Тав дахь үеийн хунтайж нар

Хуучирсан мэдээ: 2012.11.19-нд нийтлэгдсэн

Тав дахь үеийн хунтайж нар

Бээжинд Хятадын Коммунист намын 18 дугаар их хурал өндөрлөв. Намын дарга болно гэгдэж байсан Ши Жинпинь энэ албан тушаалаа авдгаараа авч, 2013 оны гуравдугаар сараас Хятадын төрийн тэргүүний суудалд суухаар боллоо. Хурлын үр дүн шинжээчдийн таамаглаж байснаар болж Хятадын ойрын ирээдүйн шинэ цаг үед өмнөх удирдагч Зян Зэминийн бүлэглэл хүчээ авах нь тодорхой болжээ.
 Хятадын засаг төр дэхь хүчний хуваарилалт яаж өөрчлөгдөхийг шинжээчид ам уралдан таамаглаж байсан боловч өнгөрсөн хурал оньсого ихтэй байлаа. Төрийн шинэ тэргүүн, ерөнхий сайд нарын нэрс эргэлзээгүй тодорхой байсан ч үнэндээ хурал дуусан дуустал ээдрээ үргэлжилсээр, намын удирдлагын төлөөх хөшигний ар дахь тэмцэлд хэн нь ч ялж мэдэхээр байжээ.

 Шинээр засгийн эрхэнд гарч буй лидерүүдийг Хятадын удирдагчдын тав дахь үе гэдэг. Эхний үеийн удирдагч нь БНХАУ-ыг үндэслэгч Мао Зэдун байсан бол түүний халааг эдийн засгийн шинэчлэлийн эцэг Дэн Сяопин авсан билээ. Түүний араас Зян Зэминь, удаалаад Ху Жинтао гарч ирэв. Төрийн тэргүүд нь урьдаас төлөвлөсөн бүдүүвчээр солигддог явдал Хятадын улс төрийн тогтвортой байдлын үндэс гэгддэг. Гэхдээ үүнээс өмнө засгийн халааг хэн авахыг голчлон өмнөх удирдагчид нь сонгож чиглүүлж өгдөг байсан бол энэ удаагийн марафон өрсөлдөгч бүлэглэлүүдийн хоорондын хурц ширүүн тэмцэл дунд өрнөсөн байна.

 Энэ удаагийн нөхцөл байдал, үйл явдлын гол хүн нь Хятадыг 1993-2003 онд удирдсан гурав дахь үеийн лидер Зян Зэминь байлаа гэж ажиглагчид үзжээ. Тэрбээр нам, улсын тэргүүэмй албыг Дэн Сяопиноос авсан бөгөөд Дэн Сяопин нь 80-аад оны сүүлээр ажил хэргээс хөндийрсөн ч, Коммунист намд жинтэй нөлөөгөө хадгалсаар байсан юм. Тэрбээр 1992 онд болсон намын 14 дүгээр их хурлаар Зян Зэминийг төрийн тэргүүнээр гаргаж ирэхдээ, дараа нь буюу 10 жилийн хойно хэн гарч ирэх ёстойг ч зааж өгсөн бөгөөд тэр нь Ху Жинтао байв. 1997 онд Дэн Сяопин нас барсан ч нэр нөлөө нь хэвээр үлдсэн тул тухайн үеийн Хятадын удирдлага их жолоодогчийнхоо захиаснаас зөрж зүрхлэлгүй, хэлсэн ёсоор нь Хуг гаргаж ирсэн билээ. Гэхдээ Барууны хэвлэлд бичдэгчлэн, залгамжлагчдаа таагүй ханддаг Зян Зэминь Дэн даргынхаа захиасыг үл хэрэгсэн албан тушаалаа өөрийн сонгосон хүнд өгөхөөр оролдсон боловч тэр удаад хараахан чадаагүй гэдэг. Гэхдээ 2003 онд гавъяаны амралтандаа гарсан ч түүний нөлөө хэвээр аж. Юуны түрүүнд тэрбээр удирдах дээд байгууллагуудад өөртөө үнэнч хүмүүсийг суулгаж чаджээ. Тухайлбал, шинэ төрийн тэргүүний орлогч болсон Зэн Зинхун түүний бүлэглэлийн гол хүн юм. Хятадын төрийн удирдлагын үндэс амтын зарчим дээр тулгуурладаг, харин төрийн тэргүүн нь удирдагчид дотроо л удирдагч байдаг нөхцөлд засаг төрийн залуур дээр өөрийн хүнээ суулгасан нь Зян Зэминьд туйлын ашигтай байдал олгож байна. Хоёрдугаарт, гурав дахь үеийн удирдагч тэрбээр нам төрийн тэргүүний албаа өгсөн ч, Цэргийн зөвлөлийн албан тушаалаа хоёр жил үргэлжлүүлэн хашсан нь төр засгаас шийдвэр гаргахад нөлөөлсөөр байсан гэсэн үг юм.

 Засаг төр шинээр солигдсон байдал нь Зян Зэминьд байр сууриа бэхжүүлэх шинэ боломж олгов. Энэ удаад төрийн тэргүүний залгамжлагчийн хувьд урьд өмнөөс төлөвлөгдсөн хүн байгаагүй нь, бүлэглэлүүдийг хоорондоо тохиролцоход хүргэжээ. Нэг үе төрийн тэргүүнд, Ху Жинтаод үнэнч “комсомолчдын” хэмээх бүлэглэлийн төлөөлөгч ерөнхий сайдын орлогч Ли Кэцяны нэр яригдаж байсан боловч 1998 онд төрийн тэргүүний орлогчоор Ши Жинпинь гарч ирснээр албан ёсны залгамжлагч тодорхой болжээ. Ли Кэцянаас ялгаатай нь, тэрбээр Бүгд найрамдах улсыг үндэслэгч, улс төрийн нөлөө бүхий зүтгэлтнүүдийн удам угсааныхан багтдаг “хунтайж нарын” бүлэглэлийн төлөөлөгч юм. Тэгвэл шинэ удирдагчийг удирддаг хүн нь ерөөсөө л Зян Зэминь билээ. Хоёр бүлгийн хоорондын тэмцэл (Зян Зэминий талынхан бол нэг бүлэг ч бас биш, “хунтайж нар” болон Шанхайн намын хорооноос угшилтай “шанхайхны” бүлгийн нэгдэл юм) далдуур болж өнгөрсөн хэдий ч, зарим нэг баримт хүрээнээсээ хальж гарсан нь байна. Тухайлбал, Чунцин хотын намын хорооны нарийн бичгийн дарга асан Бо Шилайн тарьсан дуулиан юм. Түүнийг бүх албан тушаалаас нь огцруулж, намаас хөөсний дараа эхнэр Гу Кайлайг нь Их Британийн бизнесмэн Нил Хэйвүдийг хөнөөсөн хэрэгт холбогдолтойг тотоосон билээ. Хятадын дарга, ерөнхий сайд нарын багтдаг, тус улсын төрийн эрх барих дээд байгууллага болох Коммунист намын Улс төрийн товчооны Байнгын хороонд Бо Шилайн орох нь өнөө маргаашийн хэрэг болоод байсан цаг саяхан. Богийн хэрэг “хунтайж нарын” бүлэгт хүнд цохилт болсон хэдий ч “комсомолчид” энэ хэргийг зохион байгуулсан гэдгийг нотлох баримт хараахан үгүй байна.

 Намын их хурлын товыг өөрчилсөн явдал бүлэг хоорондын тэмцлийн нотолгоо байсан бөгөөд аравдугаар сард товлогдсон хурлыг 11 дүгээр сарын найман хүртэл хойшлуулсан юм. Мөн мэдээллийн дайн амьдрал дээр бодитой болсон нь олны анхаарлаас мултраагүй. Шинэ удирдагч Ши Жинпиньтэй холбоотой дуулиант материалыг “Bloomberg” агентлаг зургадугаар сарын 29-нд тараасан бол ерөнхий сайд Вэнь Зябаогийн тухай нийтлэлийг “The New York Times” сонин 10 дугаар сарын 26-нд гаргав. Аль алинд нь хоёр улс төрчийн хамаатан садангуудын эзэмшдэг асар их хөрөнгийн тухай өгүүлсэн нь дэлхий даяар дуулиан дэгдээсэн билээ.

 Эцэст нь Их хурал болохоос өмнө намын Төв хорооны Байнгын хороонд өөрчлөлт орохоор болсон талаар хэвлэлүүд бичиж эхэлсэн бөгөөд талууд урт удаан хугацаанд хэлэлцсэний үр дүнд тус хорооны есөн гишүүнийг долоо болгож цөөлөхөөр санал нэгдсэн гэж шуугисан нь үнэн байж таарсан билээ. Зарим шинжээчийн үзсэнээр энэ арга хэмжээ нь бүлэглэл хоорондын тэмцлийг сааруулах алхам байв. Зөрчилтэй нөхцөл байдалд оролцогч талууд хэдий чинээ цөөн байна, төдий чинээгээр асуудал хялбар шийдэгдэж, ажлын үр дүн дээшилнэ гэж үзсэний үр дүнд алхам хийсэн бололтой. Шинэ бүрэлдэхүүнийг харахад энэ байгууллагад Зян Зэминий нөлөө хүчтэй болж байгаа нь тодорхой байна. Ши Жинпинь, Ли Кэцян нараас гадна тус хороонд “хунтайж нарын” бүлэглэлийн дөрвөн гишүүн орсон бол ганцхан “комсомолч” багтжээ. “Комсомолчид” засаг төрд нөлөөгөө алдсаныг харуулж буй бас нэг баримт бол өмнөх удирдагчаас ялгаатай нь Ху Жинтао шинэ удирдагчийн бодлогод нөлөөлөх гэж оролдоогүйгээр үл барам намын даргын ажлаа Цэргийн зөвлөлийн даргын албатайгаа хамтад нь шилжүүлж өгсөн явдал юм. Шинжээчид түүнийг энэ чухал албаа авч үлдэнэ хэмээн итгэлтэйгээр таамаглаж байсан боловч Их хурлын дундуур Ху Жинтао, гишүүд нь авлигад холбогдох болсон намынхаа нэр хүндийг аварч гарахын тулд албан тушаалын төлөөх тэмцлээс татгалзахаар шийдсэн нь тодорхой болсон юм.

 Ер нь авлигын асуудал намын хурлын эхэнд Ху Жинтаогийн өөрийнх нь хэлсэн үгэнд төдийгүй залгамжлагчийнх нь илтгэлд нэг гол сэдэв болсон билээ. Албан тушаалтнуудын авлигын асуудал Хятадын нийгмийн шүдний өвчин болоод буй бөгөөд халаагаа өгч буй удирдагчдын хувьд авлигтай олигтой тэмцсэнгүй гэх үнэлгээтэйгээр явж байна. Шинэ удирдагчдын өмнө тулгарч буй бас нэг шалгуур бол Хятадын өнөөгийн эдийн засгийн загварын үр дүн буурч буй явдал юм. Хэдэн арван жилийн туршид энэ загварын үндэс нь экспортод тулгуурлах явдал болон ялангуяа дэд бүтцэд хийх хөрөнгө оруулалт байв. Гэвч шинжээчдийн үзэж байгаагаар ДНБ-ий өндөр өсөлтийг хангаж байсан энэ загвар бололцоогоо шавхаж эхэлсэн аж. Энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд нь шинэ удирдагчдад хэрэг болох өөрийн гэсэн давуу талууд бий бөгөөд тэдний ихэнх нь эдийн засгийн өндөр боловсрол, арвин туршлагатай, эдийн засаг тэр дундаа Барууны эдийн засаг яаж урагшаа явж буйг зөвөөр харж, төсөөлдөг хүмүүс юм.

 Ху Жинтаогийн захиснаар 2021 он гэхэд буюу Коммунист нам 100 насныхаа ойтой золгох тэр үед нэг хүнд ногдох үндэсний орлого 2010 оныхоос хоёр дахин өсч, Хятадад дундаж амьжиргаатай давхарга бүрэн утгаараа бий болсон байх ёстой юм. Мөн 2049 он гэхэд БНХАУ “баян чинээлэг, хүчтэй, ардчилсан, соёл иргэншилт, эв нэгдэлтэй, орчин үеийн социалист улс” болох ёстой билээ. Хугийн захиасыг Зянгийн “хунтайж” нар хэр хэмжээнд биелүүлэхийг харах л одоо үлдлээ.

Б.АМГАЛАН
Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж