Хуучирсан мэдээ: 2012.12.04-нд нийтлэгдсэн

Чингис бондын чимээ

Их эзэн хааныхаа нэрээр гоёсон эгэлгүй бондын талаар эрх баригчид баярын мэдээ дуулган, эгээ л их өрийг тэглэсэн шиг оргилуун дарс өргөх шахаж байна. Шинэчлэлийн хэмээх Засгийн газар бүрдэж эхэлж байхдаа л дэлхийн зах зээлд таван тэрбум ам.долларын бонд гаргана гэсэн мундаг зорилт дэвшүүлсэн. Түүний эхний хэсэг болох 1,5 тэрбум ам.долларын бондын талаарх баярт мэдээллийн араас хүү нь үнэхээр бага байж чадав уу гэсэн асуулт гарч ирж байгаа. Албаны хүмүүсийн хэлж байгаагаар 4,125 хэмээх хүү хэдийгээр тийм бага бус ч гэсэн бусад улс орнуудын чадан ядан арилжаалсан бондын дэргэд бас ч гэж чамлахааргүй амжилт гэж тайлбарлаж байна. Тухайлбал, Сангийн сайд Ч.Улаан таван жилийн хугацаатай, 5,88 хувийн хүүтэй Шриланк, 7,8 хувийн хүүтэй Украины нэг тэрбум ам.долларын бондтой харьцуулсан байна лээ.

Дэлхийн зах зээлээс 1,5 тэрбум ам.долларыг босгож чадав хэмээх баярт мэдээний араас тавих ёстой асуулт бол мэдээж хэрэг үүнийг юунд хэрхэн зарцуулах вэ гэсэн үр ашгийн тооцоо, биелэх, арга зам зэргийг нарийвчлан гаргасан байх эдийн засгийн төслүүд бэлэн үү гэсэн асуулт. Өмнө нь Монгол Улс хөл, хөөр болгон дэлхийн зах зээлээс босгосон 580 сая ам.долларыг зарцуулах төсөл нь тодорхойгүйгээс өдөрт 98 мянган ам.долларын хүү төлөн дансандаа хадгалж буй гашуун сургамж бидэнд бий. Ямар ч адгийн тэнэг зарцуулах төсөв нь бэлэн бус байхад зээл авчихаад хүүд нь идэгдэн сууна гэж баймааргүй. Гэтэл монголчууд бид чингэж 580 ам.долларын бонд үнэн хэрэгтээ бол зээл авчихаад жил шахам хүүг нь төлөн шилэн хоргонд хадгалсан түүх саяхны. Магадгүй энэхүү мөнгө одоо ч эргэлтэд ороогүй, хүүг нь төлсөн хэвээр байгаа болов уу? Ямартаа ч энэ мөнгийг ийм зүйлд зарцуулж эхлэв гэсэн мэдээ лав хөрөнгийн зах зээлд бондоо амжилттай арилжив гэсэн мэдээний дайтай сонсогдоогүй л байгаа. Магадгүй манай даруу эрх баригчид олон нийтэд нэг их зарлалгүйгээр эргэлтэд оруулаад явж байгаа ч байж магадгүй. Жирийн л иргэдийн адил мэдээлэл олж сонсоогүй мөртлөө тааж таамаглал дэвшүүлэх аргагүй байгаа учраас ингэсгээд орхиё.

Яг одоогийн байдлаар Чингис бондыг эдийн засгийн өндөр үр ашигтай, авсан зээлээ төлөхүйц хэмжээний төсөлд зарцуулна гэсэн үгс бол сонсогдож байна аа, бас ч гэж. Үүнд өчигдөр мэдээлснээр бол эн тэргүүнд хөдөлж өгөхгүй байсан төмөр замын төсөлд зарцуулах юм байна. Үүний өмнө ч гэсэн Сайншандаар дайран өмнөд хил рүү тавих ёстой төмөр замын санхүүжилтэд эхний ээлжинд шаардлагатай байгаа нэг тэрбум гаруй ам.долларыг Засгийн газрын бонд гарган санхүүжүүлнэ гэсэн мэдээлэл гарч байсан. Бодвол дээр одоо гаргаж буй 1,5 тэрбумын бондоос үүнд зарцуулахаар тооцоолж байгаа байх.

Гэтэл үүний араас цахилгааны тавдугаар эх үүсвэрийг бий болгох, нүүрс, нефтийг боловсруулж дотооддоо шатахуун үйлдвэрлэх төсөл, металлургийн үйлдвэр байгуулах, зэс хайлуулах, төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийг тэргүүн ээлжийн ач холбогдолтой гэж үзэн бондоос санхүүжүүлэх гэж буйгаа Засгийн газрын танхимын гишүүн мэдээлжээ. Нөгөө “Сайхан, сайхан хоолны нэр хэл ваа, би цадав аа” гэдэг шиг сайхан сайхан төслүүд. Гэвч эхний гаргасан 1,5 тэрбумын бондоор бол яагаад ч санхүүжүүлж барамгүй том төслүүд шүү дээ. Магадгүй нийт таван тэрбумын бонд гаргана гэсэн том тоондоо багтааснаа хэлж байгаа ч байж болох юм. Гэхдээ л яг таг 1,5 тэрбумаар ийм, ийм төслийг санхүүжүүлэх юм гэж хэлэхгүй байхыг бодоход бас л “но”-той ч юм шиг. 

Зах зээлээс мөнгө оруулж ирээд, хүсээд нэхээд байсан төслүүдийг эхнээс нь ч болтугай санхүүжүүлэх гэж байхад хар хорын таамаг дэвшүүлэв гэж манай эрх баригчид бухимдаж магадгүй юм. Гэхдээ хардлага илүүддэггүй гэдгийг өмнөх 580 сая ам.долларын хийгээд бусад ажлууд аль хэдийнэ нотолсон. Тэгэхээр хий хардав гэхийн оронд ямар, ямар төслийг яаж санхүүжүүлэх гэж буйгаа дахин нэг тайлбарлаж, хардлага сэрдлэгийг няцаагаарай, эрхэм эрх баригчид аа. Дашрамд эрх баригчдын бялуурам сайхан мэдээллийн араас хараа хяналтаа тавьж чадахгүй л бол үр ашиг үзүүлэх нь бүү хэл хүүгийн өрөнд баригдуулж буй өмнөх бондынх шиг хувь заяа эрхэмсэг сайхан нэртэй Чингис бондын маань сэвтүүлэх вий гэж эмээх шалтаг, шалтгаан хангалттай буйг анхаарна буй за. 

А.АЛТАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж