Бид түвдүүд, хоёр Солонгосыг хуваагдсан үндэстэн гэдгээр нь мэддэг. Үнэндээ бол Монгол хамгийн том хуваагдмал үндэстэн гэдгийг харин тэр болгон мэддэггүй”  гэсэн нь түүний өөрийнх нь үг.

Харин "Зэн буддизм" номынхоо тухай “Хоосон чанар гэдгийг үгээр илэрхийлэхэд хэцүү, харин түүнийг үгээр хэлхэж илэрхийлэх гэсэн би их тэнэг хүн байх” гэнэ лээ. Ажил төрөл нь бүтэмжгүй ч юм уу байх юм бол Г.Аюурзана бөө дээр очих уу, эсвэл шарын шашны ламдаа очих уу, эсвэл сэтгэл зүйчид хандах уу? Тэр оюун ухааны дээд чанар болсон шашныг бөөг ч тэр буддын шашны ламыг ч тэр ийн алдсан алдаагаа үүрүүлэх ч юм уу, мөнгө ашиг дуудах хэрэгсэл, үйлчилгээний ажилтан болгож байгааг доромжлол гэж үздэг. Өөрийнхөө мөн чанарыг таньж мэдэхгүйгээр бусдад алдаагаа үүрүүлж, өөрийгөө хуурахыг гайхдаг. Тийм ч учраас бөөд ч, ламд ч хандахгүй. Тэр тусмаа сэтгэл зүйчид ч хандахгүй. Магадгүй муу сэтгэл зүйчид хандсанаас сайн лам ч дээр байж болно. Гол нь мөн чанарыг нь ойлгоосой гэсэн өөрийнхөө бодлыг үүгээр илэрхийлж байгаа нь энэ. Харин түүний хамгийн том айдас нь өөрөө сайхан зохиол бичлээ гэж баясаад хөөрөөд байдаг, гэтэл хэн нэгэнд ийм ч юм бичих гэж дээ гэсэн бодол төрүүлэм өрөвдөлтэй амьтан байх вий гэж айдаг. Ийм айдас зохиолч хүн болгонд байх ёстой гэсэн шүү.

А.ТУЯА 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж