М.Энхсайхантай, М.Энхсайхангүй 23 жил

Хуучирсан мэдээ: 2012.12.06-нд нийтлэгдсэн

М.Энхсайхантай, М.Энхсайхангүй 23 жил

Өнөөдөр арванхоёрдугаар сарын 6. Ардчилсан нам 23 нас хүрч байна. Цагаан морин жилийн хувьсгалын тухай улстөржсөн дурсамжууд хөвөрч, монголчуудын “1206” гэдэг тоог хараад огшиж энэ өдрийг өнгөрүүлдэг. Ха­рин өнөө жилийн хувьд том онцлогтой. Учир нь Ардчил­сан намынхан парламентад олуулаа болж, Засгийн газраа байгуулах санаачилгыг гартаа авч чадсан тул гишүүд, дэмжигчдэдээ ч хэлэх үгтэй, нүүр бардам “төр­сөн өдөр”-өө тэмдэглэж бай­на. Гэхдээ энэ зам дандаа дардан байгаагүй. Өөрөөр хэл­бэл Монголд анх удаа төв талбай дээр “ард­чиллын төлөө үхсэн ч яахав” гээд өлсгөлөн зарласан залуусыг өрөвдөж халуун цай, хоолтой эргэж байсан тэр өдрүүдийнх шиг ард түм­ний хүрээлэл олон өдөр үр­гэлжлээгүй юм.

Ардчиллынхан олны дэмжлэгээр цатгалан ч хөрөнгө сан­хүүжилтээр өлсгөлөн бор зүрхээрээ зүтгэж явсаар 1996 оны ялалттай золгосон.

Энэ бол одоогоос 17 жилийн өмнө юм. Тэгэхээр Ардчиллынхан тэр үед есөн настай байж. Есөн настай “хүүх­дэд” төрийн жолоог атгуулж улсын сан хөмрөгийг даатгачихаад харж суух амаргүй байсан ч тэртэй тэр­гүй төсөв нь улайчихсан эдийн зас­гаас хараад, харамлаад байх ч юм­гүй. Харин реформ гэдэг шинэ, гоё үг ярьсаар сэлэм эргүүлэн орж ирсэн залуу хувьсгалчид эрх мэдлийн төлөө өөр хоорондоо “хутга шидэлцэж” эхлэв.

Үр дүнд  нь ардчиллын авторуудын нэг С.Зориг бусдын гарт амиа алдаж, банк дампууруулж “тоглож” болдгийг ухаарсан цөөн хэдэн хүн хагартлаа баяжаад өнгөрсөн. Арай л дэндүү нь арав орчим банк тэр үед хаалгаа барьж төв банкны ерөнхийлөгч нь солиорох шахаж байв. Харин ард түмний амьдрал тартагтаа тулж, Ардчилсан хүчний “үл таних” лидерүүдийн алинд нь ч итгэхээ мэдэхгүй байх хооронд Засгийн газар дөрвөнтөө хөрвөөгөөд УИХ-ын бүрэн эрхийн хугацаагаа дуусгав. Хэдийгээр тэднийг төр барьсан хугацаанд улс төрийн тогтворгүй байдал, эдийн засгийн уналт, хямрал газар авсан нь үнэн ч ард түмэн ардчиллынхны “Time out” арай ч 17 жилээр үргэлжилнэ гэж санаагүй юм шүү.

Энэ хооронд тэдний алдаа бүхнийг анхааралтай ажиглаж суу­сан тухайн үеийн МАХН-ынхан шинэ үеийн хөрөнгөтнүүдийг хуу хамж одоогийнхоор бол IPO бос­госон. Үр дүнд нь УИХ-ын 2000 оны сонгуульд 72:4 харьцаагаар үнэм­лэхүй ялалт байгуулсан ч одоо ч дээд амжилт хэвээрээ байна.  Гэхдээ энэ бол хуучин МАХН, одоогийн МАН мундаг гэсэн үг биш. Яагаад гэвэл улс төрийн аль ч хүчний хувьд ийм үнэмлэхүй ялалт мөрөөдөөд ч хэрэггүй “утопи”.

Ардчиллынхны байгуулсан 17 жилийн өмнөх энэ ялалтын гол автор нь М.Энхсайхан байсан гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Учир нь “шуудайд хийсэн эвэр” шиг тарж бутарсан таван намыг атгаж чадсан түүний тархи төр засагт итгэл алдарсан сонгогчдын сэтгэхүйг шууд удирдаж чадсан. Харин түүнээс нам нэгтнүүд нь эрх мэдлийг булааснаас хойш “нар өөд харсангүй”. УИХ-ын 2004-2008 оны сонгууль. Ард түмний итгэл найдвар хуваагдаж, “холимог хуурга” шиг Засгийн газар байгуулахад хүрэв. Тухайн үед Ерөнхий сайд асан Ц.Элбэгдорж яг л Ванга шиг найман жилийн дараах өнөөдрийг урьдчилан харсан мэт “Олуулаа болоод ирнэ” гэх алдарт үгээ хэлээд тамгаа гар­дуулсан. Дараагийн Засгийн газарт нь орж ажиллахыг хүссэн “дуртай гар”-ууд намаас гарахыг ч юман чинээд бодсонгүй. Автор нь мэдээж мөнөөх л М.Энхсайхан. Үүнээс болж Ардчилсан нам ч хохирсонгүй, М.Энхсайханы нам ч үгүйлэгдсэнгүй. Харин ялалт дагуулдаг “азын шоо”-гоо гээсэн мэт бодлогогүй, хүч­гүйгээрээ дуудуулан гишүүд дэм­жигчдэдээ байнга шүүмжлүүлэх болов.

Хэдийгээр М.Энхсайхан Н.Энхбаяртай нөхөрлөж, намаасаа өрх тусгаарласнаас хойш улс төрийн хаалгыг гаднаас нь хаасан мэт хэсэгтээ “азгүйтсэн” ч түүний тар­хин дахь бодлого хаачих вэ. Гэвч улстөрч хүн хэзээ скандал хийж, түүнээс хэдийд, яаж эвтэйхэн гарахаа үргэлж тооцоолсон байдгийг зөвхөн сүүлийн нэг жилийн дотор өрнөсөн үйл явцаас харж болно.

Н.Энхбаяр МАХН нэрийг хэрүүлтэй маргаантай авч бужигнуулж байх хооронд М.Энхсайхан сэмхэн очоод МҮАН нэрийг авсан. Үндэс­ний шинэ нам нэрийг бодвол эртний танил энэ нэр сонгуулийн үр дүнд бяцхан ч атугай нөлөө үзүүлсэн нь лавтай. Харин дараа нь Н.Энхбаяр шүүх хурлаас ял сонсож, уг шүүх хурлыг орон даяар телевизээр шууд дамжуулсан нь М.Энхсайханд бүр ч таатай. Тэрбээр шүүх хурлыг хүн­дэтгэж, Н.Энхбаярыг пялав. Ха­риуд нь М.Энхсайханыг Сангийн сай­даар томилуулдгийн даваан дээр Н.Энхбаяр эмнэлгийн орон дээрээс “NO” товчлуур дарж түүнийг мурьсан. Яаж чадаж байна аа. Ингээд Н.Энхбаяр “улс төрийн хам­гаа­лалт”-аа өөрийн гараар үгүй хийх нь тэр. Харин одоо МАХН-ынхан эмнэлэгийн орон дээрх “эзэн”-ээсээ айгаад сайдын суудлаа орхиж ядан “бойкот” хиймээр аядаж байхад М.Энхсайхан “Шүүх шүүхээрээ, засаг засгаараа байх нь дээр” гэж хэлээд олон нийтээс “онц­сайн” үнэлгээ аваад сууж байх жишээтэй. Энэ мөчид Ардчилсан намынханд мөнөөх л М.Энхсайханы үг үнэ цэнтэй сонсогдож, хамгийн итгэлт нөхөр болсон байх нь юу вэ. Магадгүй дангаараа ялалт байгуулж даанч хүч хүрэхгүй байгаа энэ үед дахиад л М.Энхсайхан АН-д хэрэг болж мэдэх юм. Түүнд “эрлийз, урвагч, хорчин” зэрэг олон нэр хоч бий. Гэвч “улс төрийн бодлоготон” гэдгээрээ хүлээн зөвшөөрөгдсөнийх нь дэргэд юусан билээ.

“Маргааш уулзахын тулд өнөөдөр салдаг. Үүрд хамт байхын тулд маргааш уулздаг” гэдэг үнэн бололтой. Монгол оронд Ардчилсан хувьс­гал ялсны 23 жилийн ойн энэ өдөр ардчиллын түүхийг дурсахад М.Энхсайхан гэдэг улстөрчийг ангид үлдээх “боломж” олдсонгүй.

Нийт уншигчдадаа Ардчилсан хувьсгал ялсны 23 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 У.ОРГИЛМАА
Эх сурвалж: "УЛС ТӨРИЙН ТОЙМ" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж