ЗГ-ын үнэт цаасыг шинэ системээр арилжиж байна

Хуучирсан мэдээ: 2012.12.17-нд нийтлэгдсэн

ЗГ-ын үнэт цаасыг шинэ системээр арилжиж байна

Засгийн газрын үнэт цаасны ээлжит арилжааг Сангийн яам, Монголбанк хамтран зохион байгуулж, нийт 77.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг сүүлийн гурван арилжаагаар амжилттай арилжсан байна. Энэ талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Ганцогттой ярилцлаа.


-Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголбанктай хамтран шинэ системээр амжилттай арилжаалсан талаар та дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

-Сангийн яам, Монголбанкны шинэ удирдлагуудын хамтын шийдвэрээр бид Засгийн газрын үнэт цаасны арилжааг Монголбанктай хамтран 3 удаа зохион байгуулж 77.0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг амжилттай арилжааллаа. Энд хэд хэдэн шинэлэг ажил давхар хийгдэж байгаа юм. Тухайлбал: Нэгдүгээрт, Засгийн газрын үнэт цаасны арилжааг Сангийн яам, Монголбанк хоёр хамтран зохион байгуулсан бодлогын шинэчлэл,  Хоёрдугаарт, арилжаа явуулсан арга, арилжааны систем, Гуравдугаарт, Засгийн газрын үнэт цаасны төлбөр тооцоо бүртгэлийн тогтолцоо гэх мэт ач хобогдолтой ажлыг эхлүүллээ. Цаашилбал төсвийн болон мөнгөний бодлогын уялдааг хангах, Засгийн газрын үнэт цаасны зах зээлийг хөгжүүлэх зэрэг бодлогын ажлууд давхар хийгдээд явах юм.

-Шинэ системээр арилжаалсан гэж байна. Энэ талаараа та тодруулахгүй юу?

-Шинэ систем гэдэг нь Засгийн газрын үнэт цаасны арилжаа явуулах шинэ платформ, программ хангамж л даа. Монголбанкны үнэт цаасны арилжаа явуулдаг программ хангамж дээр суурилаад дотоодын нөөц бололцоогоо ашиглаад шинээр хийсэн систем юм. Энэ систем нь Сангийн яам, Монголбанк, бүх арилжааны банкуудыг холбосон байгаа. Өөрөөр хэлбэл программ хангамжийн нэгдсэн удирдлага Монголбанк дээр байх бөгөөд Сангийн яамнаас арилжих гэж байгаа. Засгийн газрын үнэт цаасны мэдээллээ оруулж арилжааг нээхэд арилжааны банкууд үнэт цаас авах захиалгаа өгч өрсөлдөнө гэсэн үг.

-Хөрөнгө оруулагч нарын зүгээс Засгийн газрын үнэт цаас худалдан авах боломж боломж хир нээлттэй вэ?

-Хувь хүн, компани, гадаадын хөрөнгө оруулагч хэн бүхэнд Засгийн газрын үнэт цаас худалдан авах боломж нээлттэй байгаа. Засгийн газрын үнэт цаасанд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагч арилжааны банкаар дамжуулан арилжаанд оролцоно. Тухайн хөрөнгө оруулагчийн авсан Засгийн газрын үнэт цаас өөрийнх нь нэр дээр Үнэт цаасны төлбөр тооцоо,  төвлөрсөн хадгаламжийн төв дээр бүртгэгдэнэ. Хөрөнгө оруулагч нарт бид боломжийг нь бүрэн нээж өгөх, аливаа эрсдэл багатай байлгах тийм нөхцөл бололцоог бүрдүүлж өгсөн. Тухайлбал, арилжаанд оролцож ялагч болсон хөрөнгө оруулагч үнэт цаасны төлбөрөө 3 хоногийн  дараа төсвийн дансанд төвлөрүүлэхээр холбогдох журмаар зохицуулсан энэ нь Т+3 гэж нэрлэгддэг төлбөр тооцооны олон улсын аргачлал юм. Ингэснээр хөрөнгө оруулагч нарт хөрөнгөө удирдах, төлөвлөх боломжийг бүрэн олгох ач холбогдолтой юм. Хамгийн наад захын жишээ гэхэд гадны хөрөнгө оруулагч нарт мөнгөө шилжүүлэх, төгрөг болгон хөрвүүлэх гэх мэт хугацаа хэрэгтэй шүү дээ.

-Дотоодод арилжсан Засгийн газрын үнэт цаасны хүүгийн түвшин ямар байна вэ?
 
-Өнгөрсөн арилжаагаар нийт 10,0 тэрбум төгрөгийн үнэт цаасыг 3 сарын хугацаатай гаргасан хүү нь дунджаар 12,5 хувиар тогтлоо. Энэ бол одоо манай улсын санхүүгийн зах зээл дээрхи хүүгийн түвшинтэй харьцуулахад боломжийн гэж үзэж байгаа. Монголбанкны дээрх нөхцөлтэй үнэт цаасны хүү жилийн 16,3 хувь байгаа шүү дээ үүнтэй харьцуулахад 4 хувиар бага байна. Бид одоо шинэ ажлаа дөнгөж эхэлж байна. Эхний үед анхдагч зах зээлд гаргаж байгаа Засгийн газрын үнэт цаасны хүү жаахан өндөр байх болов уу гэсэн таамаглал байгаа. Гэхдээ хүүг бууруулах талаар Монголбанк, Сангийн яамны хооронд хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон  бодлогын арга хэмжээний асуудлууд ч байгаа.  Хамгийн гол нь бодлогын хувьд бид дотоодын санхүүгийн зах зээлээ хөгжүүлэх, бааз суурийг нь бэхжүүлж авах явдал чухал байна өөрөөр хэлбэл зах зээлд чөлөөтэй арилжигддаг санхүүгийн хэрэгслүүд, бараатай байх, арилжаа, солилцоог чөлөөтэй хийдэг захтай байх тийм тогтолцоог бэхжүүлэх нь эхний зорилт юм. Засгийн газрын үнэт цаасны арилжааг тогтмолжуулаад, хоёрдогч зах зээлд чөлөөтэй арилждаг тогтолцоог нь бүрдүүлээд өгвөл Засгийн газрын үнэт цаас хамгийн эрсдэлгүй, найдвартай санхүүгийн хэрэгсэл учир хүү нь бууна гэж тооцож байгаа.  Нөгөө талаар Засгийн газрын үнэт цаасыг Монголбанкны мөнгөний бодлогын хэрэгсэл болгох, төсөв мөнгөний бодлогын уялдааг хангах, санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зэрэг бодлогын ажлын үр дүн ирэх жилээс илүү бодитой харагдах болно.

-Одоо арилжиж байгаа Засгийн газрын үнэт цаасны орлого юунд зарцуулагдах  вэ?

-Улсын төсвийн 2012-оны тодотголд төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд зориулж нэмж 270,0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулахаар батлагдсан байгаа. Одоо арилжаалж байгаа үнэт цаасны борлуулалтын орлого төсвийн урсгал зардалд зарцуулагдана.

-Сүүлийн үед Засгийн газар дотоодын зах зээлд үнэт цаас гаргаж байна. Засгийн газрын дотоод өр хэд болж байгаа вэ?

-Засгийн газрын нийт өрийн бүтцэд Засгийн газрын үнэт цаасны өр 20 гаруй хувийг эзэлж байгаа.  Өнгөрсөн оны эцэст Засгийн газрын дотоод өр 503,0 тэрбум төгрөг байсан. Энэ оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр 708,1 тэрбум төгрөг болох тооцоотой байна.  Бүтцийн хувьд гэвэл: “4000 айл” Орон сууцны хөтөлбөрийн хүрээнд гаргасан үнэт цаасны үлдэгдэл 72,0 тэрбум төгрөг, Банкны бүтцийн өөрчлөлтийн хүрээнд гаргасан үнэт цаасны үлдэгдэл 60,0 тэрбум төгрөг, Ноос, ноолуур жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зээлийн эх үүсвэр бүрдүүлэх зорилгоор гаргасан үнэт цаасны үлдэгдэл 197,0 тэрбум төгрөг, Төсвийн урсгал санхүүжилтэд зориулж гаргасан үнэт цаасны үлдэгдэл 379,0 тэрбум төгрөг байна. 2012 оны санхүүгийн жилд өссөн дүнгээр 583,7 тэрбум төгрөгийн үнэт арилжаалахаар төлөвлөж байгаа  хэдий ч дотоодын үнэт цаасны үлдэгдэл өнгөрсөн оны дүнгээс  200,0 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна. Өмнө нь арилжсан үнэт цаасны төлбөрөө гэрээний дагуу төлөөд явж байгаа хугацаа хоцорсон, төлж чадахгүй болсон зэрэг хөрөнгө оруулагчийн итгэлийг алдсан тийм асуудал байхгүй бүгд хуваарийн дагуу явж байгаа. Засгийн газрын үнэт цаас худалдан борлуулж эх үүсвэр бүрдүүлэн тодорхой төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн нь үр дүнгээ өгч байгаа. Жишээ нь: 4,000 төрийн албан хаагч орон сууцтай болчихлоо,  Ноос, ноолуурын салбар маань сэргээд ирлээ. Ингээд бид өнөөдөр өр үүсгэж байгаа мэт харагдаж байгаа ч бодит салбараа дэмжсэн хөрөнгө оруулалт хийгээд тэр нь эргээд эдийн засгаа дэмжээд, төсөвт орох татварын орлого нэмэгдээд өмнө үүссэн өрөө төлөөд гэх мэт гинжин хэлхээгээр явдаг эдийн засгийн хууль шүү дээ. Цаашдаа Засгийн газрын үнэт цаасны үлдэгдлийг тодорхой хэмжээнд нэмэгдүүлэх бодлого барьж байгаа. Байнга гадаадаас мөнгө босгодог, гадаадаас мөнгө зээлдэг байж болохгүй шүү дээ дотооддоо санхүүгийн зах зээлээ бэхжүүлэх, тогтмол ажиллагаатай  болгох,  шаардлагатай үедээ мөнгөө босгодог тийм орчинг бий болгох зорилготой гэдгийг бас дээр хэлсэн. Үүнд гол ач холбогдол нь оршиж байгаа юм.

-2013 оны санхүүгийн жилд ямар хэмжээний Засгийн газрын үнэт цаас гаргахаар төлөвлөж байгаа вэ? Тодорхой төсөл хөтөлбөрт чиглэсэн үнэт цаас дотоодын зах зээлд гаргах уу?

-2013 оны төсвийн тухай хуульд төсвийн алдагдлыг санхүүжүүлэх зорилгоор 737,0 тэрбум төгрөгийн Засгийн газрын үнэт цаас гаргахаар хуульчлан батлагдсан байгаа.  Бид төсвийн орлого, зарлагатай уялдуулж Засгийн газрын үнэт цаасны арилжааг зохион байгуулна. Арилжааны хуваарийг нарийн гаргаж нийтэд зарлана. Ингэснээр хөрөнгө оруулагчдад хөрөнгийн төлөвлөлтөө хийх боломжийг нээж, зах зээлийг тогтмолжуулах бодлогоо хангаж ажиллана. Мөн Арьс, ширний үйлдвэрлэл эрхлэгчдэд зээл олгох эх үүсвэрийг бүрдүүлэхэд Засгийн газрын үнэт цаас гаргах асуудал Улсын Их Хурлаар хэлэлцэгдэж байна. УИХ-ын шийдвэр эцэслэн гарахаар бид хугацаа алдалгүй хэрэгжүүлэх арга хэмжээг авч ажиллана.

Б.БАЯР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж