Хуучирсан мэдээ: 2012.12.13-нд нийтлэгдсэн

Дэлхийн залуучуудын аварга,
ОУХМ Сүрэнгийн Эрдэнэбаяр
/1969-2012/

Чөлөөт бөхийн спортын нэрт тамирчин, дэлхийн залуучуудын аварга, олон улсын хэмжээний мастер Сүрэнгийн Эрдэнэбаяр 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр өвчний улмаас таалал төгсөж,  Монголын спортод хүнд гарз учирсанд түүний ар гэр, ахан дүүс, хамаатан саданд бид гүн эмгэнэлээ илэрхийлж байна.

1969 онд Увс аймгийн Улаангом хотод төрж Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 77 дугаар дунд сургуулийг 1987 онд алтан медальтай төгсөн 1992 онд МУБИС-ийн Биеийн тамирийн дээд сургуулийг дасгалжуулагчийн мэргэжлээр дүүргэжээ.

1983 оноос Спорт сургалтын төвд дасгалжуулагч Т.Батчулууны удирдлага дор чөлөөт бөхийн спортоор хичээллэж 1985-1987 онуудад залуучуудын шигшээ багт тамирчин, 1987-1989 онуудад “Алдар” спорт хороонд тамирчин-байлдагч, 1989-1996 онуудад улсын шигшээ багийн тамирчин байж 1988 онд спортын мастер, 1989 онд олон улсын хэмжээний мастер цол авч чөлөөт бөхийн дэвжээн дээр олон жил ид хаваа гайхуулан барилдаж байсан юм. 1998-2001 онуудад сонгомол бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч тэрчлэн “Хангай”, “Женко” клубүүдэд дасгалжуулагчаар ажиллаж байсан. Өсвөр үеийн УАШТ-нд 1985-1986 онуудад алтан медаль, залуучуудын УАШТ-нд 1988-1990 онуудад алтан медаль, Бүх ард түмний спартакиадад алтан медаль, УАШТ-нд мөнгө, 5 алтан медаль хүртэж байжээ. 1991 онд Болгар улсын Варна хот, 1994 онд Турк улсын Стамбул хотод болсон ДАШТ-нд хоёр удаа зодоглож 1988 онд Австри улсын Вольфурт хотод болсон залуучуудын ДАШТ-нд хүрэл медаль хүртэж 1989 онд Монгол улсын Улаанбаатар хотод болсон залуучуудын ДАШТ-нд түрүүлж бөхөнд дуртай өргөн олон үзэгчдээ магнай тэнийтэл баярлуулж байсан юм.    

“Интернациональ” олон улсын тэмцээнд 1990 онд мөнгөн медаль, “Монгол говь” тэмцээнд 1991-1992, 1994-1995 онуудад 4 удаа түрүүлж 1987 онд Болгар улсын Хасково хотод болсон социалист орны залуучуудын “Нөхөрлөл” тэмцээнд мөнгөн медаль, 1989 онд Улаанбаатар хотод болсон Найрамдалт армиуудын аварга шалгаруулах тэмцээнд хүрэл медаль, 1991 онд Иран улсад болдог Тахтийн цомын төлөө тэмцээнд мөнгөн медаль, ОХУ-ын Красноярск хотод болдог И.Ярыгиний нэрэмжит олон улсын “Гран-При” тэмцээнд хүрэл медаль, 1992 онд ОХУ-ын Улаан-Үд хотод болдог Б.Будаевийн нэрэмжит олон улсын тэмцээнд алтан медаль, БНХАУ-ын Өвөрмонголын Хөх хотод болсон олон улсын тэмцээнд алтан медаль авч байжээ. Түүний спортын өндөр амжилтыг үнэлж БТСГ-ын “Биеийн тамир спортын тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагнаж байв.

Түүний чөлөөт бөхийн талбарт гаргасан амжилт Монголын чөлөөт бөхийн спортын түүхэнд мөнхрөн үлдэж, даруу төлөв зан, уран хурц барилдаан  бидний зүрх сэтгэлд үүрд хадгалагдах болно.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам
Спортын бэлтгэлийн төв
Монголын үндэсний олимпийн хороо
Монголын чөлөөт бөхийн холбоо
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж