Баянгол дүүрэгт 6200 сонгогч саналаа өгчээ

Хуучирсан мэдээ: 2012.11.30-нд нийтлэгдсэн

Баянгол дүүрэгт 6200 сонгогч саналаа өгчээ

Нийслэлийн дөрвөн дүүрэгт болж байгаа дахин сонгуулийн санал хураалт хэвийн үргэлжилж байна. Тухайлбал, Баянгол дүүргийн 13 хорооны 23 хэсгийн хороонд өнөөдөр нийт 57 мянган сонгогч саналаа өгөх ёстойгоос 12.00 цагийн байдлаар гаргасан ирцийн мэдээгээр 6200 нь саналаа өгчээ. Мөн 14.00 цагийн байдлаар зарим хэсгийн хороонд саналаа өгсөн сонгогчийн ирц 20 хувьд хүрсэн тухай мэдээллийг дүүүргийнхээ Сонгуулийн хороонд ирүүлсэн байна.

Баянзүрх дүүргийн хувьд 52 хэсгийн хороонд 127350 сонгогч саналаа өгөх ёстой. Өнөөдрийн 12.00 цагийн байдлаар гаргасан мэдээгээр 13114 сонгогч саналаа өгөөд буй нь нийт сонгогчдын 10.3 хувь юм. Одоогоор сонгуультай холбоотой ноцтой зөрчил ирээгүй байгаа, гэхдээ “Сонгогчдыг машинаараа зөөж байна” гэх хэл ам нэлээд гарч буй аж. Дахин санал хураалтыг зохион байгуулахад дүүргийн хэмжээнд 600 орчим хүн ажиллаж байгаа, үүнд намуудын ажиглагч, хэв журам сахиулах цагдаа, мэдээлэл технологийн ажилтнууд багтаж байгаа юм.

Чингэлтэй дүүргийн хувьд 22 хэсгийн хороонд 58 мянган сонгогч саналаа өгөх ёстой. Үүнээс 6500 орчим нь 12.00 цагийн байдлаар саналаа өгөөд байв. Сонгинохайрхан дүүргийн хувьд 32 хэсгийн хороонд 79591 сонгогч саналаа өгөх ёстой. Өглөөний 10.00 цагийн байдлаар 2676 сонгогч саналаа өгөөд байсан, харин бид дүүргийн Сонгуулийн хорооныхонтой утсаар холбогдоход хуралдаж байгаа тул завгүй байна гэж дамжууллаа.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж