Шинэ жилийн гацуур 540 мянган төгрөг

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Шинэ жилийн гацуур 540 мянган төгрөг

Шинэ жил айсуй. Албан байгууллага, айл өрхийн хоймрыг чимэн сүндэрлэх гацуур мод, гоёл чимэглэл сэлтийг хэдийнэ томоохон зах, дэлгүүрээр худалдаалж эхэлжээ. Ингээд энэ жилийн шинэ жилийн гоёл гацуур мод, саа, гэрэл чимэглэлийн үнэ ханшийг сонирхлоо.

“НАРАНТУУЛ”-Д ГАЦУУР ХАМГИЙН ХЯМДХАН

“Нарантуул” захад жилийн жилд шинэ жилийн гацуур хамгийн хямд байдаг. Энэ жил ч уламжлал ёсоор хамгийн хямд гацуурууд “Нарантуул”-д байна. Ширээний жижиг гацуур 3000-15000 төгрөг бол суурьтай, чимэглэлгүй, энгийн ногоон гацуур 15000-45000 төгрөг, харин өөрөөсөө гэрэлтэй, эргэдэг, чимэглэлтэй гацуур мод 35000-120,000 төгрөгийн ханштай байна.

Гацуур модны чимэглэл, тоглоомууд нэг ширхэг нь 500-4500 төгрөг бол саа өнгө, хэмжээнээс шалтгаалан ширхэг нь 60-1500 төгрөгийн үнэтэй байна. “Нарантуул” худалдааны төвийн наймаачдын хэлж буйгаар энэ жил гацуур, саа, чимэглэл, тоглоомын үнэ бага зэрэг өссөн гэнэ.

ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГАЦУУР

Харин хотын төвд байрлах “Цэцэг” худалдааны төв одоогоор нийслэлийн хамгийн үнэтэй гацууруудаар толгой цохиж байна. Тэнд гацуур модны өнгө, хэмжээний сонголт ч “Нарантуул” захынхаас илүү байлаа. Харин үнийн хувьд ширээний жижиг гацуур 3990-25,000 төг бол эргэлддэг, өөртөө гэрэл, чимэглэлтэй гацуурууд 160,000-540,000 төгрөг байв. Бас цагаан саатай, усан цэнхэр, цайвар ногоон, тод ногоон гэсэн олон төрлийн сонголттой гацуурууд байна лээ. Хамгийн үнэтэй буюу 540,000 төгрөгийн гацуур хоёр метр гаруй өндөртэй, усан цэнхэр гялтганасан өнгөтөй сүрлэг гацуур байсан шүү. Тус худалдааны төвийн гацуур модны чимэглэл зургаа болон түүнээс дээш ширхгээр багцлан хайрцагласан  өнгө төрөл зүйлийн хувьд сонголт ихтэй, нэг багц нь 12,000 төгрөгөөс дээш үнэтэй байсан юм. Түүнчлэн, гачуур модны том бөөрөнхий бөмбөлөг ширхэг нь 4800 төгрөг байсан бол цагаан сахалт, улаан дээлтэй өвлийн өвгөн буюу “Санта клаус” явдаг, дуулдаг, суудаг тэр бүү хэл гацуур модонд өлгөдөг гээд төрөл төрлөөрөө, 5,000-25,000 төгрөгийн үнэтэй байлаа.

Улсын их дэлгүүрийн хоёрдугаар давхарт өнөөдрөөс эхлэн зөвхөн шинэ жилийн баярт зориулсан шинэ тасаг нээн ажиллуулж байгаа юм байна. Тийм болохоор өнөөдөртөө л лав хайрцаг савтай ногоон гацууруудыг дөнгөж дэлгэн тавьж байгаатай таарсан юм. Харин лангуун дээр дэлгэсэн харц булаам гоёмсог гацуурын зургаан ширхэг бөмбөлөг 48,000 төгрөгийн үнэтэй байв.

Улаанбаатар хотын “Москвагийн гудамж” хэмээгддэг III, IV хорооллын дэлгүүрүүд нийслэлчүүдийн шоппинг хийдэг гол газар. Бүхэлдээ л худалдааны гэж болохоор гудамжинд хэдийнэ гацуур модод гоёл, чимэглэлийн хамт худалдаалаад эхэлжээ. Гацуур мод өндөр, хэмжээнээсээ шалтгаалан 45,000-180,000 төгрөг байлаа. Тоглоом ширхгээрээ болон багцаараа 500-20,000 төгрөгийн үнэтэй байгаа бол саа 500-2000 төгрөг байлаа. Харин өвлийн өвгөн 5,000-25,000 төгрөгийн үнэтэй байсан юм. Шинэ жилийн багт наадамд зориулсан төрөл бүрийн маск, багууд мөн 1500-5000 төгрөгийн үнэтэй, сонголт ихтэй байна билээ.

Г.ДАША


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж