“Азанд найддагаа болих” цаг ирлээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

“Азанд найддагаа болих” цаг ирлээ

“Максима Медиа” компаний үүсгэн байгуулагч З.Энхжаргал

Медиа, зар сурталчилгааны салбарын тоглогчид “Азанд найддагаа болих” цаг ирлээ.

“Телевиз үзэлтийн судалгааны нээлт 12.12.11” гэдэг үг сүүлийн үед хэвлэлээр олон гарч, хүмүүсийн анхаарлыг татаж эхэлсэн. “Азанд найддагаа болих уу?” гэсэн уриа тайлбартайгаар гарч байгаа энэ сурталчилгааг “Максима Медиа” компани цацуулж байгаа юм байна. Сурталчилгаанаас нь харахад төдий л ойлгомжгүй байгаа энэ үйл явдлын тухай учир мэдэх хүмүүсээс сураглавал телевиз, медиагийн салбарт томоохон дэвшил болох гэж байгаа гэсэн тойм ойлголт авлаа. Тиймээс энэ тухай дэлгэрэнгүй мэдээлэл авч, тодруулахаар “Максима Медиа” компаний үүсгэн байгуулагч хатагтай З.Энхжаргалтай хийсэн ярилцлагын танд толилуулж байна.

Сайн байна уу? “Азанд найддагаа болих уу?” гэсэн уриатай сурталчилгааг танай байгууллага сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр идэвхитэй цацах боллоо. Энэ тухай тодорхой ойлголтыг та манай уншигчдад өгөөч. Телевиз үзэлтийн судалгаа гэдэг нь яг ямар учиртай зүйл юм бол оо?

Тийм ээ. “Азанд найддагаа болих уу?” гэдэг уриа маань их учиртай. Манай Телевиз үзэлтийн судалгааны нээлтийн арга хэмжээний сэдэв юм. Телевизийн буюу медиа зар сурталчилгааны зах зээл яг одоо ямар байдалтай байгаа вэ гэдгийг нэг өгүүлбэрээр тодорхойлсон тодорхойлолт юм л даа.

Тэгэхээр таны хэлж байгаагаар медиа, зар сурталчилгааны салбар нь одоогоор азанд найдаж байгаа гэсэн үг үү?

Яг тийм. Медиа, зар сурталчилгааны салбар нь өөрөө их онцлогтой салбар. Хоорондоо нарийн шүтэлцээ бүхий хоёр төрлийн хэрэглэгчтэй. Нэг талаас телевизийн ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн үндсэн хэрэглэгч нь үзэгч, уншигч нар байдаг шүү дээ. Хэвлэл мэдээллийнхэн тэдгээрийн хэрэгцээг хангах, таалалд нийцэх зорилгоор ажилладаг. Харин нөгөө талаас энэ байгууллагууд бүтээгдэхүүнээ худалдаж, зардлаа санхүүжүүлж, бизнесийн хувьд ашиг олох нөхцлийг бүрдүүлдэг хэрэглэгч нь зар сурталчилгаа нийлүүлэгчид байдаг.

Энэ хоёр төрлийн хэрэглэгчийн хэрэглээ нь онолын хувьд хоорондоо шууд хамааралтай. Өөрөөр хэлбэл тухайн медиаг хэр их хүн үзэж, хэр их уншиж байна гэдгээс зар сурталчилгаа нийлүүлэгчид тэдгээрийн үзэгч, уншигчдын хэмжээг харгалзан рекламаа нийлүүлдэг. Харамсалтай нь яг одоогийн байдлаар манай улсад медиа хэрэгслийг “хэр их хүн үзэж, хэр их уншиж байна” гэдгийг нь өндөр нарийвчлалтай, орчин үеийн шаардлагад нийцүүлж тодорхойлж чадахгүй байгаагаас түрүүн хэлсэн онол маань үйлчлэхгүй “азанд найдах” –аас өөр аргагүй байдал үүсээд байгаа юм.

Телевизийн буюу медиа, зар сурталчилгааны салбар сүүлийн жилүүдэд амжилттай хөгжиж, өсөлт сайтай, өрсөлдөөн ширүүнтэй байгаа хэрэг биш үү? Миний санахаар сүүлийн жилүүдэд маш олон телевиз байгуулагдсан шүү дээ. “Азанд найдсан” салбар ийм өсөлттэй байх уу?

Яг үнэн. Тэгэхээр нэгдүгээрт, энэ өсөлт нь жинхэнэ зах зээлийн жам ёсны өсөлт үү мөн үү? Хоёрдугаарт, энэ салбарт зах зээлийн өрсөлдөөн ямар байдлаар хэрэгжиж байна вэ? гэдэг асуултууд байна л даа. Энэ салбар хоёр төрлийн хэрэглэгчтэйгээрээ онцлогтой гэж би түрүүн хэлсэн. Ганц хэрэглэгчтэй, тэр нь өөрөө мөнгөө төлчихдөг, жишээ нь тараг зардаг хүнээр бол таргаа өгөөд л мөнгөө авдаг зах зээл биш. Үзэгчээс хамааралтай. Гэтэл одоогоор Монгол улсад 130 гаруй, Улаанбаатар хотод 60 гаруй суваг ажиллаж байна. Тэдгээрээс алийг нь хүн үзэж байна вэ гэдгийг бид тааж л байгаа шүү дээ. “Азанд найдаж”.

Харин бид 2005 оноос хойш медиа судалгаа, медиа анализ гэдэг үйлчилгээг медиа салбарын тоглогчдод үзүүлж ирсэн. Манайх мэргэжлийн судлаачидтай, салбартаа мэргэшсэн судалгааны байгууллага. Анхнаасаа олон улсын зар сурталчилгаа нийлүүлэгчдэд судалгааны мэдээлэл нийлүүлж ирсэн учраас бидний үйлчилгээ мэргэжлийн бэлтгэл, олон улсын стандартад хүрсэн гэж үнэлэгддэг. Өөрөөр хэлбэл бид 2005 оноос хойш медиа, зар сурталчилгааны салбарын өөрчлөлтийг мэргэжлийн нүдээр ажиглаж ирсэн гэсэн үг.

Ерөнхийдөө зах зээлийн хуулиар, бас Монголоос бусад оронд хэрэгждэг зарчмаар бол шинэ телевиз үзэгчдийн хэрэгцээнээс гадна зар сурталчилгааны зах зээлийн багтаамжийн өсөлтөөс хамаарч байгуулагддаг байна. Сурталчилгаа нийлүүлдэг байгууллагын тоо ихсээд телевизүүдийн сурталчилгааны цаг дээр очер дараалал үүсээд эхлэхээр за одоо нэг шинэ телевиз байгуулагдахгүй бол болохгүй болжээ гээд холбогдох төрийн байгууллага нь тусгай зөвшөөрөлдөө тендер зарладаг жишээтэй.

Гэтэл бид манай улсын медиа, зар сурталчилгааны салбарын зах зээлийн багтаамжийг 2010 оноор тооцож үзэхэд 60 орчим сая доллар гэж гарсан. Энэ бол үнэндээ зохиогчийн эрхийг хууль ёсны дагуу худалдаж аваад, уран бүтээлчдийнхээ нийгмийн асуудлыг шийдээд, олон улсын хэмжээнд хүчтэй өрсөлдөөд явах хэмжээнд 5, 6 телевизийг л санхүүжүүлэх дүн. За тэр нь байг гэхэд телевизүүдийн тоо өссөөр л байхад 2011, 2012 онд зах зээлийн багтаамж буюу телевизийн зах зээлийн нийт олсон рекламны орлогод бууралт ажиглагдаж, улмаар нэг телевиз оногдох орлого буурч байна шүү дээ.

Тэгэхээр би юу гэж дүгнээд байна вэ гэхээр энэ өсөлт нь “Азанд найддаг”–ийг далимдуулсан өсөлт байна, тэр үе нь ерөнхийдөө шувтарч байна гэж үзээд байна.

Тэгвэл Телевиз үзэлтийн судалгаа нэвтэрснээр ямар өөрчлөлт гарах вэ?

Телевиз үзэлтийн судалгаа буюу үзэгчийн хэмжилт гэдэг нь айлын хойморт телевиз гэдэг хайрцаг заларч эхэлснээс хойш гурван жилийн дараа л эхний хэлбэрээр үүссэн гэдэг. Түүнээсээ хойш удаан жилийн туршид телевизийнхээ хөгжлийг дагаж, энэ судалгааны арга ч нарийсан хөгжсөн. Орчин үед телевизүүд асар олон төрлийн хөтөлбөр үзэгчдэдээ санал болгож байна. Харин үзэгч алийг нь, яаж сонгож байна гэдгийг судалдаг цахим технологи 70 –аад оны төгсгөл үед нэвтэрчээ. Энэ цахим технологийг Пиплметр (Peoplemeter) буюу үзэгч хэмжигч гэж ерөнхийд нь нэрлэдэг.

Телевиз аналогоос тоон технологи руу шилжсэн шилжилтийг дагаж Пиплметр ч өөрчлөгдсөн. Энэ хамгийн сүүлийн технологийн шийдлийг бид Монголд нэвтрүүлж байгаа юм. Энэ технологийг нэвтрүүлсэн, дэлхийн 40 гаруй оронд ТВ үзэлтийн судалгаа буюу хэмжилтийг хийдэг, энэ салбарын тэргүүлэх компани болох Английн Кантар Медиа компанитай бид хамтран нэвтрүүлсэн. Өөрөөр хэлбэл хамгийн ололттой, дэвшилттэй байдлаар нь нэвтрүүллээ гэсэн үг.

Энэ систем маань яг ямар үр дүн гаргадаг вэ гэхээр түрүүний хэлсэн “хэр их хүн үзэж байна” гэдгийг дэлгэрэнгүй задаргаатайгаар л гаргадаг юм. Ингэснээр медиа, зар сурталчилгааны салбарын тоглогчид, өөрөөр хэлбэл телевизүүд, зар сурталчилгаа нийлүүлэгчид, төрийн зохицуулах байгууллагууд хоорондоо ойлголцдог нэг хэлтэй болно гэсэн үг. Жишээ нь телевизүүд манай энэ нэвтрүүлгийг ийм насны ийм олон хүн үздэг болохоор дундуур явах рекламны төлбөр ийм байна гэж ярьдаг болно. Тэрнийг нь үнэн байна уу гэдгийг зар сурталчилгаа нийлүүлэгчид нь өөрсдөө шалгачихна. Ингээд л өмнө нь энийг л хүн үздэг байх, телевизүүд нь ч манай энэ нэвтрүүлгийг ёстой их хүн үзэж байгаа байх гэж боддог, “азанд найддаг” байснаа болино л гэсэн үг. Энэ систем орж ирснээр үзэгч хамгийн түрүүнд сайн хөтөлбөр үзэх нөхцөл бүрдэнэ, телевизүүд шударга өрсөлдөх орчин үүснэ, зар сурталчилгаа нийлүүлэгчид сурталчилгаа үр дүнтэй хийх боломж бий болно.

Кантар Медиа компаниас өөр төстэй компани байдаг болов уу? Та нар яагаад Кантар Медиа компанийг сонгосон юм бол?

Хэд хэдэн шалтгаан байна. Нэгдүгээрт, олон улсын зар сурталчилгаа нийлүүлэгчид Монголд ч бас байдаг. Тэд бүр дэлхийн газрын зургийг медиа, зар сурталчилгааны газрын зураг болгон хувааж хардаг. Монгол улс дэлхийн зар сурталчилгааны зах зээлийн бүсээр хуучин Дундад Ази, Кавказын орнуудтай нэг бүсэд багтдаг байна л даа. Энэ олон улсын хэмжээний компаниуд бидний хөрш улсууд болон нэг бүсийн орнуудад Кантар Медиа компаниар телевиз үзэлтийн судалгаагаа хийлгэдэг.

Хоёрдугаарт, Кантар Медиа бол энэ салбартаа дэлхийн Топ хоёрхон компаний нэг. Иймээс үзэгчийн судалгааны стандарт, хөгжлийг тэд тодорхойлдог. Судалгааны тунгалаг байдлыг эрхэмлэдэг болохоор үйлчлүүлэгчид нь ч тэдэнд итгэдэг. Бид үзэгчийн судалгааг хийе гэвэл энэ стандартаар л хийж таарна. Тэгээд л энэ байгууллагын сонгосон.

Манайхаар дамжиж Монголд нэвтэрч буй Кантар Медиагийн Телевиз үзэлтийн судалгааны систем бол найдвартай систем. Яг яаж ажилладаг тухай яривал нилээн их юм болно. Гэхдээ бид нээлтийнхээ арга хэмжээн дээр бүгдийг нь сайхан тайлбарлах болно оо.

Үнэхээр гайхалтай юм. Танай судалгааны найдвартай байдал харин хэр хангагдаж байгаа вэ? Итгэж болох уу? Одоо жишээ нь, шинэ жил дөхөөд ирэхээр баахан яаж шалгаруулсан нь мэдэгдэхгүй шагналууд гарч ирдэг. Тэдгээрээс ямар давуу талтай вэ?

Мэдээж итгэж болно. Нэгдүгээрт, манай судалгааны үйл явцад хүний хүчин зүйл байхгүй. Хүн бол тэр системийн байнгын ажиллагааг л хангах үүрэгтэй. Ямар нэгэн эвдрэл гэмтэл, асуудал гарахгүй бол судалгааныхаа өгөгдлийг цуглуулж, үр дүнг өөрөө боловсруулдаг систем л дээ.

Хоёрдугаарт, энэ судалгааг “Максима Медиа” гэдэг компани л ганцхан хийдэг юм биш. Түрүүн дурдсанаар манай түнш, энэхүү технологийг нийлүүлж байгаа Кантар Медиа компани дэлхийн 50 гаруй оронд, тэр дундаа Англи, Америк, Хятад гээд өндөр хөгжилтэй орнууд, Филиппин, Виетнам, Казахстан, Молдав гэх мэт хөгжиж буй орнуудад энэ технологийг нэвтрүүлж, тэдгээр нь үр дүнг нь хүлээн зөвшөөрөн хэрэглэж ирдэг болохоор манайд итгэх нэг том шалтгаан нь мөн энэ гэж бид үзэж байгаа.

Энэ систем яг яаж ажилладаг тухай дэлгэрэнгүй мэдээллийг мэдээж бид нээлтийн арга хэмжээн дээрээ сайхан тайлбарлана. Одоо ярихад нилээн төвөгтэй, ярвигтай систем л дээ.

Тэгэлгүй яах вэ. Таны яриаг сонсож байхад ер нь яагаад танай компани энэ технологийг нэвтрүүлсэн юм бэ, өмнө нь яагаад хэн нэгэн хийж байгаагүй юм болоо гэж бодогдох юм?

Зах зээлийн нийгэмд шилжсэн эхэн үед ганцхан үндэсний телевиз байхад ийм технологи нэвтрүүлэхээс илүү шинэ телевиз байгуулсан нь ашигтай, хэрэгтэй байсан байж таарна. Тиймдээ ч Монголын ууган арилжааны телевизүүд байгуулагдаж, өрсөлдөөн бий болсон.

Харин 2004 оноос эхлээд телевизүүдийн тоо эрс өсч эхэлсэнийг та мэдэж байгаа байх. Түүнээс хойш 2008 он, 2012 онд телевизүүдийн тоо хоёр хоёр дахин өсөөд одоо Улаанбаатарт 70 шахаад явж байна. Эдийн засгийн онол ёсоор зах зээлд нэвтрэхэд хэр төвөгтэйг тухайн зах зээлийн өрсөлдөөний түвшинд тодорхойлж байдаг. Гэтэл манай телевизийн салбарт өрсөлдөөний талаарх тодорхой мэдээлэл байхгүй болохоор ямар ч саад бэрхшээл, төвөгтэй байдал үгүй, хөрөнгө оруулалт нь л байхад болохоор байгаа юм. Тиймээс зах зээлийн зарчмаар энэ өрсөлдөөнийг тодорхой болгох нэг систем зайлшгүй хэрэгтэй байгааг бид медиа салбарт судалгаа хийдэг мэргэжлийн байгууллагын хувьд маш тодорхой харсан.
Бид медиа судалгаа хийж эхэлсэн цагаасаа хойш үйлчилгээгээ чанаржуулж, хөгжүүлж ирсэн. Ингэж хөгжих явцдаа манай үйлчилгээний хөгжлийн дараагийн шат нь энэ Телевиз үзэлтийн судалгаа мөн юм байна гэдгийг ойлгосон. Нэгэнт бидэнд дадлага туршлага, мэдээлэл гээд хэрэгтэй бүх бэлтгэл байсан болохоор бид шамдсан. Энэ үйлчилгээг өөр хэн нэгэн нэвтрүүлэх боломж байсан уу гэвэл байсан. Гэхдээ яагаад хийгээгүйг нь мэдээж бид мэдэхгүй л дээ.

За хоёулаа ерөнхий асуудлаар нилээн ярилцлаа. Уншигчид маань ч тодорхой ойлголттой болсон гэдэгт итгэлтэй байна. Одоо та 12 сарын 11-нд болох үйл ажиллагааныхаа талаар товчхон мэдээлэл өгөөч.

Манай “Телевиз үзэлтийн судалгаа” –ны нээлт 12 сарын 11 –нд Блю Скай зочид буудалд болно. Бид энэхүү үйлчилгээнийхээ бэлтгэл ажлыг 2010 оны 7 сараас эхэлсэн. Бүтэн хоёр жил гаран бэлтгэл ажлаа хангасны эцэст бид одоо үйлчилгээгээ үзүүлж, мэдээллээ гаргахад бэлэн болоод байгаа юм. Тиймээс гол хэрэглэгчдэдээ тодорхой ойлголт өгөх, тэдэнтэйгээ хамтын ажиллагаагаа ёслол төгөлдөр эхлүүлэх зорилгоор бид нээлтийнхээ арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

Нээлтийнхээ арга хэмжээнд бид медиа, зар сурталчилгааны салбарын томоохон төлөөлөгчдийг урьсан байгаа. Телевизүүд, салбарын өөрөө удирдах байгууллагууд, төрийн зохицуулалтын байгууллага, томоохон зар сурталчилгаа нийлүүлэгчдийн төлөөллийг бид нэрийг нь заан урьсан. Хэрвээ та урилгаа аваагүй байгаа бол удахгүй танд УРИЛГА очно гэдгийг бас хэлмээр байна. Манай нээлтийн арга хэмжээнд олон улсын Кантар Медиа, ТНС медиа компаниудын төлөөлөл оролцож манай зочдод мэдээлэл, тайлбар өгөх байгаа. Ер нь нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүн бүр та бид хоёрын ярилцсан асуудлуудаар маш тодорхой мэдээлэлтэй, ойлголттой болох юм.

Мөн нэг юмыг сонирхуулж хэлэхэд манай судалгаа ажиллаж эхэлсэн учир бид нээлтийн арга хэмжээндээ зориулж тэр өдөр 12 сарын эхний долоо хоногийн байдлаарх телевизийн үзэгчийн судалгааны зарим үр дүнг үзүүлэх байх. Энэ нь оролцогчдод сонирхолтой байх болов уу.

Тийм байна. Үнэхээр сонирхолтой юм. Цаг гаргаж, манай уншигчдад сонирхолтой мэдээлэл өгсөн танд баярлалаа. Нээлтийнхээ үйл ажиллагааг амжилттай зохион байгуулахыг хүсье.

Баярлалаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж