Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

Парламентын 11 бүсгүй

Энэ удаагийн УИХ өмнө хэзээ ч
байгаагүй нэг амжилт тогтоож буй нь эмэгтэй гишүүдийн тоо. Одоо байгаа
ес дээр ямар ч маргаангүй тангаргаа өргөхөд бэлэн болоод буй хоёр
эмэгтэй гишүүн нэмэгдэнэ.

Өмнөх УИХ-уудаас 1996-2000 онд найм,
2000-2004 онд есөн эмэгтэй гишүүн сонгогдож байв. Харин энэ удаа ийнхүү
11 бүсгүйтэй болж эмэгтэй гишүүдийн тоо анх удаа хоёр оронтой тоон дээр
буулаа.

Туршлагатай
парламентч Д.Оюунхорол, С.Оюун, сонгогчдын боловсролоор мэргэшсэн
Р.Бурмаа, үндэсний аюулгүй байдлын сайн мэргэжилтэн М.Батчимэг, Ерөнхий
сайдын шадар туслахаас эхлээд том улс төрд “чанагдсан” Ц.Оюунгэрэл,
намын хүрээнд улс төрийн орчинд багагүй туршлага хуримтлуулсан
Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, иргэний нийгмийн жагсаал, хөдөлгөөнөөр
танигдсан, бас намын ажил хийж явсан  Г.Уянга, З.Баянсэлэнгэ нар дээр
2000 оноос хойш УИХ-д тасралтгүй суусан Д.Арвин, МАН-ын нарийн бичгийн
дарга Д.Сарангэрэл нар нэмэгдэх гэж байна. Д.Арвин гишүүн Баянзүрх
дүүрэгт Засаг дарга асан Б.Батзоригтой УИХ-ын сонгууль, дахин санал
хураалтаар хоёр ч удаа өрсөлдөж ялан их улс төрийн тогоонд эргэн ирж
байгаа бол Д.Сарангэрэл нь УИХ-ын гишүүнээс татгалзсан У.Хүрэлсүхийн
оронд жагсаалтаар орж байгаа.

УИХ-ын гишүүн бүсгүйчүүдээс том улс
төрд анхлан хөл тавьсан Л.Эрдэнэчимэг, С.Одонтуяа, Г.Уянга,
З.Баянсэлэнгэ нар өнгөрсөн хэдэн сард туршлагажиж, зарим нь бүлгийн дэд
дарга, байнгын хорооны даргаар ажиллаад амжсан. Тэгвэл Д.Сарангэрэл одоо
цоо шинээр хөл тавих гэж байна. Тэгвэл шинэхэн улстөрч Д.Сарангэрэл гэж
хэн бэ.

Д.Сарангэрэлийг олон нийт телевизийн сэтгүүлч гэдгээр нь
илүү сайн танина, мэднэ. Харин улстөрч гэдгээр нь одоохондоо хүлээн авч
чадаагүй байгаа.

Сэтгүүлч мэргэжил улс төрд хамгийн ойр.
Тиймдээ ч сайн сэтгүүлч муу улстөрчөөс илүү мэдээлэлтэй, гаргалгаатай
байдаг гэдэг. Энэ үүднээс нь Д.Сарангэрэлийг улстөрчийнх нь хувьд дутуу
үнэлэх хэрэггүй. Ардын намыг нэрээ сольж алдаж, унаж явахад  зарим
улстөрч зай барьж холдсон. Зарим нь урваж шарваж, шинэ намд албан тушаал
ашиг хонжоо харан элсч  байв. Харин тэр үед Монголын дөрөв дэх
засаглалын эзэд болох сэтгүүлчдийн байгууллагыг тэргүүлж байсан
Д.Сарангэрэл улс төрд орж МАН-ын Бага хурлын гишүүн болсон нь гэнэтийн
сонголт болж байсан юм. Удалгүй МАН хэмээх улс төрийн том хүчний Удирдах
зөвлөлийн гишүүн,  нарийн бичгийн дарга хүртэл албанд  томилогдон УИХ,
Орон нутгийн сонгуулийн эгзэгтэй үед МАН-ын хэвлэл, мэдээллийг удирдан 
ажилласан юм.

Энэ парламентад сэтгүүлч мэргэжилтэй хэд хэдэн
гишүүн бий. Тэр дунд Г.Уянга, Д.Сарангэрэл гэх хоёр эмэгтэй сэтгүүлч
төрийн түшээ боллоо.

Сэтгүүлчид хэн нэг улстөрч, аль нэг нам
эвсэл гэхээсээ илүү нийгмийн, иргэдийн дуу хоолой, илэрхийлэл болсоор
ирсэн. УИХ дахь Эмэгтэй гишүүдийн бүлэгт сэтгүүлч мэргэжилтэй улстөрч
бүсгүй нэмэгдэж буй нь энэ УИХ-аас нийгмийн эрх ашигт илүү нийцсэн
бодлого шийдвэр гаргах боломжийг бүрдүүлнэ гэж харж болохоор байна.

                                Д.ОЮУН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж