Үнэ цэнээ алдсаар буй “Гоёл 2013”

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

Үнэ цэнээ алдсаар буй “Гоёл 2013”

Монголын загварын ертөнцийн ганц том наадам болох “Гоёл 2013” өнгөрсөн амралтын өдөр Соёлын төв өргөөнд болж, шилдгээ шалгарууллаа.  Энэ удаагийн наадам олон улсын загварын ертөнцийн жишгээр загварын долоо хоног буюу “Grand fashion week”-ээр эхэлсэн. Загварын долоо хоногт “МODS” агентлаг, “Говь-Эрдэнэ” компани, "Bess Tailor" салон, "Мон Үйл", "Precious", "Амно" салон, "Дархан Минж", "Мила Мода", "Аяс Кашмер", "Шилмэл загвар", "Төмөр трейд", "Дөлгөөн", "Сити", “ЗБТ”, “Muse & art house” агентлагууд, 50-аад дизайнер, 70 гаруй загвар өмсөгч “Наран моторс”-ын тайзнаа өөрсдийн загваруудаа дэлгэн харуулсан. Харин загварын хүрээний ганц наадмын нээлт гэхэд сүржин байж чадсангүй. Учир нь “акулууд” гэгдэх “Торго”, “Урлах эрдмийн товчоо”-ныхон оролцоогүй, “топ” тодотголтой загвар өмсөгчид тайзнаа алхсангүй.

Харин гала арга хэмжээнд дээр нэр нь дурдагдсан байгууллага бүр ямар нэг шагнал, өргөмжлөл хүртэв. Утгаараа бол “Гоёл” наадам загварын хүрээнийхнийг бүгдийг нь хамарч чаддаг, шалгуур шүүлт өндөртэй баймаар. Гэвч угтаа бол “сохор” шүүлттэй, “эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй” байдлаар шагнал хүртээдэг нь энэ наадмын үнэлэмжийг багасгаж, шүүмжлэлийн бай болгодог.

Энэ жил 25 нас хүрч буй “Гоёл” наадмын шилдэг дизайнерийн гран-при шагналыг “Аяс Кашмер”-ийн ерөнхий дизайнер М.Оюунбилэг хүртэв. Түүний ур ухаанаар бүтсэн загварууд, тэр дундаа хашийн ногоон өнгөт "Сийлэн" коллекци нь эмэгтэйлэг шинж чанарыг товойлгож, байгалийн өнгийг нэвт шувт илэрхийлсэн, технологийн шинэ шийдлийг харуулснаараа онцлог байв.

Дизайнеруудын хувьд Б.Бат-Эрдэнэ /Төмөр трейд/, Б.Эрдэнэтуяа /Монголжингоо/, н.Болортуяа /Говь Эрдэнэ/ нар тусгай шагналын эзэд болж, “Muse & Art house”-ын дизайнер Г.Цас, Э.Урантуяа шилдэг залуу дизайнераар өргөмжлүүлсэн. Түүнчлэн өдөр тутмын загвар-С.Гантуул /Мон үйл/, н.Биндэръя /Bess tailor/ үндэсний хувцасны загвар-Х.Батзаяа /Шилмэл загвар/ нар шилдгээр шалгарсан бол “Лакс” компани “Шинэ технологи нэвтрүүлсэн загварын товчоо”, “Амно” харин “Шилдэг зохион бүтээх товчоо”-гоор тодорсон.

“Гоёл 2013”-ын тайзнаа толилуулсан загваруудаас “Mods”-ын дизайнер Б.Цэцэгсайханы “Indigo child” бүтээл үзүүштэй, онцлууштай нь байж чадсан. Дүр төрх, хэлбэр загвар, өнгөний сонголтын хувьд ч өвөрмөц өнцөг харуулсан, хэвшмэл болсон уйтгартай загваруудаас эрс ялгарч байв. Мөн гоёлын даашинзаараа бүсгүйчүүдийн дунд хэдийнэ байр сууриа эзэлсэн “Bess tailor”-ын загварууд гүйцэтгэл нарийн нямбай хийсэн нь мэдэгдэж байсан. Тэд загваруудынхаа акксесуар нэмэлт, чимэглэлийг маш гоё, цогц байдлаар шийдсэн нь баялаг байлаа. Нарийн ур хийц, өдөр тутмын загварын тоноглол, чимэглэл, эрэгтэй хувцасны бүрдэл хэсэг, гараар урласан ширээс, үндэсний загварын тансаг байдал хийгээд материалын шинж чанар, хуримын ялдам, ихэмсэг бөгөөд эмэгтэйлэг загварууд…

Гэхдээ дотоодын ганц нэг дизайнер, эсрэгээр гаднаас ирсэн зочдын бүтээлээр нүд хужирладаг  гэдгийг “Гоёл”-ын үзэгчид хүлээн зөвшөөрч байна. Үнэхээр ч Оросын дизайнер “Русский силуэт” загварын наадмын “Гран-при” шагналт Алексей Власовын загварууд үнэхээр “Гоёл” наадмын дэгжин гоёл байлаа. Загварын ерөнхий силуэт, өнгө, материалын шинж чанар, өнгөний уусал, зохицол ямархан гайхалтай болохыг магтан дуулмаар. Энгийн загвар тайзнаа хэрхэн амилж, жинхэнэ ‘fashion’ гэж ямар болохыг тэр мэдрүүлж чадав. Монгол дизайнеруудын хувьд хэдхэн өнгө мэддэг, түүнийгээ өнгө дагуу уусган харуулдаг “түүхий” бүтээлүүдээр “Гоёл”-ыг тахалсаар… Улиг болсон сонголт Монголын загварын өнгө төрхийг тодорхойлно гэдэг эмгэнэлтэй бус уу.

Дизайнеруудын урыг илтгэх хувцас загвараас илүү тухайн жилийн топ модель гэдэг “Гоёл” наадмын “халуун сэдэв” байдаг. Харин энэ жилийн хувьд Монголын дизайнеруудын холбооны загвар өмсөгч О.Пүрэвдулам топийн өргөмжлөл гардав. Сонирхолтой нь, “Гоёл”-оос татгалзсан топ хатагтай Э.Одгэрэл эцсийн мөчид тайзнаа заларч, отгон топод өргөмжлөл хүртээсэн юм. “Гоёл-2013” наадмын шилдгүүдээс дэд байрт “Шилмэл загвар”-ын Т.Туяамаа, Шилдэг эрэгтэй загвар өмсөгчөөр н.Ганзориг, Шилдэг эмэгтэй загвар өмсөгчөөр С.Ариунбилэг нар тодорлоо.

“Топ модель” гэх ойлголтыг Ц.Мянганбаяр хэмээх нэр мөнхөд дагалддаг. Эсвэл Ц.Мянганбаярыг дагаж “Топ модель” төрдөг үү. Монголын дизайнеруудын холбооны тэргүүн Ц.Мянганбаярын тааллаар бус, тодорхой шалгуураар топын эгнээнд нэгддэг гэх ч өнөөх “бор шувуу” ниссээр.

“Гоёл”-оос татгалзсан “Торго” жил бүр өөрийн нэрэмжит шоугаа хаалттай шахам хийж, “Урлах эрдэм” ч мөн хувьдаа загварын долоо хоног зохион байгуулах болж, “Монгол модель”-ийн загвар өмсөгчид “Гоёл”-ын тайзнаа алхахаа болиод удаж байна. Энэ мэт олон нийтийн дунд нэр хүндээ алдаж, үнэлэмж нь буурсаар байгаа “Гоёл” дээрх жишгээр үргэлжилсээр байх уу. Монголын загварын хүрээнийхнийг нэгэн дээвэр дор нэгтгэдэг гэх ч улиг болсон товчоо, уйтгартай загваруудтай явцуу хүрээний “Гоёл” наадам сумын бэсрэг наадамтай дүйнэ. Ийм эмзэглэл үлдээсэн энэ жилийн “Гоёл” өндөрлөлөө.

Г.ДАША

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж