Хөшөө ба тусгаар тогтнол

Хуучирсан мэдээ: 2012.11.26-нд нийтлэгдсэн

Хөшөө ба тусгаар тогтнол

Хориод жилийн өмнө Сталины хөшөөг нурааж билээ. Тэр үед бүх зүйл “ойлгомжтой” байсан. Коммунизмын бэлэгдэл болсон аймшигт дарангуйлагчийн хөшөөг нураагаад оронд нь ардчилал, зах зээл байгуулна гэж бид омог бардам хэлж чадаж байв. Одоо Лениний хөшөөг нурааж байна. Даанч оронд нь хэлэх юм алга. Коммунизмтай тэмцэнэ гэвэл түүн шиг инээдэмтэй юм байхгүй. Хамтран ажиллаж, хамтран хулгай хийчихээд ямар нүүрээрээ тэмцэх юм. Одоо Ц.Элбэгдоржийн “ардчиллын хоёрдахь давалгаа” гэсэн хөгийн үзэл суртлын төлөө ура хашгирах болж байна уу…

Сүй генерал

Сүй Шү жаныг хараадаггүй монгол гэж байдаггүй боловч түүний хэн гэдгийг манайхан ор тас мэдэхгүй гэдэгт мөрийцсэн ч болох байна.

Сүй 1880 онд Чин гүрний Цянсу мужийн шэньши-н гэр бүлд төржээ. Багадаа маш ухаалаг хүүхэд байсан учир улсын шалгалтыг давж чадсан байна. 1905 онд Японы цэргийн академид суралцжээ. 1918 онд Сюй улс төрийн Аньфу бүлгийг үндэслэн байгуулжээ. Энэ бүлэг Хятадын парламентын сонгуульд нийт суудлын дөрөвний гурвыг авсан улс төрийн аньхой бүлгийн эх үүсвэр болсон байна.

Энэ бүлгийн өрсөлдөгч Жил-ийн бүлгийн төлөөлөгч Лю Цяньжан өөрийн ач Фэн Юйсяныг аньфу бүлгийн эсрэг турхирахыг оролдсон байна. Гэтэл Лю Цянь Жаныг 1918 онд Сүй Шү жан цаазалжээ.

Ингээд Сүй Шү Жан 1919 онд Нийслэл Хүрээг эзэлж, Монголын автономитийг (тусгаар тогтнолыг) устгав. Огцорсон Чен И-ийн албан тушаалыг эзэлж өөрийг нь Бээжин рүү шүүхэд илгээв. Удалгүй Сүйг жили-ийн бүлэгтэй дайн хийх болсон учир эргүүлэн дуудсан байна. 1920 оны эхээр Хятадад Дун Цижуйн засаг унаж Чэн И Өргөөнд эргэн иржээ.

Учир нь Хятадад болсон Аньхой болон Жили-ийн бүлгийн дайнд Сүй бут ниргүүлсэн байна. Зарим мэдээнд түүнийг Японы элчин сайдын яаманд нуугдаж байсан гэж бичдэг юм. 1920 оны эхээр Сүй Италид улсын дипломат төлөөлөгчийн гишүүний байдлаар байж байгаад 1924 он хүртэл Европт байжээ. 1924 онд Дуань Цижай засгийн эрхэнд дахин гарахад Сүй Хятадад эргэн иржээ.

1925 оны 12 дугаар сард Сүйг Фэн Юй Сян алсан байна. Энэ Фэн Юй Сян бол Умрын армийн командлагч болон мандаж явсан цэргийн жанжин бөгөөд тэр Монголд ирж монголчууд болон Коминтернтэй ихээхэн холбоотой байсан юм. Манай улс төрийн нэлээд зүтгэлнүүдийг Фэн юй Сянтай уулзсан гээд буруутгаад байсан байдаг юм. Фэн бүр хожим Оросын Одесс хотноо их сэжигтэйгээр нас барсан байдаг.

Сүйгийн хоёр хүү нь хоёулаа Хятадын нэртэй улс төрчид болсон. Охин нь нэрт хэл судлаачийн эхнэр болсон байдаг. Хятад уламжлал гэж үүнийг хэлдэг юм.

Одоогийн үнэлгээ

1993 онд Бээжин хотноо “Гадаад Монголын тусгаар тогтнолын нууц үгсэл” ном гарсан юм. Тэнд “Гайхамшиг ингэж бүтээгддэг юм” гэсэн бүлэг байдаг бөгөөд Монголын тусгаар тогтнолыг устгасан Сүй Шү жаны гавъяаг “Гадаад Монголын “өөртөө засах” гэсэн дэлхий дахиныг донсолгосон их хэцүү асуудлыг гайхамшигтайгаар зохицуулсан нь түүхийн хуудаснаа үүрд үлдэх хэрэг мөн” гэж дүгнэсэн байдаг.

Цаашаа. Энэ номонд: “Тэд (Сүхбаатар, Чойбалсан нарыг хэлж байна-Д.Г) Хятадыг хагалан бутаргаж, Ар Монголын тусгаар тогтнол гэгчийг аврах зорилготой байсан”, “тэдгээр салан тусгаарлагч хүчнүүд” нам болон нэгдсэнээр түүний байр суурь, гаргаж байсан уриалга, тунхаг нь “…хятад үндэстнүүдийн нийтийн эрх ашгийг зөрчиж, Хятадын тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдалд аюул учруулсан”. гэж дүгнэдэг юм.

Хятадын түүхчийн өөр нэг дүгнэлт. “Түүх шашдирыг сөхөн үзэхэд Монгол хэмээн байснаас хэдэн мянган жил болтол энэ удаагийн гүйцэтгэл нь (Монголын тусгаар тогтнолыг устгасан нь-Д.Г) үнэхээрийн тэргүүнд орох тэгш хөдөлгөөн болно” (МҮНС. Гар бичмэл номын сан хөмрөг. Чэнь Цзун Цзу. Гадаад Монголын ойрхи үеийн түүх. III дэвтэр. 1923 он. Шанхай.)

Одоо ойлгомжтой юу…

Энэ үед хэн байсан гээч

Энэ аймшигт үед Монголын тусгаар тогтнолыг зөвшөөрч дэмжсэн гадаадын хоёрхон хүч энэ дэлхийд байсан юм. Нэг дэх нь, Хятадын коммунистууд байсан юм. Битгий гайхаад байгаарай. Гэхдээ тэд их л сайндаа дэмжиж хааяа нэг бичиж л чадаж байв. Хоёр дахь нь Ленин тэргүүтэй Зөвлөлт засаг байсан юм. Бүх талын практик тусламжийг тэд л үзүүлж чадсан юм. Өөр хэн ч байгаагүй. Энэ талаар Лениний онолын болон практикийн асар олон бүтээл, баримт нотолгоо байдаг боловч манайд нэн элбэг учраас энд дурдахаас түдгэлзэв.

Л.Түдэв гуайн тун онож хэлснээр “гамингийн бууны овоо хараан дор” бид анхны улс төрийн байгууллага – МАН-ыг байгуулж тусгаар тогтнолынхоо төлөө тэмцэж эхэлсэн юм. Энэ үйлст Зөвлөлт Засаг, Ленин тусалсан юм. Анхны энэ намд дан ганц хувьсгалчид байгаагүй, Богд эзнээсээ эхлээд лам, ноёд, бичиг цэргийн түшмэл гээд тухайн үеийн нийгмийн бүх давхраа оролцсон үндэсний фронт байсан юм.

МАН ингэж тэмцээгүй бол өдийд Монгол Улс гэж дэлхийн газрын зүраг дээр баталгаатай байхгүй байсан. Та нар одоо солиотой юм уу, хаашаа юм…

Хөшөөтэй тэмцэж ажил хийдэг чинь XX зуунд өнгөрсөн асуудал ш дээ. Сайн ч бай, муу ч бай энэ чинь манай түүх. Үгүй ядаж урлаг соёлын бүтээл…

Харин түүхэн МАН, одоогийн МАН хоёр ав адилхан гэж би хэлээгүй гэдгээ онцлон тэмдэглэж байна.

“Яасан сайн юм, Та нар тусгаар тогтнох гэж байна уу, тэг тэг, тэр чинь энэ байна” гэж хэлүүлж уриулж тусгаар тогтнох гэсэн юм уу. Ийм үлгэр шиг юм хаа ч байхгүй ш дээ.

Түүх бол асар их зөрчилтэй байдаг. Энэ зөрчлийн дунд алдаа оноо цус, нулимс, хөлс, хөдөлмөр хамгийн гол нь асар олон амь насны нөхөгдөшгүй үнэ цэнээр тусгаар тогтнол олддог. XX зуунд тусгаар тогтнолоо олсон бага улсуудаас хамгийн азтай нь Монгол байсан.

Бусад олонхи улсууд колонийн системд байсан 1960-1970-аад он хүртэл бид бүтээн байгуулж өнөөгийн бүх “юмыг” хийсэн юм. Худлаа гээд үз л дээ…

Ямар ч үнэ төлөлгүй олддог, ямар ч алдаа гаргалгүй авдаг, ямар ч хугацаа зарцуулалгүй хийдэг, ямар ч зовлон үзэлгүй бэлэн тусгаар тогтнол гэж энэ дэлхийн хаа ч байдаггүй.

Нусан буунууд, хоосон чалчаа нар хийх юмаа олж ядахдаа арай дэндүү галзуурч байна. Та нар шиг юмнууд Монголын түүхийн буруу зөвийг байтугай өөрийнхөө хаашаа явж, юу ярьж, юу хийж байгаагаа ч мэдэхгүй гэдгийг би баталгаатай хэлж чадна.

Большевизм, коммунизм буруу гээд XX зуунд түүний хаагуур нь явах байсан юм. Тэгвэл нийгмийн дэвшил хийлгүй феодализмаараа явах нь зөв байсан гэж нотол л доо…

Анхнаасаа тусгаар байсан, европын орнууд социализмд орвол “ухралт” болдог учраас Ленинийг үзэн ядах нь “зөв” ч байж магадгүй, харин анхнаасаа хоцрогдсон, Дорнын орнууд, ялангуяа манайх шиг нүүдлийн иргэншил социализмд орох нь нийгмийн дэвшил болдог юм. Энэ ялгааг мэдэхгүй бол Та нарын нийгмийн тухай европ мэдлэг сөнөтүгэй. Баабарын “польш мэдлэг” тэндээ л байдаг юм байгаа биз…

Коммунизмыг үзэн ядаж харааж болно байх, гэхдээ энэ үеэр олдсон тусгаар тогтнолоо хамт нулимчихаж яагаад ч болохгүй, учир нь ТУСГААР ТОГТНОЛ ганцхан байдаг юм.

645 хүн амтай, үүнээс 120 мянган ламтай, 100 мянган хятадтай, 700 гаруй сүм хийдтэй, бүгдээрээ бичиг үсэггүй, сургуульгүй, эмнэлэггүй, үйлдвэргүй, хотгүй, юу ч байхгүй, яр тэмбүүтэйгээ, мунхаг харанхуйгаараа явах ёстой болж байна уу. Ийм тэнэг юм гэж байхгүй ш дээ.

Монголын тусгаар тогтнол Ленин тэргүүтэй Зөвлөлт засгийн хүчээр эх гараагаа авсан юм. Одоо Лениний хөшөөг нураав. Монголын тусгаар тогтнолыг 1919 оны 10 дугаар сарын яг энэ өдрүүдэд Сүй Шү Жан устгасан билээ.

Түүхэн баримтаас: “Сүй Шү Жан автономит эрхээ устгахыг хүссэн бичиг 24 цагийн дотор гаргаж өгөхгүй бол бол Богдыг гэмт этгээд гэж тооцон баривчилж, хятад газар аваачих болно” гэсэн гэсэн сүрдүүлгийг Ерөнхий сайд Бадамдорж нарт тулгаж, 1919 оны 10 дугаар сарын 24-ний шөнө Богд хааны сууж байсан ордноос Ерөнхий сайд Бадамдоржийн хашааны үүд хүртэл зэвсэгтэй хятад цэрэг жагсааж байжээ.

Монголын тусгаар тогтнолыг устгасан энэ ойг “тэмдэглэж” Монголд тусгаар тогтнол олж өгсөн Лениний хөшөөг нурааж байгаа юм биз дээ…

Ингээд оронд нь эсвэл Сүй Шү Жаны, эсвэл Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл хоёрын хөшөөг барьж таарах байх…

Яахав Монголын тусгаар тогтнол эх авсан дурсгалаа нураачихаад юутай үлдэхийг чинь харж л байя…

Одоо хөшөө нураадаг энэ нөхдүүдийн нүүрэн дээр Монгол Улс ТУСГААР ТОГТНОЛОО алдаж болзошгүйг би онцлон анхааруулж байна…

Судлаач Д.Ганхуяг
2012 оны 10 дугаар сарын 17.

Эх сурвалж: http://ganaa.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж