Филиппинчууд “дэлхийн мөхөл”-өөс зугтаж, ууланд гарав

Хуучирсан мэдээ: 2012.12.21-нд нийтлэгдсэн

Филиппинчууд “дэлхийн мөхөл”-өөс зугтаж, ууланд гарав

Шашны нэгэн бүлгийн хэдэн зуун филиппинчууд 21-ний өдөр дэлхий сөнөнө гээд Суригао хотын ойролцоох уулын  оройд гарч, галав юүлэхийг хүлээж эхэлсэн гэнэ. H-World гэх шашны бүлгийнхэн дэлхийн мөхөл гэдэг нь амьд ертөнцийг мөхөөхгүй, харин байгалийн элдэв гамшгийг дагуулна гэж үзэж байгаа аж. “Энэ өдөр харанхуй нөмөрч, хүмүүсийн сэтгэл зүрхэнд итгэл унтарна” гэж тэрхүү бүлгийн нэгэн удирдагч 60 настай Берано Тамайо мэдэгдсэн байв.

Тэдний тайлбарласнаар түнэр харанхуй болсны дараа дэлхийд шинэ дэг журам тогтох гэнэ. Мөхөл ирэх цагаар Суригао хотын ойролцоох уул хүмүүсийн хувьд аврал болох гэнэ. Уулын орой хавьд суурьшсан хүмүүсийн тоо одоо 500 орчим болоод байгаа бөгөөд тэд ногоо тарьж, тахиа, гахай үржүүлэн амьдрах болжээ. Тэд даяанч амьдралаар амьдран нүглээ наминчилж байгаа гэнэ.

“Дэлхий сөнөх” сураг, цуу яриа зургаан зуу орчим хятад хүмүүсийг барин хорих шалтаг болов. Хэнань мужид 1990 онд байгуулагдсан “Бурхан бүхнээс хүчтэй” гэх шашны бүлэг 2012 оны арванхоёрдугаар сарын 21-нээс өмнө бүлгийн гишүүд болсон хүмүүс сүйрлийн өдөр аврагдана гэж амласан байна. “Бүхнээс хүчтэй бурхан л хүнийг аварч чадна. Хэн бурханд үл итгэнэ тэр хүн тамын галд шатах болно” гэж энэ урсгалын товхимолд өгүүлсэн байлаа. Тэр мэдээгээ нийтэд хүргэхээр хэвлэмэл бүтээгдэхүүн тарааж, ухуулга хийдэг гэнэ. Энэ урсгалын 600 орчим гишүүдийг барин саатуулсан тухай мэдээ ирж байна. Мөн хэвлэлийн машин, ухуулгын ихээхэн материалуудыг хураан авчээ.

Энэ цагаар майягийн тахилчид 21-ний өдрийн арга хэмжээг зохион байгуулж, урт хугацааны тав дахь нарны эринийг үдэж байгаа гэнэ. Яг энэ өдрөөр майягийн хуанли гэх нь тасарсан байдаг учраас өөдрөг бус үзэлтнүүд түүнээс хойш дэлхийн мөхөл ирнэ гэсэн яриаг гаргасан байлаа.

Эртний майячуудын дурсгалт газрууд ихтэй Гветамалад тахилчдын удирдлагаар ариун нандин нутаг газраа ариутгах ёслол эхлээд байна. Эртний ард түмнийг төлөөлсөн Агуу их зөвлөл гэгчийн тэргүүн Альберто Маррокин хэлэхдээ арванхоёрдугаар сарын 21-нд майягийн соёл иргэншлэлийн шинэ үүр цайлт эхэлнэ гэсэн байв. Ариутгалд тус орны 20 ариун нутаг дэвсгэр хамрагдах ажээ. Майягийн тахилчид ард олны эв нэгдлийн төлөө бясалгал хийхийг нийтэд уриалав. Энэ өдрүүдэд бараг 200 мянган жуулчид Гветамалад иржээ. Тус орны ерөнхийлөгч Тикаль гэх үндэсний хүрээлэнд ирж,  энэ ойд зориулсан гол арга хэмжээнд оролцох ажээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж