Галын шалтгааныг тогтооно гэв

Хуучирсан мэдээ: 2012.11.21-нд нийтлэгдсэн

Галын шалтгааныг тогтооно гэв

Чингэлтэй дүүргийн VIII хорооны нутаг дэвсгэрт тодруулбал, Зүүн тасганы 2-15 тоот хашаанд байрлах нийтийн байранд өчигдөр 12.00 цагийн орчимд гал гарснаас 50 гаруй иргэн амьдрах оронгүй болсон юм. Оршин суугчийн тайлбарласнаар нийтийн байрыг нам даралтын зуухаар халаадаг байсан. Уг нам даралтын зуух дэлбэрснээс гал гарсан байх магадлалтай гэнэ. Галын шалтгааныг тогтоосон эсэх талаар Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн хэлтсийн ахлах зохицуулагч, хошууч н.Энхтайванаас тодрууллаа.

-Чингэлтэй дүүргийн нутагт шатсан нийтийн эзэмшлийн орон сууцанд гал юунаас болж гарсныг урьдчилсан байдлаар тогтоосон уу. Оршин суугчид нам даралтын зуух дэлбэрснээс болсон байж болзошгүй гэж байна?

-Хэргийн газарт ажилласан шинжээчдийн дүгнэлт одоогоор эцэслэн гараагүй байгаа. Том хэмжээний гал учраас галын шинжээчдээс гадна харьяалах Цагдаагийн хэлтсээс нь давхар шалгана. Тэнд хавтаст хэрэг нээж, тогтоолоо Галынханд ирүүлэх ёстой. Тэгж байж эцсийн байдлаар гал гарсан шалтгаан тодорно.

Тодруулахад, нийтийн эзэмшлийн орон сууц нь хоёр давхар, нийт 18 өрөөтэйгээс 16-д нь 50 шахам оюутан түрээсээр, хоёр өрөөнд нь байрны эзэд амьдардаг байжээ.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж