Хуучирсан мэдээ: 2012.11.27-нд нийтлэгдсэн

Адтай Д.Арвин

Ардын намын Д.Арвин гишүүн ахиад л УИХ-ын гишүүн болох нь. Тэр азтай бас адтай нэгэн юм. Ардын намынхан түүнийг хардахын дээдээр хардаж, хавчихын дээдээр хавчсан. Араас нь тагнуул илгээж, алхаа, гишгээ үйл хөдлөлийг нь баталгаажуулж, баримтжуулах гэж байна гээд ёстой л нэг элгийг нь авсан. Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын МАХН-руу урвачих байх гэж хардсандаа тэд түүний өмнө ингэж нүүрээ түлсэн.

Харин энэ хугацаанд Д.Арвин гишүүн ганц үг газар гээсэн нь үгүй. Ёстой л туршлагатай улстөрчийн хувиар зангараг зааж, газрын хаагуур орчихов гэмээр алга болсон. Ингэхдээ тэрбээр зүгээр нэг гэрийн ажил эс бол бизнес эрхлээгүй бөгөөд тунчиг сонин үйлийг тун чиг хачнаар эрхэлсэн гэж байгаа. Учир нь онгод тэнгэр тахин шарын шашныг бөөгийн зан үйлтэй хослуулсан юм гэсэн. Тэр ч битгий хэл Дондогдулам хатны сүнсийг  “дуудаж” уулзан эд хэрэгслийг нь олж өгөх хүндхэн даалгавар авсан гэх юм билээ. Тэрбээр үүндээ тун чиг сэтгэл хангалуун байгаа бөгөөд энэ удаад УИХ-ын гишүүн болоогүй бол ирэх жилээс шашин номын мөрийг тууштай гэгч нь хөөж, өөрөө хувилгаанаар тодрох байсан ч байж мэднэ.

Ямартай ч Хэнтийгээс холдож, Баянзүрхийг сонгосноороо Д.Арвин хатагтай алдсангүй. Ардын намыг хаяж, МАХН-д урваагүйнхээ шагналыг ч хүртлээ. Магадгүй тэр Дондогдулам хатны сүнсийг дуудаж, бөөгийн тахилга үйлдэж явах зуураа “Ахиад УИХ-ын гишүүн болгож өгөөч” гэж гуйсан байж мэдэх л юм.  Ёстой л азтайгаас адтай руу эргэсэн амжилт гэдэг энэ байх даа.

Г.ОТГОНЖАРГАЛ
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж