Зээл горилогсод өлсгөлөн зарлана

Хуучирсан мэдээ: 2012.12.20-нд нийтлэгдсэн

Зээл горилогсод өлсгөлөн зарлана

Жилийн зургаан хувийн зээлд хамрагдаж орон сууцтай болно гэж итгээд урьдчилгаа мөнгөө төлсөн ч байранд ч орж чадахгүй, зээлээ авах эсэхээ ч мэдэхгүй байгаа 1200 гаруй иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд хандсан юм. Хэрвээ Засгийн газар энэ долоо хоногт багтаж тэдний асуудлыг шийдэхгүй бол эдгээр хүмүүс өлсгөлөн зарлаж тэмцлийн хурц хэлбэрт шилжинэ гэлээ.

Энэ зээлийг аваад орон сууцтай болохын тулд амьдарч байсан хашаа байшингаа зарсан эсвэл барьцаанд тавьсан, ар гэр, ах дүүгээсээ мөнгө зээлж 10 хувийн урьдчилгаагаа төлсөн гэр бүл олон байна. Зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл авахаар өргөдөл өгсөн 3967 хүний 1081-ийнх зээлийг олгосон. Мөн 970 хүнд зээл олгох боломжгүй, 705 хүний зээлийг удахгүй шийднэ гэж Барилга хот байгуулалтын сайд Ц.Баярсайхан УИХ-ын  байнгын хорооны хуралдаанд танилцуулсан. Гэтэл цаана 1211 гэр бүлийн өргөдлийг хэрхэн шийдэх, тэд зээлээ авах эсэхээ одоо болтол мэдэхгүй яваа юм байна.  Өөрөөр хэлбэл, зээлээ хүлээж буй 2000 гаруй гэр бүлийн өргөдөл удахгүй шийдэгдэх 705-ын дотор байгаа юу эсвэл шийдэх эсэх нь тодорхойгүй 1200-ийн дотор байгаа юу гэдгийг ч мэдэхгүй байгаа аж.

Хэрвээ өмнөх Засгийн газрын зургаан хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болгоно гэдэг амлалтад итгээгүй бол энэ хүмүүс урьдчилгаагаа төлөх гэж эрсдэлтэй алхам хийхгүй байсан. Тиймээс өмнөх Засгийн газарт ч ажиллаж байсан одоо ч байгаа Н.Алтанхуяг, Х.Баттулга нар амлалтаа биелүүлж ямар нэг аргаар байртай болгох ёстой гэж эдгээр иргэд шаардаж байгаа аж.

Б.ХАЛИУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж