’’МИАТ’’-ын захирлын төлөөх марафон эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.05.20-нд нийтлэгдсэн

’’МИАТ’’-ын захирлын төлөөх марафон эхэллээ

"МИАТ" компанийн ерөнхий захирал Р.Бат-Эрдэнийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Шинэ захирал томилогдох хүртэл түүнийг үүрэг гүйцэтгэгч болгожээ. Тус компанийн Удирдах зөвлөл энэ долоо хоногийн даваа гарагийн орой хуралдаж дээрх шийдвэрийг гаргасан аж. Энэ талаар тодруулахаар Р.Бат-Эрдэнэ дарга болон "МИАТ" компанийн хэвлэлийн төлөөлөгчөөс тодруулах гэсэн боловч утсаа салгасан байлаа. "МИАТ"-ийн захирлын суудал өнцөгдсөн тухай энэ сарын эхээр шуугьж, оронд нь томилогдчих санаатай эрхмүүд хор найруулж эхэлсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Р.Бат-Эрдэнийг өөрчлөх тухай Удирдах зөвлөлийн шийдвэртэй зэрэгцэн түүний оронд очих санаатай хүмүүс Зам, тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Төрийн өмчийн хорооны дарга Д.Сугар нарын өрөөний үүдээр эргэлдэж, тэдэнд нөлөө үзүүлж чадах сайд, дарга нарын эрэлд гарчээ. Тэр бүү хэл "МИАТ" компанийн захирлын зөөлөн суудалд тухлахаар Иргэний нисэхийн ерөнхий газрын зарим нэг газрын дарга гурван ч хүн "эр хүний 13 мэхийг" уралдуулахаар төлөвлөөд байгаа бололтой.

Мөн одоогийн дэд захирал З.Энхбаярыг нэмбэл "МИАТ"-ийн удирдлагад дөрөв таван хүн санаархаж байгаа ажээ. Тэднээс "З.Энхбаяр захирлыг ерөнхий болно гэж мөрөөдөөд ч хэрэггүй. Харин тун удахгүй Р.Бат-Эрдэнийн араас явна" гэх албан бус мессеж Буянт-Ухаагийн дэнжээр нисч байна. "МИАТ" компанийн ерөнхий захирлын суудалд баргийн аавын хүү очоод байдаггүй. Энэ нь ажил мэргэжлийн онцлогтой холбоотой. Өөрөөр хэлбэл, нисэхийн чиглэлийн мэргэжилтэй хүн энэ байгууллагыг удирддаг уламжлалтай. Гэхдээ сүүлийн үед улс төрийн нөлөө орж байгааг үгүйсгэхгүй.

Ер нь төрийн өмчит тус компанийн захирлаар сүүлийн үед томилогдсон эрхмүүд гурван жил гаруй хугацаанд л "МИАТ"-ийг удирддаг жишиг тогтоод байгаа. Тэгээд ч "МИАТ"-ийн захирлын суудал өөрөө "өртөг өндөртэй", хамгийн унацтай байдаг тул даргын суудал гурван жилд нэг удаа яригддаг болсныг иргэний нисэхийн төдийгүй, тус байгууллагынхан ч баталдаг. Албан бус мэдээллээр "МИАТ" компанийн захирлын шагнал, урамшуулал сардаа 3-4 сая төгрөг байдаг. Тэр бүү хэл жилийн эцэст 2-3 дахин нэмэгддэг байна.

Тус компанийн ерөнхий захирлын үүрэг гүйцэтгэгч Р.Бат-Эрдэнэ сүүлийн үед ихээхэн барцадтай байгаа тухай "МИАТ"-ийнхан өөрсдөө шуугилддаг. Адаглаад л өнөө жил хөрөнгө, орлогын мэдүүлгээ гаргаж өгөхдөө зарим эд хөрөнгөө "таг мартсан" нь өрсөлдөгчдөд нь тун сайхан өгөөш болсон гэхэд буруудахгүй. Дээр нь түүний хувьд "МИАТ"-д хийдэг шахааны бизнесийг цэцэглүүлсэн гэх нэгэн ч байна. Бүр зарим нь "Р.Бат-Эрдэнэ дарга арай ч давраад байсан юм аа. Сөүл, Улаанбаатарын хооронд тээвэрлэдэг каргогоос ихээхэн ашиг "хийдэг".

Агаарын тээврийн ачааны үнэлгээг дур мэдэн өөрчилж, санаснаараа нэмсэн. Түүнээс жилдээ дор хаяж нэг сая ам.долларыг Сөүл дэх МИАТ-ийн төлөөлөгчийн газрын удирдлагатай хамтран унагадаг. Нэг хүн ингэтлээ баяжиж болохгүй шүү дээ" хэмээн цаанаа л зэвүүцсэн янзтай өгүүлж байв. Хамгийн сүүлийн мэдээллээр, "МИАТ" компанийн хувьд өнгөрсөн жил ихээхэн ашигтай ажиллажээ. 1600 гаруй ажилтан, албан хаагчтай төрийн өмчит тус компанийн хувьд ашигтай ажиллавал сайн л хэрэг.


Энэ ашгаа зөвхөн гадны нислэгээс олсон учраас "МИАТ" компани дараагийн алхмаа хийж нислэгийнхээ тоог нэмэгдүүлэх шийдвэрийг энэ долоо хоногт гаргаад байгаа юм. "МИАТ" компани өнөөдрийн байдлаар Улаанбаатар Бээжин, Улаанбаатар Сөүл чиглэлд долоо хоногт зургаан нислэг хийдэг. Саяхан дээрх хоёр чиглэлд тус бүр хоёр удаагийн нэмэлт нислэг явуулах шийдвэр гарчээ. Нэг үгээр хэлбэл, Улаанбаатар Бээжингийн чиглэлд долоо хоногийн лхагва, бямба гарагт хоёр удаа дээрх чиглэлд онгоц ниснэ гэсэн үг. Харин Улаанбаатар Сөүлийн чиглэлд баасан гарагт хоёр удаа нислэг хийх тушаалыг үзэглэснээр Р.Бат-Эрдэнэ даргын энэ удаагийн томилгооны хугацаа дуусгавар болсон юм. Улаанбаатар Москва, Улаанбаатар Берлин чиглэлд долоо хоногийн пүрэв, ням гарагт, Улаанбаатар-Токио маршрутаар даваа, лхагва, бямба гарагт нислэг хийдэг. Дээр нь аялал жуулчлалын сезон эхлэнгүүт нислэгийн тоо, шугам нэмэгддэг байна. Энэ нь "МИАТ"-ийн ашгийн гол эх сурвалж болдог.

Гэтэл тус байгууллага үүнээс ч илүү ашигтай ажиллаж болох тухай нисэхийнхэн ярьдаг. Тэдний хэлснээр бол түлшний үнийн зөрүүгээс нэмэлт ашиг олж болох ч үүнийг ганцхан "МИАТ"-ийн ерөнхий захирал шийддэг гэнэ. Өнөөдрийн байдлаар Монголын иргэний агаарын тээвэрт нислэгийн үйлчилгээ эрхэлдэг "МИАТ", "Аэро-монголия", "Изинисэйрвайз" компанийн онгоцны түлш, шатахууныг "А-Жет", "Сод Монгол" компани нийлүүлдэг. Гэхдээ үүнд "А-Жет" компани давуу эрхтэй оролцдог тухай хэвлэл, мэдээллээр олонтаа гарсан. "А-Жет" компани ОХУ-аас нэг тонн нь 850 гаруй ам.доллараар нийлүүлэгддэг түлш, шатахууныг иргэний агаарын тээврийн компаниудад 1198 ам.доллараар шахдаг.

Ямар сайндаа л энэ хаврын УИХ-ын байнгын хорооны хуралдаан дээр эрхэм гишүүд манай улсын дотоодын нөөцөд байгаа 20 гаруй мянган тонн түлш, шатахууныг борлуулах гэсэн Газрын тосны газрын дарга Д.Амарсайхан, Сангийн дэд сайд Д.Баттөр хоёрыг "Та нар шахааны бизнес сайн хийдэг. Үүнийгээ МИАТ компанид шахахгүй юу" гэж уурласан удаатай. Эндээс шахааны бизнес цэцэглэдэг томоохон газрын нэг бол "МИАТ" гэдэгтэй төр, засаг хүртэл эвлэрсэн. Р.Бат-Эрдэнэ захиралд үүнийг цэгцлэх сонирхол байгаагүй гэдэг нь харагдаж байна.

Гэхдээ үүнд түүнийг ганцааранг нь буруутгах аргагүй. Шахааны түлш, шатахууны цаана томоохон нөлөө бүхий улстөрч, бизнесийн бүлэглэлийнхэн байдаг. Р.Бат-Эрдэнэ даргын хувьд Цагаан сарын дараахан Европын орнуудаар багагүй хугацаанд аялсан байна. Энэ нь ч түүнийг албан тушаалаасаа өөрчлөгдөхөд нөлөөлсөн болов уу. "МИАТ"-ийн дүрэм, журамд "Ерөнхий захирал гадаад улс оронд 7-гоос илүү хоног зорчихгүй. Шаардлагатай бол салбарын сайдаас томилолт авна" хэмээн заажээ. Гэтэл Р.Бат-Эрдэнэ захирлын энэ удаагийн олон хоногийн аяллын зардлыг "А-Жет" компани гаргасан байхыг үгүйсгэхгүй гэдгийг эх сурвалж өгүүлж байна. Р.Бат-Эрдэнэ захирлын суудал өнцөгдөхөд хүрсэн бас нэгэн зүйл бол түүний хэмжээгүй их эрх мэдэл нөлөөлжээ.

Ганц жишээ дурдахад л, өдөр бүрийн гадаад нислэгт "МИАТ"-ийн ерөнхий захирлын мэдлийн хоёр суудал байдаг аж. Гэхдээ энгийн биш, нэгдүгээр зэрэглэлийнх. Үүгээр Б.Бат-Эрдэнэ захирлын танил тал, ах дүү, ер нь түүний хамгийн ойр дотно эрхмүүд үйлчлүүлдэг аж. Бусдын атаархал дээд зэрэглэлийн суудлуудад хүртэл нөлөөлж "МИАТ"-ийн ерөнхий захирлын сандал, ширээний асуудлыг босгоход хүч нэмсэн болов уу. Ямар ч байсан ЗТБХБ-ын сайд Х.Баттулга тун удахгүй "МИАТ"-ийн шинэ захирлын нэрийг сайдын зөвлөлд оруулахаар энэ салбарын боловсон хүчнүүдийг судалж байна. Шинэ захирлын нэрийг сайдын зөвлөлөөр оруулж, Төрийн өмчийн хороотой зөвшилцсөний дараа Төлөөлөн удирдах зөвлөл томилгоо хийх гэнэ.

Н.Мөнхтөр
Улс төрийн тойм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж