Монголын 138 иргэн гадаадад ял эдэлж байна

Хуучирсан мэдээ: 2012.11.20-нд нийтлэгдсэн

Монголын 138 иргэн гадаадад ял эдэлж байна

Өнөөдөр үдээс өмнө УИХ-ын гурван байнгын хороо хуралдах байсан ч Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ирц бүрдээгүйн улмаас хуралдсангүй. Төсвийн байнгын хорооны хуралдаан хараахан эхлээгүй байна.

Харин Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдаж, Гадаад харилцааны сайд Л.Болдын мэдээллийг сонсч мөн, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслий эргэлтэлд хяналт тавих тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээлэлдээ Консулын алба нь хилийн чинадад Монгол Улс, түүний иргэд, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй байгууллага гэдгийг онцоллоо.

Гадаадад суугаа Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн газрууд иргэдийнхээ гадаадад зорчих эрх зүйн таатай нөхцөлийг бүрдүүлэх, гадаадад гэрээгээр ажиллаж байгаа иргэдийнхээ нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр тухайн улстай хамтран ажиллах, гадаадад байгаа иргэн гэнэтийн осол, халдлага, аюул, албадлагад өртөх, хүндээр өвчлөх, нас барах зэрэг тохиолдолд бололцоотой тусламж дэмжлэгийг шуурхай үзүүлэх, гадаадад зорчиж байгаа иргэдийг хар тамхи, хүний наймаа зэрэг ноцтой гэмт хэрэгт өртөхөөс сэрэмжлүүлэх, ийм хэрэгт холбогдсон бол эрхийг нь хамгаалах чиглэлээр тухайн улс, олон улсын байгууллагатай хамтарч ажиллах, гадаадад байгаа иргэддээ хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөө өгөх зэрэг чиглэлээр ажиллах үүрэгтэй гэж сайд Л.Болд хэллээ.

Өнөөдөр Монгол Улсын Дипломат төлөөлөгчийн 40 газар гадаадын 29 оронд ажиллаж байгаа юм байна. Монголчууд олноороо суурьшсан газруудад консулын үйлчилгээг ойртуулах үүднээс 2011 онд АНУ-ын Сан-Франциско, Японы Осака, БНХАУ-ын засаг захиргааны онцгой бүс Хонконгт Ерөнхий консул, Шанхайд Консулын төлөөлөгчийн газар нээжээ. Мөн Монгол Улсын 66 өргөмжит консул гадаадын 40 оронд үйл ажиллагаа явуулж иргэдэд дэмжлэг туслалцаа үзүүлж байгаа ажээ.

Өнгөрсөн хугацаанд иргэд, хуулийн этгээдийн эрх ашгийг хамгаалах зорилгын хүрээнд Болгар, Вьетнам, Казахстан, Киргиз, Куба, ОХУ, Польш, Румын, Словак, БНАСАУ, БНСУ, Турк, Украин, Унгар, Франц, Хятад, Чех, Энэтхэг зэрэг 19 улстай эрх зүйн туслалцааны гэрээ; монгол иргэд олноор оршин суудаг Казахстан, БНСУ, Хятад, Канад, Энэтхэг зэрэг дөрвөн улстай гэмт этгээдийг шилжүүлэх тухай гэрээ; АНУ, Афганистан, Болгар, Вьетнам, Куба, Лаос, ОХУ, Румын, Словак, БНАСАУ, Унгар, БНХАУ, Чех зэрэг 14 улстай консулын конвенц байгуулжээ.

Гадаадад оршин суугаа иргэдийн дунд хоёрдмол харьяалалтай иргэн олноор бий болж, тоо нь нэмэгдсээр байгаа аж. Үүнийг харгалзан Монгол Улсын хууль зөрчих явдлыг зогсоох, гадаад улсад оршин сууж буй иргэдийнхээ хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, тэдэнд тухайн улсын нийгмийн халамжид хамрагдах бололцоо олгох, иргэдэд учирч буй чирэгдлийг багасгах зорилгоор хоёрдмол харьяаллыг хязгаарлагдмал хүрээнд хүлээн зөвшөөрөх талаар эрх зүйн зохицуулалт хийх чиглэлээр ажиллаж байгааг сайд дурдлаа.

Энэ 2012 он гарсаар давхардсан тоогоор Монгол Улсын 1,2 орчим сая иргэн дэлхийн 172 оронд зорчсон байна. Монголчуудын хамгийн ихээр зорчдог гадаад орны тоонд БНХАУ, БНСУ, ХБНГУ, Казахстан, Англи, ОХУ, Япон, Сингапур, Турк багтдаг юм байна. Сайдын мэдээлэлд дурдсанаар Монгол Улсын иргэд Беларусь, Хонконг, Гүрж, Израиль, Куба, Хятад, Казахстан, Киргиз, Лаос, Макао, Малайз, Сингапур, Украин, Тайланд, Турк, Филиппинд визгүй зорчиж байгаа юм байна. АНУ-ын тал монголчуудад хоёроос 10 жилийн олон удаагийн зорчих виз олгох, Их Британи, Умард Ирландын нэгдсэн Вант улсад зургаагаас 10 жилийн хугацаатай олон удаагийн виз олгох талаар холбогдох байгууллагуудтай тохиролцжээ.

Иргэний шинэчилсэн бүртгэлээр Монгол Улсын 113292 иргэн гадаадад амьдарч байгаа гэсэн судалгаа гарчээ. Гадаадын иргэнтэй гэр бүл болсон 4391 тохиолдол, гадаадад төрсөн 4469 хүүхэд байгаа бол 13 оронд 138 иргэн ял эдэлж, 87 иргэн сатуулагдан шалгагдаж буй аж. Энэ онд 98 гэмт хэрэгт Монгол Улсын 112 иргэн холбогдсоны 80-аад хувийг хулгайн гэмт хэрэг эзэлжээ.

Шинэчилсэн бүртгэлээр БНСУ-д Монголын 31500, АНУ-д 25100, Чехэд 58600, Их Британид 8130, Германд 4212, Хятадад 4900 иргэн аж төрж буй нь монголчууд хамгийн олноороо суурьшсан газарт тооцогджээ. Бусдад хууртагдсан, хүний наймааны золиос болсон, эх орондоо буцах зардалгүй зэрэг 102 иргэнийг төрийн бус байгууллагуудтай хамтран гадаадаас авчирсан байна. Энэ оны эхний есөн сарын байдлаар Монголын 60 иргэн нас барсны хамгийн олон буюу 26 нь БНСУ-д амиа алджээ. ОХУ-д зургаа, БНХАУ-д долоо, бусад улсад 21 хүн нас баржээ. Үүнээс ,өвчнөөр 26, золгүй тохиолдлоор 10, авто ослоор найм, амиа хорлож гурав, бусад  шалтгаанаар 13 монгол иргэн нас барсан байна.

Энэ онд хилийн чинадад нас барсан иргэний шарилыг авчрах зэрэг зардалд ар гэрийн байдал, төлбөрийн чадваргүй зэргийг харгалзан 25 тохиолдолд 137 сая төгрөгийн тусламжийг иргэдэд туслах сангаас  зарцуулжээ.

Хар тамхины хэргээр Хятадад цаазын ял сонссон Ж.Дамдины амийг өршөөлгөх талаар бололцоотой бүх арга хэмжээг авсаар иржээ.

Гадаадад ял эдэлж байгаа 138 иргэнээс 26 нь хар тамхитай холбоотой гэмт хэрэгт холбогдсон байна. Тэдний ес нь эмэгтэй, 17 нь эрэгтэй, цаазаар авах ялтай тав, хугацаагүй хорих ялтай нэг, 5-10 жилийн ялтай дөрөв, 10-15 жилийн ялтай 12, 15-аас дээш жилийн ялтай гурван хүн байгаа ажээ. ОХУ-д гурван иргэн ийм хэрэгт шалгагдсан ч буруугүй нь нотлогдсон бол өнгөрсөн аравдугаар сарын 1-нд Хорватад нэг иргэн марихуан тээвэрлэсэн хэргээр шалгагджээ.

Энэ мэдээллийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны гишүүдэд сонсгосон юм.

Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж