Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.06-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Сүхбаатар аймагт ажиллаж байна

Бүтээн байгуулалтын үлгэр жишээ үзүүлж буй
Сүхбаатарчуудыг Ерөнхий сайд сайшаав

Засгийн
газрын тэргүүнийг өглөөний 8.30 цагт Баруун-Уртчууд цэргийн хүрээний
хүндэт харуулын жагсаалаар угтан авснаар Сүхбаатар аймагт ажиллах
хөтөлбөр эхэллээ. Мандах нарнаар Ерөнхий сайд Н.Алтанхуяг Д.Сүхбаатар
жанжны морьт хөшөөнд цэцэг өргөн хүндэтгэл үзүүлээд биечлэн танилцах
ажлаа эртлэн эхлүүллээ. Эн тэргүүнд аймгийн бүтээн байгуулалт, тэр
дундаа гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх ажлын явцтай танилцахыг чухалчилж,
бүтээн байгуулалт ид өрнөж буй “Шарга” жишиг хороололд зочиллоо. Засгийн
Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт
тусгагдсан гэр хорооллыг орон сууцжуулах, дэд бүтцийг хөгжүүлэх ажил
Баруун-Уртаас эхэлсэн юм. Өнгөрсөн дөрвөн жилд жишиг байдлаар баригдсан
700 айлын гэр хорооллоос эхний ээлжинд 200 өрхийг халаалт дулаан, халуун
хүйтэн ус бүхий дэд бүтэцтэй холбох ажил Баруун-Уртад одоо ид өрнөж
байна. Гүйцэтгэлийн ажлыг гардан хийж буй “Атмор” ХХК-ийнхан 60 гаруй
хүний бүрэлдэхүүнтэйгээр хагас сарын өмнө энд ирж, “Шарга” жишиг
хорооллын 200 айлын хашаанд дэд бүтэц оруулж байна. Энэ ажлаа 11 дүгээр
сарын сүүлчээр бүрэн дуусгах аж. Аймгийн удирдлагын зүгээс 8-10 га
газарт байгуулсан 200 орчим өрх бүхий ийм жишиг хорооллыг нэг нэгж
болгон авч үзэж дэд бүтцийн холболт хийгээд, дунд нь бүрэн шаталт бүхий
утааны шүүлтүүртэй халаалтын зуух тавьж байна. Ийнхүү 200 өрхийн утаатай
янданг нэг яндантай болгосноор хотын утааны бохирдлыг багагүй
хэмжээгээр багасгана гэж тэд ярьж байв. Халаалтын системийн хувьд Европ
стандартын “Coftline” хэмээх орчин үеийн технологийг энд суурилуулж
байна. Энэ нь Монгол орны цаг агаарын нөхцөлд нэн тохиромжтой, хөлдсөн ч
эвдрэл гэмтэлгүйгээр эргэж гэсдэг уян зөөлөн хуванцар хоолой бөгөөд
газарт ердөө хагас метрын гүнд булж байгаа тул засварлаж шинэчлэхэд
төвөггүй, иргэд өөрсдөө ч хийх боломжтой гэнэ. “Шинэчлэлийн Засгийн
газрын өмнөө тавьсан нэн тэргүүний нэг зорилт бол хотын гэр хорооллыг
дэд бүтэцжүүлэх, орчин үеийн стандартад нийцсэн ая тухтай орчин
бүрдүүлэх явдал. “Үүнийг уг нь бид нийслэлд анхлан туршихаар төлөвлөсөн ч
Улаанбаатарын маань төлөвлөлт ихээхэн бэрхшээл учруулж, цаг хугацаа
алдахаар байдалд хүрсэн. Энэ үед Сүхбаатар аймгийн удирдлагууд бүтээн
байгуулалтын энэ том төслийг өөрийн аймагтаа хэрэгжүүлэх санал тавьсан
юм. Саяхан үүрэг даалгавар аваад явсан хүмүүс өнөөдөр ажлаа ид өрнүүлж
байгааг харахад урамтай байна. Хүч шаардсан аливаа ажлыг зоригтой хийхэд
мөнгө төгрөгөөс илүү нэг хүчин зүйл түлхэж өгдөг гэдгийг эндээс би бас
харлаа. Энэ бол нэгдмэл хүсэл зориг юм шүү” гэж Н.Алтанхуяг сайд “Шарга”
хотхонтой танилцах үеэрээ хэллээ. Бүтээн байгуулалтын жишээ болох энэ
ажлын эхний цэгээс нь тайлбарлаж танилцуулсан нэвтрүүлэг МҮОНТВ-ээр гарч
байгааг үзэгчид андахгүй болсон. Шинэ үеийн бүтээн байгуулалтын нэг
түүхийг түмэн олондоо гэрчлэн хүргэж буй хөтлөгч Гүрээ маань шинэ
төлөвлөлт хийнэ ээ гэж ярьдаг барилгачин болчихсон явж байна хэмээн
Ерөнхий сайд хошигнож байв.

Орчин үеийн хот болохоор ажиллаж буй Баруун-Уртынханд
сэтгэл хангалуун байгаагаа Засгийн газрын тэргүүн илэрхийллээ

Гэр
хорооллыг дэд бүтэцжүүлэх жишиг хорооллын ажлын явцтай танилцсаны дараа
Ерөнхий сайд аймгийн төв дэх худалдааны төвөөр орлоо. Орон нутгийн
төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 12000 квадрат метр
талбай бүхий битүү зах, авто вокзалын барилга байгууламжийг 2010 онд
ашиглалтад оруулжээ. Энэ худалдааны төв ашиглалтад орсноор 100 орчим
ажлын байр шинээр бий болж, иргэд эрүүл ахуйн шаардлага хангагдсан ая
тухтай дулаан орчинд үйлчлүүлэх таатай нөхцөл боломж бүрдсэн байна. Энд
талбай түрээслэн худалдаа эрхлэгчид сард 108 мянган төгрөгийн төлбөр
төлж, дулаан тохилог орчинд ажил үйлчилгээ явуулж байна. Үүний дараа
Засгийн газрын тэргүүн Сүхбаатар аймгийн ИТХ, Засаг дарга, ЗДТГ-ын хамт
олон болон 20 гаруй агентлаг, төсөвт байгууллагын удирдлагуудтай уулзаж,
тус аймагт хэрэгжүүлж буй томоохон бүтээн байгуулалтын ажлуудын явц,
орон нутагт тулгамдсан асуудал, түүнийг шийдэх талаарх саналыг нь
сонслоо. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Н.Алтанхуяг улсын хэмжээнд
Сүхбаатар аймаг жишиг бүтээн байгуулалтын анхдагч болж буйг бахдан
тэмдэглэв. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд Баруун-Уртчууд бүтээн
байгуулалтын томоохон шинэлэг ажлууд эхлүүлж, үлгэр жишээ болохуйц
туршлага хуримтлуулаад байгаа юм. Баруун-Урт хот аймгийн төвөө хот
болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар Дархан, Эрдэнэтийг
оролцуулаад улсын хэмжээнд стандарт хангаж буй гурван хот л бий. Иймд
Шинэчлэлийн Засгийн газар үйл ажиллагааныхаа хөтөлбөрт бүх аймгийн
төвийг хот болгон хөгжүүлэх зорилт тавьж, энэ зорилтынхоо хүрээнд 10
аймгийн төвийн инженерийн дэд бүтцийг шинээр болон шинэчлэхээр төлөвлөж,
санхүүжилт болох 20 тэрбум төгрөгийг 2013 оны улсын төсвийн төсөлд
тусган УИХ-д өргөн барьсан. Ирэх дөрвөн жилд эрчимтэй өрнөх бүтээн
байгуулалтын энэ ажил Баруун-Уртад аль хэдийнэ биеллээ олж, бусдад жишээ
туршлага болохуйц түвшинд хүрснийг Засгийн газрын тэргүүн онцоллоо. “Би
бусад аймагт очихдоо их ярьдаг бол Сүхбаатарт их сонсож, их хардаг. Энд
би дөрвөн удаа ирж, аймгийн төвийг хот болгон хөгжүүлэх ажилтай биечлэн
танилцсан ч өнөөдөр дахиад л шинийг харлаа. Баруун-Урт хотод автомашины
зогсоол ямар цэгц журамтай зохион байгуулагдсаныг сая ажиглалаа” гэж
орон нутгийн удирдлагуудыг сайшаалаа. Засгийн газрын тавьсан өөр нэг
зорилт бол 1000 айлын орон сууц төслийг бүх аймгийн төвд хэрэгжүүлэх
ажил юм. Энэ хүрээнд 2012 онд 10 аймгийн төвд орон сууцны хорооллын
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах, 5 аймгийн төвд орон сууцны
хорооллын инженерийн шугам сүлжээний зураг төслийг шинээр боловсруулж
эхлээд байгаа. Үүнд Сүхбаатар аймгийн төвд шинэ орон сууцны хорооллын
хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажил багтсан. Орон сууцны
энэ хороолол нь сургууль цэцэрлэг, үйлчилгээний бүх төрлийн төв, бичил
цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн спорт, тоглоомын талбай зэрэг хүний тав
тухтай амьдрах орчныг бүрдүүлсэн цогцолбор байх юм. 2012 ондоо багтаан
ерөнхий төлөвлөгөөг гаргаж, ирэх оноос бүтээн байгуулалтын ажил эхэлнэ.
Инженерийн шугам сүлжээг улсын хөрөнгөөр байгуулж өгөөд, иргэдэд хүргэх
менежментийг орон нутаг өөрөө хариуцна. Орон сууцны үнийн өсөлтөд гол
нөлөө үзүүлдэг дэд бүтэц, газрын асуудлыг ийнхүү төр хариуцсанаар
иргэдэд хямд үнээр орон сууцтай болгох жишиг ажил болох юм.

Зөвхөн энэ онд Сүхбаатарт өрнөсөн бүтээлч
ажил чамлахааргүй үр дүнтэй байна

Аймгийн
төвд 2012 онд гэхэд хэд хэдэн томоохон бүтээлч ажил өрнөж байна.
Эдгээрээс онцлох зарим ажлыг аймгийн удирдлагууд товчхон танилцуулсан
юм. Аймгийн төвд дөрвөн чиглэлд 5.4 км зам шинээр тавьж, хоёр чиглэлд
3172 квадрат метр явган зам, 6 км замын дагуу иж бүрэн гэрэлтүүлэг тавьж
байна. Мөн Баруун-Уртын төв зам дагуу 12 жилээр нэрлэсэн чулуун
цогцолбор байгуулж, тойрог замын голд хоёр хөшөө босгож, аймгийн төвд
үерийн далан байгуулж дуусчээ. Түүнчлэн, Дөрвөлж толгойн цэцэрлэгт
хүрээлэнг барьж эхлүүлээд байна. Хоёр жилийн өмнө хар замын асфальтын
үйлдвэр барьж ашиглалтад оруулсан нь замын гол бүтээгдэхүүнийг орон
нутагтаа хямд төсөл үйлдвэрлэх боломж бүрдүүлж, эдгээр ажлын ард богино
хугацаанд гарахад нь дэмжлэг болжээ. Баруун-Урт суманд 640 хүүхдийн
сургууль, 150 ортой цэцэрлэг, Түмэнцогт суманд 320 хүүхдийн сургууль,
200 ортой дотуур байрны барилга шинээр барьж байна. Дарьганга, Наран,
Халзан сумын ЗДТГ-ын конторын барилгын ажлыг эхлүүлж, Дарьганга,
Эрдэнэцагаанд Соёл, урлаг, спортын өргөө, Баруун-Урт суманд 50 ортой
төрөх эмнэлэг, аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Хүнс, ХАА,
жижиг дунд үйлдвэрийн газрын конторын барилгыг шинээр барьж байна.
Хувийн болон орон нутгийн хөрөнгө оруулалтаар Баруун-Уртад 360, 240, 30,
36, 75 айлын орон сууц барьж байна. Тус сумын 7-р багийн 36, 27, 48
айлын 5 байр, 1-р багийн цагаан 24 айл, Эрчмийн 8 айлын орон сууцанд
гадна засвар хийжээ. Улсын төсвийн санхүүжилтээр Сүхбаатар аймгийн
Эрдэнэцагаан сумын нутаг дахь Бичигт хилийн боомтын ерөнхий төлөвлөгөөг
энд онд боловсруулж дуусна. Суурин газрын түвшинд байгуулагдах энэ
хилийн боомтод 3000-5000 хүн ам оршин суух худалдаа үйлчилгээ, тээвэр
ложистикийн төвтэй томоохон суурин газар босгохоор ийнхүү төлөвлөж
байна. Ирэх жилүүдэд төсөвт үе шаттайгаар барилга, инженерийн шугам
сүлжээг барих хөрөнгийг суулгаж шийдвэрлэхийг орон нутгийн удирдлага
Засгийн газрын тэргүүнээс хүсч байв.

Шинэ үеийн бүтээн байгуулалтын төлөөлөл
“Шарга” кино театртай танилцав

Дуу,
дүрсний хамгийн орчин үеийн 3D технологийг бүрэн нэвтрүүлсэн “Шарга”
кинотеатрыг Баруун-Урт хотын төвд энэ намар ашиглалтад оруулжээ. Ерөнхий
сайдыг орон нутагт нь ажиллах үеийг тохиолдуулан байнгын үйл
ажиллагааны нээлтээ хийсэн юм. Улсын болон орон нутгийн төсвөөс нэг ч
төгрөг аваагүй, тодруулж хэлбэл хүний гавьяат эмч Б.Мөнхчулуун сангийн
хөрөнгөөр босгосон энэ театр дэлхийн бусад оронд ашиглаж буй хамгийн
орчин үеийн техник технологиудыг иж бүрнээр суурилуулжээ. Орчин үеийн
хөгжлийг орон нутгаасаа харж байгаа нь манай орны хувьд том ололт гэж
Засгийн газрын тэргүүн үүнийг сайшааж байв. Тус кино театрт төвлөн
залуусын чөлөөт цагийн томоохон цогцолбор барьж улам өргөжүүлэхээр
ажиллаж байгаагаа аймгийн удирдлага хэлж байна. Тухайлбал, энд балетын
болон төгөлдөр хуурын сургууль, залуу зохион бүтээгчдийн дугуйлан,
түргэн хоолны газар зэрэг сургалт үйлчилгээний цогцолбор нэмж барих аж.
Мөн шилэн кабелиар өндөр хурдны интернэтийг иргэд, тэр дундаа залуу
үеийнхэнд үнэгүй хэрэглэх боломж бүрдүүлээд байгаа юм байна. Үдээс өмнө
ийнхүү бүтээн байгуулалтын ажилтай биечлэн танилцсан Засгийн газрын
тэргүүн “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээ Баруун-Урт хотод өнөөдөр
зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээр Сүхбаатар аймгийн хот төлөвлөлт,
бүтээн байгуулалтын туршлагын талаар дэлгэрэнгүй танилцуулга сонсож, ард
иргэдийн сонирхсон асуултад хариулт өгнө. Хэлэлцүүлгийг МҮОНТВ-ээр шууд
дамжуулан үзүүлж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж