2016 он хүртэл Хятадаас эрчим хүч авна

Хуучирсан мэдээ: 2012.11.11-нд нийтлэгдсэн

2016 он хүртэл Хятадаас эрчим хүч авна

Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд Хятадаас эрчим хүч импортлох хугацааг 2016 он хүртэл гэж заасан. Тэр болтол уурхай дээрээ цахилгаан станц байгуулсан байх ёстой гэж Эрчим хүчний яамнаас мэдээллээ. Өнгөрсөн онд Засгийн газар “Оюутолгой” ХК-д 450 мегаваттын, “Эрдэнэс Тавантолгой”-д 350 мегаваттын цахилгаан станц барих зөвшөөрлийг нь олгосон учраас цахилгаан станцаа барих ёстой юм байна.

Оюутолгойн үйлдвэрлэл явуулахын тулд Өвөрмонголын Баяннуур аймгаас эрчим хүч авах гэрээ байгуулахад 1,5 жил гаруйн шаардагдсан. Эрчим хүч нийлүүлэх гэрээг Хятад руу зэсийн баяжмал нийлүүлэх гэрээтэй уялдуулах ёстой байсан учраас ийнхүү цаг хугацаа их орсон гэж эх сурвалж мэдээллээ.

Мөн Хятадаас богино хугацаанд буюу 2016 он хүртэл эрчим хүч авах гэрээ учраас яриа хэлэлцээр хийгдэж явсаар өнгөрсөн долоо хоногт төгсгөлийн шатандаа оржээ.

“Оюутолгой” ХХК болон хөрөнгө оруулагчдын зүгээс Эрчим хүч авах гэрээ шийдэгдсэний ачаар Оюутолгой уурхайгаас анхны зэсийн бүтээгдэхүүн гурван сарын дотор гарч эхлэхээр болсон гэж мэдээлж байгаа юм.

Эрчим хүчээр нийлүүлэх гэрээ байгуулахад цаг их орсноос дөрвөн тэрбум гаруй  ам.долларын өртөгтэй төсөл бага зэрэг хойшилсон гэж “Рио Тинто” мэдээлсэн юм.

“Эрчим хүчээ авах болсноор анхны зэсийн баяжмалаа үйлдвэрлэх эхлэх боломжтой боллоо гэсэн үг ” гэж Turquoise Hill-ийн гүйцэтгэх захирал Кэй Приесли хэлсэн байна. 

Эрчим хүчний гэрээг байгуулснаар гурван сарын дотор уурхайн олборлолт эхлэж, үүнээс 3-5 сарын дараа экспортод гаргахад бэлэн зэс үйлвэрлэж эхлэх юм байна.

Эрчим хүч нийлүүлэх гэрээг байгуулахад 34 хувийг эзэмшигч Монгол Засгийн газар Бээжинтэй хэлэлцээ хийж оролцсон ба манай хоёр орны хооронд анх удаа эрчим хүч импортлох гэрээ байгуулж буй нь энэ юм. 

Б.ХАЛИУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж