Хуучирсан мэдээ: 2012.12.07-нд нийтлэгдсэн

Оригинал телевиз

Саяхан сэтгүүлч Д. Болдхуягийн нэгэн ярилцлагыг уншаад манай телевизүүдэд бодитоор нөлөөлдөг ч төдийлөн асуудал болгон гаргаж ирж тавьдаггүй асуудлуудын талаар санаа зовниж явдгаа хүрэх ёстой хүмүүст нь хэлэхсэн, ойлгуулахсан гэсэн сэтгэлийн угаас үүнийг бичих сэдэл төрөв.

Монголын телевизийн ертөнцөд шинээр дуу хоолойгоо нэгтгэн мэндэлж байгаа олон шинэ телевизүүдийн тухай сайн муу ямар нэгэн байдлаар дуулах бүртээ Монгол Улсын Мэдээлэл, шуудан, харилцаа холбооны зохицуулах хороо гэдэг байгууллага хэдий хуулиа мөрдөж ажиллаж байгаа ч манайдаа л хавтгайрсан, ямар ч бодлогогүй байгаа телевизийн зөвшөөрөл гэдэг юмыг хүссэн хүнд нь, шаардлага хангаж байна гэсэн категорт нийцүүлэн өгөөд байгаа нь чухамдаа өөрсдөө ч гэсэн бодлого боловсруулдаг байгууллагын хэмжээнд ажиллаж чадахгүй байгаагийн илрэл гэж би эмзэглэдэг. Хамгийн ойрын жишээ гэхэд Хятадын нийслэл Бээжин хотноо дотоодын 50-60 телевиз гардгийг би лав мэдэхгүй юм. Чайна централ ТВ буюу Хятадын төв телевиз, Бээжин ТВ гэх мэт дотроо салбар бүрээр нь ангилсан чанартай хэдхэн телевиз гарч байна.

Нэг талаар болсон, болоогүй олон телевизүүд ихсэхийн хэрээр ард түмэн мэдээлэл хүлээн авах боломж өргөсөөд байгаа юм шиг боловч нөгөө талаар хэдэн намын дуу хоолой болж өнөө “тархи угаах” гэдэг ажлыг жинхэнэ утгаар нь хийж хөөрхий биднийгээ хүчирхийлж байна, бурхан минь. Аливаа юманд тунг нь тааруулна гэж нэг мундаг ойлголт бий. Гэтэл өнөөдөр Монгол Улсад хэвлэл мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа телевиз гэдэг зүйлийн зохимжит харьцаа хэтэрхий алдагдаад байгааг энэ газрынхан Засгийн газартаа, УИХ-д хүртэл хэлж сануулж, хазаарлах бодлого барьдаггүй нь гайхал төрүүлээд байгаа юм. Чимээгүй байхыг бодоход болоод байна гэж бодоод байх юм шиг байгаа юм. Гэтэл дотор нь ажилладаг миний хувьд болоод байгаа юм үнэхээрийн “түй” ч алга. Адгийн наад зах нь ингэж их лиценз олгож, бодит зах зээлээ хуваан үнэгүйдүүлчихээд Оюуны өмчийн газрынхнаар “Танай телевизийн өөрсдийн хийж нэвтрүүлдэг бүтээгдэхүүний эзлэх хувь дор хаяж 60 хувь байх ёстой” гэж дарамтлуулах жишээтэй. Шаардлага нь зөв ч нарийн нягт уялдаа холбоо гэж бас л “түй” ч алга. Цаг үе нь ч биш.

Миний мэдэхээр арав гаруй жилийн өмнө хуучин Үндэсний телевиз, UBS, MN25, TV-5, TV-9 гэсэн хэдхэн телевиз байх цагт арилжааны телевизийн гол санхүүгийн эх үүсвэр болох рекламны үнэ нэг секунд нь 1500 төгрөг байсан санагдана. Гэтэл одоо ч энэ үнэ бараг хэвээрээ. Цаасан дээр 4000-5000 гэж бичсэн үнэ начир дээрээ эргээд л 1500 дээрээ бууна. Учир нь түрүүн миний дурьдсан болсон, болоогүй олон телевизийн ачаар телевизийн рекламны ханш унаж, зах зээлээ хуваачихаж байгаа нь тэр. Төсөөлөөд үз дээ. Телевиз олшрохын хэрээр хэдэн хүмүүсээ цалинтай байлгахыг хичээж байгаа захирлууд нь хэдэн том компаниудын хаалгыг сахиж, рекламны үнээ навс унагаж байж хэдэн цаас олж ирнэ. Тэр нь аманд ч үгүй, хамарт ч үгүй болоод л өнгөрнө. Дахиад л мөнгөний эрэлд гарна. Бодит байдал дээр ийм байгаа телевизийн салбарынхныг “Танай телевизийн өөрсдийн хийж нэвтрүүлдэг бүтээгдэхүүний эзлэх хувь дор хаяж 60 хувь байх ёстой” гэж шахах нь зүйд нийцэх үү? Хаана байна тэр мөнгө нь? Нэвтрүүлэг хийхийн тулд аятайхан санаа, тайз засал, зураг авалт, гадуур дотуур сурвалжлаганд явах зардал, студид гарах зардал гээд хар мянган зардал гардаг юм шүү дээ. Нэгэнт л 60 хувьд зарцуулах тэр их мөнгө байхгүй юм чинь байгаадаа тааруулаад нетээс татсан хулгайн гадаад кино, хэдэн шоу нэвтрүүлгүүдээ орчуулж, дуу оруулсан болоод гаргаж байх нь арай бага зардалтай биш үү? Ядаж л өөрийнхөө цалин гэх таван цаастай үлдэж байгаа юм. Бодит байдал ийм л байна. Эхнээсээ л бодлогогүй ажиллаж ирсэн энэ мэт жишгээр ашигтай гэж ойлгоод хөрөнгө оруулалт хийчихсэн нэг нөхөр, өөрийнхөө тухай мэдээг өдөр шөнөгүй цацаад хэдэн цагаан зар аваад байхад болох юм байна гэж ойлгоод орчихсон шалихгүй улстөрч нөхөр, болно оо босгоно гээд хэн нэгэн захиралд итгүүлээд мөнгөөр нь энэ бизнест орчихсон нөхөр, тэдэнд ажиллагсад нь гээд үй түмэн амьтны хувь заяа бүхэлдээ эрсдэлд орж байгааг анзаарч байна уу, үгүй юу? Үзэгч та харж л байгаа байх. Манайд өөрийн нэрийн реалити шоу хийдэг, олон ангит кино бэлтгэдэг телевиз хир олон байна вэ? Үсрээд л тав. Бусад нь түрүүн дурьдсанчлан өдөр шөнөгүй мессеж чат, орчуулгын кино, ТВ шоп гаргаж зардлаа чүй ай нөхдөг юм шүү дээ. Бүр зарим нэг нь “Өөрсдөө юм хийж лай болсноос Солонгос сериал лицензийнх нь дагуу худалдаж аваад гаргавал арай хямд байдаг гэнэ” гэж яваа телевизийнхэнтэй ч таарч л байсан. Үзэгчдийн шүүмжлээд байдаг зарим нэгэн телевизүүд ингэж л нүглийн нүдийг гурилаар хуурч байна шүү дээ. Байдал нэгэнт ийм байгаа юм чинь та бүхний зохицуулаад байгаа гэх ноён нуруу, бодлого  чинь буруу л байна шүү дээ. Үүнийгээ эргэж нэг хараач ээ, шинэчлээч ээ. Улстөрч хөрөнгө оруулагчдыг хэдэн телевизээ утгаар нь ажиллуулаач ээ гэж хүсч байна. Би ойлгож байна аа, дөрөв дөрвөн жилээр гарч ирсэн намууд самчаад, дарамтлаад, лай болоод байгааг. Гэхдээ нэгэнт л сайжруулья, хийе, бүтээе гэж зорьвол бүтэхгүй зүйл гэж байхгүй. Ядаж л эхний ээлжинд гадаад контентийн тухай журмаа ягштал мөрдүүлчих. Сайн үр дүн гарахдаа л гарна. 

Миний бодлоор чанартай хэдэн телевизийг нь шалгаруулж үлдээгээд бусад зөвшөөрлөө орон нутгийн телевизүүдэд өгсөн нь дээр мэт. Ингэвэл нэгж телевизийн рекламны орлого ч нэмэгдэнэ. Түүнийхээ хэрээр 60 хувийн бүтээгдэхүүнээ ч нүүр бардам үйлдвэрлэдэг болно. Ажиллагсдынх нь цалин ч нэмэгдэнэ. Техник шинэчлэлийн хөрөнгө оруулалт ч өснө. Тэр үед нь бид Солонгос, Америкуудынх шиг чанартай бүтээгдэхүүн, реалити шоу, олон ангит киног тэднээс шаардах эрхтэй болж байгаа юм. Яагаад гэвэл тэр цагт бүгд мөнгөтэй болчихсон байна, оригинал телевизтэй ч болно.

Удахгүй 2014 оноос манай улсын телевиз, радио тэр чигээрээ аналагиос дижитал буюу тоон системд шилжих юм гэсэн. Тэр цагт шинэ бодлогоор ажиллаж чадахгүй аваас одооных шиг HD байтугай дижитал ч болж амжаагүй мөртлөө логоныхоо дэргэд HD гэсэн бичиг тавьснаас өөр шинэчлэлгүй энэ олон телевизонцорууд энэ хэвээрээ байсаар л байх болно. Бид улиг болтлоо үзэж байгаа өнөө муу ТВ чат, Солонгос сериал, Америк шоугаа ангайн үзсээр л байх болно. Уг нь дэлхий ертөнц хөгжөөд байхад бид ч бас хөгжмөөр л байх юм. Аятайхан үндэсний нэвтрүүлэг, шоу, сериал үзэхсэн гэж мөрөөдөх юм. Гэвч энэ мөрөөдөл маань хэзээ нэг юм биелэх юм бол доо?    

Кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо
2012 оны 12 дугаар сар 7
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж