ЕАБХАБ-д Монголын далбааг мандуулна

Хуучирсан мэдээ: 2012.11.22-нд нийтлэгдсэн

ЕАБХАБ-д Монголын далбааг мандуулна

Монгол Улс өнөөдөр Австрийн Вена хотноо хуралдах, Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын Байнгын зөвлөлийн хуралд 57 дахь гишүүн орон болсноо  албан ёсоор зарлав. Тус байгуулллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол маргааш болох юм байна. Монгол Улс ЕАБХАБ-ын холбоонд элссэн талаар Гадаад харилцааны сайд Л.Болд мэдээлэл хийлээ.

Тус холбоонд Монгол Улс өчигдөр  57 дахь оролцогч орноор нэгдэн орлоо. Ингэснээр  тус байгууллагын бүрэн эрхт гишүүн улс болж байгаа юм. ЕАБХАБ-ын Байнгын зөвлөл 2012 оны арваннэгдүгээр сарын 8-20-нд хуралдаж Монгол Улсын гишүүнчлэлийн асуудлаар санал хураалт явуулж, гишүүн орнууд санал нэгтэйгээр Монгол Улсыг тус байгууллагын бүрэн эрхт гишүүн болгосон байна. Вена хотод маргааш хуралдах ЕАБХАБ-ын Байнгын зөвлөлийн хуралдааны үеэр Монгол Улс тус байгууллагын 57 дахь гишүүн орноор нэгдэн орсныг албан ёсоор мэдэгдэх юм байна. Мөн тус байгууллагын төв байранд Монгол Улсын төрийн далбааг залах ёслол болох ажээ.

ЕАБХАБ нь бүс нутгийн аюулгүй байдлын хамгийн том байгууллага бөгөөд Хойд Америк, Европ, Евро-Азийн  нийт 56 гишүүн орныг хамарч байсан бол ийнхүү Монгол Улс түүнд бүл нэмлээ.

Тус байгууллагын гишүүнээр элсэхээр Монгол Улс 2011 оны намар албан ёсоор хүсэлтээ гаргаж байжээ. ЕАБХАБ-ын энэ жилийн дарга болох Ирландийн Байнгын төлөөлөгч О.О"Лири, тус байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Занниер нарын тэргүүлсэн ЕАБХАБ-ын удирдлага, Нарийн бичгийн дарга нарын газар, тус байгууллагын харъяа байгууллагын төлөөлөгчдийн баг өнгөрсөн зургадугаар сарын 3-6-ны хооронд Монгол Улсад ажлын айлчлал хийж байсан юм.

Гадаад харилцааны сайд Л.Болд “Манай улс тус байгууллагын гишүүнээр элссэн нь олон тулгуурт гадаад бодлого бэхжүүлэх, түүний дотор аюулгүй байдлын асуудлаар гишүүн орнуудтай хамтран ажиллах, мэдээлэл, туршлага солилцох, яриа хэлэлцээнд тогтмол оролцох нөхцөл бүрдэж байна. Түүнчлэн гуравдагч хөршийн бодлогын хүрээнд АНУ болон Европын холбооны гишүүн орнуудтай  хамтын ажиллагаагаа харилцан эрх тэгш байх үндсэн дээр баяжуулах, илүү дотно харилцаа хөгжүүлэх нэгэн шинэ суваг нээгдэж байгаа” гэж онцлов.

Мөн ЕАБХАБ-ын хувь Монгол Улс тус байгууллагын гишүүн орон болох нь ЕАБХАБ болон түүний Азийн түнш орнуудыг холбосон гүүр болж, өргөн хүрээнд хамтын ажиллагааг илүү идэвхижүүлэх, ойртуулах боломж бүрдэх зэрэг олон давуу талуудтай юм байна.

Гадаад харилцааны сайд Л.Болд ирэх арванхоёрдугаар сарын 6-7-нд Ирландын Дублин хотноо болох ЕАБХАБ-ын  гишүүн орнуудын сайд нарын зөвлөлийн 19 дүгээр хуралдаанд бүрэн эрхт гишүүний орныхоо хувьд оролцох юм байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж