Тасалбар борлуулагчид ”хөгжилтэй” хүмүүс шүү

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Тасалбар борлуулагчид ”хөгжилтэй” хүмүүс шүү

Өнгөрсөн баасан гарагт Дархан-Уул аймаг явахаар Сонгинохайрхан дүүрэгт орших Авто вокзал дээр очсон юм. Тэнд хүмүүсийг автобус унаанаасаа бууж ирэнгүүт нь таксины жолооч нар ам уралдан “Хаашаа явах вэ” хэмээн шалгааж байлаа. Тэд хөдөө орон нутгийг зорих тээврийн хэрэгслийн жолоочид юм. Тэгээд хүмүүсийн ачааг нь булааж авах шахан  “Дархан явлаа”,  “Эрдэнэт явлаа. Ганц хоёрхон хүн аваад шууд хөдөлнө” гэх зэргээр орилно. Яг л өөрийн бараагаа үнэд хүргэх гэж ядаж байгаа наймаачид дунд орчиховуу гэлтэй. Дархан, Эрдэнэт рүү явахдаа хүмүүс таксийг бус автобусыг илүүд үзнэ. Яагаад гэвэл автозам нь нарийхан. Осол их гардаг болохоор таксины жолооч нарыг найдваргүйд тооцож, ихэвчлэн том оврын автобусанд суудаг юм билээ. Автобусуудын хөдлөх хуваарь нь нэг, нэг цагийн зайтай. Гэхдээ зорчигчдын суудал бүгд дүүрчихвэл цагаа хүлээлгүй шууд л гарчихдаг. Хоосон суудлууд байгаад байвал хүлээж байгаад яг цагтаа хөдөлнө. Ямартай ч Дархан руу 14.00 цагт хөдлөх автобусны билет бичүүлэхээр авто вокзал дээр очиход иймэрхүү дүр зураг ажиглагдсан юм.

Тэнд очиход таван цонхон дээр билетийн касс нь ажиллаж байв. Хүмүүс ээлжлэн дугаарлаж байлаа. Гэхдээ цонх тус бүрт аль чиглэлд явах автобусны билетийг бичиж байгаа нь тодорхойгүй. Ямар ч бичиг хадаагүй байлаа. Тэгээд “Дарханы билетийг хаана нь бичиж байгаа юм бол” гэж дугаарлаж зогссон хүмүүсээс асуугаад ганц ч үг олж сонссонгүй. Дахиад асуув. Бас л таг чиг. Аргаа барсандаа дугаарлаж зогсож байгаад нэгэн ажилтанд нь нөгөө асуултаа дахиад тавилаа. Нөгөө ажилтан хариу хэлэхгүй хэсэг азнаснаа “Юу гэнэ ээ” гэхэд нь “Дархан руу явах автобусны билет бичүүлэх гэсэн юм. Аль цонхон дээр очих уу”  гэж нэлээд чангахан асуув. Одоо түүний чанга ярих ээлж ирэв бололтой. “Юундаа орилоод байгаа юм бэ. Чи ямар дүлий хүнтэй ярьж байгаа юу. Энд бичиж байна” гэх нь тэр. Ингээд бид хоёрын дунд дараах байдлаар яриа өрнөсөн юм.

-Би 14:00 цагийн автобусаар явах гэсэн юм. Билет нь байгаа юу?

-Чи бичүүлэх хүн үү, үгүй хүн үү. Бичүүлэхгүй бол дараагийн хүндээ зай тавиад өгчих.

Танаас 14:00 цагийн автобусны билет байгаа юу гэж асуусан шүү дээ?

-Байгаа гээд байгаа юм биш үү.

Тэрбээр ийн хариулав. Үйлчилгээний ажилтанд хүмүүс­тэй хэрхэн харилцахыг заалтай нь биш дээ, ямартай ч түүнтэй ойлголцох гэж нэлээд удсаны эцэст Дархан руу явах 14:00 цагийн автобусны билет авсан юм. Автобус ч цагтаа хөдлөв. Улаанбаатар, Дарханы хооронд 250 гаруй километрийн зайтай учир гурван цаг гаруй яваад л зорьсон газартаа ирэв.  Дархан-Уул аймгийн авто вокзал нь төвөөсөө жаахан зайтай байдаг. Тийм болохоор тэндээс цааш аймгийн төв рүү ороход таксинууд 1000 төгрөгөөр, микро автобуснууд 500 төгрөгөөр тус тус үйлчилнэ. Уг нь аймгийн төв, авто вокзал хоёрын хооронд хүн тээвэрлэх зөвшөөрөл ганц микро автобусанд байдаг. Гэвч “хулгайн” замаар жижиг автомашинууд зорчигчдыг нь авчихдаг болохоор үйлчлүүлэгчдээ булаацалдсанаас үүдээд авто вокзал дээр нь багахан маргаан болж байх юм. Хол замд ядарсан хүмүүс микро автобусанд тэр болгон суудаггүй. Гялс явчихдаг болохоор 1000 төгрөгөө төлөөд жижиг машинд суухыг илүүд үздэг юм билээ. 

Дарханд очсоны маргааш нь буцаад Улаанбаатар руу явахаар 13:50 цагт авто вокзал дээр ирэв. Ганцхан цонхоор билет бичиж байсан болохоор нэлээд оочерлох шаардлагатай боллоо. Улаанбаатар руу явах 14:00 цагийн автобусанд дөрөв, тавхан суудал үлдсэн бололтой дугаарлаж байсан эхний хэдхэн хүний билетийг биччихээд хагас цаг орчим ажилласангүй. Хүмүүс хэсэг хүлээж, чимээгүй дугаарлаж байснаа тэсвэр нь алдарсан маягтай ам амандаа үглэцгээв. Энэ үед мөнөөх кассчин “Билет бичихгүй. … гэсэн дугаартай автобусанд шууд ороод суучих” гэв. Хүмүүс ч аятай тухтай суудал олж суухаар автобус руу гүйлдэв. Бүх зорчигч орсны дараа кассчин орж ирж  хүмүүсийн нэрийг бичиж авахдаа маш их уурлан “Нэрээ чанга хэлээч. Бүлхи залгичихсан юм шиг шивнээд байх юм” гэж үглэсээр миний нэрийг бичихээр ирэв. Би ч нэрээ хэлэхэд “Юу гэнэ ээ. Чанга дуугараач” гэхэд нь янзыг нь үзээд хэлсэнгүй. Тэгтэл “Хөөе” гээд над руу нэлээд ширүүхэн харж байх юм. Тэгэхээр нь “Юу гэнэ ээ. Бүлхи залгичихсан юм шиг амандаа бувтнаад байх”  гэж өөрийг нь дуурайв. Мань хүн лав жигтэйхэн уурласандаг шүү. Тэгээд амандаа бувтнасаар нэр бичиж аваад бууж үлдсэн билээ. Манай автобус замдаа нэг их сааталгүй явсаар Улаанбаатарт ирсэн юм. Ямар ч гэсэн ингэж нэг Дархан орчихоод ирж билээ. “Хөгжилтэй” л байлаа.

Ж.БАТТУУЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж