Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2012.11.12-нд нийтлэгдсэн

Шатахууны нөөцийг нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа

УИХ-ын 2008 оны 48 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн доод хэмжээг 120 мянган тонн буюу хоёр сарын хэрэглээтэй тэнцэх хэмжээнд хүргэх, мөн шатахууны нөөцийг хадгалахад нэмж шаардагдах сав барих ажлыг зохион байгуулахыг Засгийн газарт даалгасан байдаг. Гэсэн ч дээрх шийдвэр хэрэгжээгүй, 2008 оноос хойш компанийн нөөцийн хэмжээ шинэчлэгдээгүй, энэ хугацаанд шатахуун импорт­логч компаниудын тоо нэмэгдсэн, ша­тахууны хэрэглээ өссөн учраас нөөц бүрдүүлэх компанийн нэрс, нөөцийн нэр төрөл, хэмжээг шинэчлэх шаардлагатай болжээ. Иймээс Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүний 20 хоногийн нөөцтэй байсныг Засгийн газраас улсын нөөц болон компанийн нөөцийг тус бүр 30 хоногийн хэрэглээг хангахуйц хэмжээнд хүргэж нийт 60 хоногийн нөөц болгон нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ. Дээрх тогтоолын хэрэгжилтийг 2013 оны гуравдугаар сарын 1-ний дотор хангуулж, жил бүрийн наймдугаар сард гүйцэтгэлийг хэлэлцдэг байхаар тогтлоо. Өнгөрсөн долоо хоногт “НИК” ХХК-аас газрын тосны бүтээгдэхүүний үнэ өснө хэмээн яаравчлан мэдээлэл хийж, зарим газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхлэгчид зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалт хийсэн нь нийгэмд сөрөг нөлөө үзүүлсэн тухай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дараах шийдвэрийг гаргалаа. Үүнд: Өрсөлдөөний хууль тогтоомж зөрчсөн, газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч компаниудад хуулийн дагуу хариуцлага тооцож ажиллахыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнайд даалгав. Зах зээл дээрх давамгай байдлаа урвуулан ашиглаж, газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсгэх, олон нийтэд буруу мэдээлэл өгөх замаар аж ахуйн нэгж, иргэд болон үндэсний эдийн засгийн аюулгүй байдалд хохирол учруулах санаатай үйлдэл гаргасан гэм буруутай этгээдүүдэд хуулийн хүрээнд хариуцлага тооцох ажлыг судлан, хэрэгжүүлэхийг Хууль зүйн сайд Х.Тэмүүжинд даалгасан байна. Мөн газрын тосны бүтээгдэхүүний импорт, бөөний жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг тодруулж, цаашид хууль тогтоомж зөрчигчдөд хариуцлага хүлээлгэх эрх зүйн орчныг боловсронгуй болгох талаар санал боловсруулж, Засгийн газрын хуралдаанд оруулахыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин нарт даалгажээ. Мөн Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнгөрсөн долоо хоногийн эхний өдрүүдэд Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгуудад ажиллахдаа олж харсан асуудлуудаа шийдэх эхлэлийг тавилаа. Засгийн газрын хуралдаанаар тус аймгуудын иргэд, байгууллагаас тавьсан санал хүсэлтийг шийдвэрлэх арга хэмжээний төлөвлөгөө гарган, баталлаа. Тодруулбал, Дорнод аймагт газрын тосны нөөц ашигласны төлбөрийн хэмжээг харилцан тохиролцож, “Тосон-Уул” XIX талбайд байгуулсан бүтээгдэхүүн хуваах гэрээнд нэмж тусгах ажлыг үргэлжлүүлэхийг Уул, уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгожээ. Мөн Монгол Улсын нутаг дэвсгэрт бүтээгдэхүүн хуваах хэмжилтийн цэгийг тогтоож, Газрын тосны газар, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК нэгдсэн ойлголтод хүрсний дараа “Тосон-Уул” XIX, Тамсаг-XXI ашиглалтын талбайн зөвшөөрлийг олгох асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулахаар болов. Дорнод аймгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй газрын тосны үйл ажиллагаанд шаардлагатай ажилчдыг орон нутгаас хангах, “Петрочайна Дачин Тамсаг” ХХК-ийн Монгол ажилчдын цалинг 2013 оны нэгдүгээр сараас нэмэгдүүлэх, 2012 оны арваннэг, арванроёрдугаар сарын цалингийн нэмэгдлийг нөхөж олгуулахаар шийдвэрлэлээ.  Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 287 км замыг 2013 онд, Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийг холбосон 177.9 км хатуу хучилттай замыг 2014 онд ашиглалтад оруулах, Баруун-Урт-Эрдэнэцагаан-Бичигтийн боомттой холбосон 290 км хатуу хучилттай авто замын зураг төслийг  2013 онд боловсруулж дуусгахыг Зам тээврийн сайд А.Гансүхэд үүрэг болголоо. Хэнтий аймгийн хувьд Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн барилгын ажлын байдлыг судлан холбогдох асуудлыг шийдвэрлэж, “Чингис хааны цогцолбор”-ын төслийг Засгийн газрын хуралдаанд танилцуулахаар болов. Мөн төмс, хүнсний ногооны аж ахуй эрхлэгчид, борлуулагчдын агуулах, зоорийн асуудлыг судалж, шийдвэрлэхийг Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга, Хэнтий аймгийн Засаг дарга Ч.Эрдэнэбаатар нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж