Улс тунхагласан өдөр хэнд гай болов

Хуучирсан мэдээ: 2012.11.05-нд нийтлэгдсэн

Улс тунхагласан өдөр хэнд гай болов

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтээр тэмдэглэх өдрийн тухай хуулийг хэлэлцэх үеэр Бүгд найрамдах улсаа тунхагласан арваннэгдүгээр сарын 26-ныг нийтээр тэмдэглэх баяр биш ажлын өдөр болгох талаар хөндсөн. Байнгын хорооноос энэ өдрийг амралтын өдөр байлгах санал дүгнэлтийг оруулж ирж хэлэлцүүлсэн ч гишүүдийн олонх эсрэг санал өгсөн юм. Энэ талаар иргэд ямар бодолтой байгааг сонслоо.

ОЛОН ХҮНИЙ ЦУС,  ХӨЛС ШИНГЭСЭН АГУУ ТҮҮХИЙГ НЯЦААЖ БАЙГААД ХАРАМСЧ БАЙНА

Иргэн Д.Галбадрах:

-Энэ бол бодлоготой системтэй гэхээсээ илүү явцуурсан, шоу хэлбэрийн асуудал хэлэлцэж байгаа мэт хандсан хандлагын үр дүн. Монголчууд бахархах зүйлтэй байх ёстой. Олон хүний цус, хөлс шингэсэн агуу түүхийг хэрүүл тэмцлийнхээ жижиг сажиг, явцуу үзлээсээ болоод няцааж байгаад харамсч байна. Гэхдээ амьдрал баялаг юм чинь энэ хөгийн шийдвэр үүрдийн биш байлгүй дээ. Эсрэг санал өгсөн нөхөд алдаагаа ухаарах байх. Монголчууд бид тэмдэглэдэг олон баяртай байх ёстой гэж үздэг. Энэ их стресстэй нийгэмд иргэд жаахан ч гэсэн баяр баясгаланг олж авдаг байх хэрэгтэй. Орчин үеийн хүн ахиу сэтгэл ханамж дээр амьдардаг болсон. Тиймээс сэтгэл ханамж авах бололцоог нь төр хангаж өгөх хэрэгтэй. Дэлхийн улс гүрнүүд ч энэ жишиг рүү явсан байгаа. Бид ямар индианчууд биш. Индианчууд ч бүжиглэж стрессээ тайлдаг. Тиймээс нийгмээрээ стрессээс гарах, нэг зүг рүү харах үзэл бодолд чиглэсэн үйл ажиллагаануудыг хаан боогдуулсан шийдвэрийг ширээний ард, хэрүүл дундаасаа дахин бүү гаргаасай гэж хүсч байна.

ЧИНГИС ХААН 14-НД ТӨРСӨН Ч ЮМ УУ, ҮГҮЙ Ч ЮМ УУ

Иргэн Ш.Одзориг:
-Намаараа л талцаад байх шиг. МАН нь арваннэгдүгээр сарын 26 гээд, Ардчилсан нам нь болохоор Чингисийн төрсөн өдөр гээд л байсан. Чингис хаан үнэхээр арван­нэгдүгээр сарын 14-нд төрсөн ч юм уу, үгүй ч юм уу. Аягүй бол 21-нд надтай адилхан төрсөн ч юм бил үү. Энэ өдөр тус­гаар тогтнолоо зарласан гэсэн үнэн түүх байж л байна шүү дээ. Ардын хувьсгал ялсан түүх ч чухал. Ийм бодитой түүх байсаар байтал үнэн худлыг нь мэдэхгүй зүйлээс болж тэмдэглэж заншсан баярыг маань тэмдэглүүлэхгүй гээд байдаг. Сүүлийн үед Богд хаанаа хэт магтаад, ардын хувьсгалаа үгүйсгээд байх шиг. Тэр үед тусгаар тогтнолоо зарлаагүй бол өнөөдөр ямар байх байсныг бид мэдэхгүй шүү дээ. Тиймээс энэ өдөр амраад хүүхдүүдээ багаас нь эх оронч үзэлтэй болгох хэрэгтэй.

АРД ТҮМНИЙ БАЯРЫГ ХОРИХ  ЭРХ ХЭНД Ч БАЙХГҮЙ

Иргэн М.Намжилмаа:
-Амарсан нь дээр юм уу л гэж бодож байгаа. Бид угаасаа амралт ажлаа зохицуулж ажиллаж амьдарч байгаа хүмүүс. Тусгаар тогтнолын баяр гэдэг ард түмний баяр. Тиймээс тэр өдрийн баярлах, бахархах эрхийг булааж авах, хааж боогдуулах эрх хэнд ч байхгүй. Даварсан хэрэг болох байх. Гэр бүлээрээ бахархаж, баярлаад байх баяр тийм ч олон биш. Баяр олон байна гэх юм. Тэртэй тэргүй монголчууд баярт дуртай хүмүүс. Үүнийг би муу зүйл гэж үздэггүй.

ТУСГААР ТОГТНОСОН ГАНЦ БАЯРАА ТЭМДЭГЛЭХГҮЙ БАЙНА ГЭДЭГ УТГАГҮЙ

Иргэн Б.Дашмагван:

-Амарсан нь зүгээр байх. Монгол гэдэг улсыг дэлхийд тунхагласан өдөр. Энэ баярыг тэмдэглэх хэрэгтэй. Олон янзын баяраа цэгцлэхгүй байж, тусгаар тогтнолоо олсон ганц баяраа тэмдэглүүлэхгүй байна гэдэг утгагүй шүү дээ. Энэ УИХ-ын гишүүд юу боддог юм. Ойлгохгүй л юм даа.

ГАДААД ОРНУУД ТУСГААР ТОГТНОСОН ӨДРӨӨ ҮНДЭСНИЙ БАЯР БОЛГОН ТЭМДЭГЛЭДЭГ ШҮҮ ДЭЭ

Иргэн Т.Мөнхбат:
-Амралтын өдөр байсан нь зүгээр л дээ. Яагаад гэвэл энэ чинь Монгол Улс өөрийгөө тусгаар тогтносон гэж зарласан өдөр биз дээ. Ийм өдөр ганцхан байхад тэмдэглэхгүй байх нь буруу. Гадаадын улс орнуудад тус­гаар тогтносон өдрөө үндэс­ний баяр болгон тэмдэглэдэг шүү дээ. Тэгэхээр зайлшгүй тэмдэглэх ёстой.

Ч.БАТМАА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж