Бангладешид жагсаал болжээ

Хуучирсан мэдээ: 2012.12.05-нд нийтлэгдсэн

Бангладешид жагсаал болжээ

Бангладешийн нийслэл Дака хотод өчигдөр олон нийтийг хамарсан эсэргүүцлийн жагсаал болж, жагсагчид явган хүний замаар машинтай хурд хэтрүүлэн явж, мод бут шатаах зэргээр эмх замбараагүй байдал үүсгэжээ. Тэд эрх баригч,  барууны үзэлт  “Жамаат и-Ислам” намын бодлого, үйл ажиллагааг эсэргүүцэн ийнхүү жагссан байна.

Жагсаал, эмх замбараагүй байдлаас үүдэн өчигдөр хотын гол замууд хаагдаж, сургууль болоод томоохон худалдааны төвүүд хаалгаа барихад хүрчээ. Цагдаа нар жагсагчдыг тарааж, үймээнийг намжаахын тулд нулимс асгаруулагч хий, даралттай ус ашигласан байна.

Цагдаа нарын мэдээлж байгаагаар жагсаалын үеэр АНУ-ын Элчин сайдын яамны нэг ажилтан, мөн цагдаагийн нэг ажилтан биедээ гэмтэл авсан бөгөөд Америкийн Элчин сайдын яамнаас Бангладешийн Засгийн газарт жагсагчидтай зөвшилцөлд хүрч асуудлыг тайван замаар шийдэх хэрэгтэй гэсэн байр сууриа илэрхийлжээ.

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж