Цасанд суусан 137 иргэний амь насыг аварчээ

Хуучирсан мэдээ: 2012.12.29-нд нийтлэгдсэн

Цасанд суусан 137 иргэний амь насыг аварчээ

Нийслэлийн хэмжээнд өчигдрийн байдлаар аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын нийт 14 дуудлага иржээ. Үүнээс хоногийн хугацаанд объектын гал түймрийн  7, гал түймрийн зөрчлийн  3, зам тээврийн ослын 1, эрэн хайх аврах ажиллагааны 3 дуудлагаар харъяа дүүргийн хэлтэс, Аврах, гал унтраах анги, салбар гарч шуурхай арга хэмжээ авч ажилласан тухай Нийслэлийн онцгой байдлын газраас мэдээлж байна.

Ийнхүү цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газрын дүүргүүдийн Онцгой байдлын хэлтэс, Аврах гал унтраах ангиуд албаны өндөржүүлсэн бэлэн байдалд үүрэг гүйцэтгэж өчигдөр аюулт үзэгдлийн улмаас учирч болзошгүй хор уршгийг арилгахаар 91 албан хаагч, цасан шуурганаар төөрсөн, цасанд боогдон суусан 137 иргэний амь насыг аварч, 28 автомашиныг аюулгүй зайд  гаргажээ.

Тухайлбал, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг Олон улсын хүүхдийн Найрамдал зуслан явах замд “Хаадын өргөө” амралтын газрын хажуугаар Тахилт руу явдаг замд Портер маркын авто машинтай 6 хүн цасан шуурганд төөрсөн гэсэн дуудлага 11.10 цагт мэдээлэл шуурхай удирдлагын төвд иржээ. Дуудлагын дагуу  11.30 цагт Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах гал унтраах 29 дүгээр ангийн 11 албан хаагч 3 автомашинтай  эрлийн үйл ажиллагааг явуулж “Аксент” маркийн автомашинтай 4 том хүн, 1 хүүхэд цасанд суусан байдалтай байхад нь таарч иргэдийг цаснаас гарган, 19:05 цагт Портер маркын авто машинтай цасан шуурганд төөрсөн гэх иргэдийг Тахилтын давааны ард байсныг нь олж нийт 11 хүний амь насыг авран хамгаалсан байна.

Налайх дүүргийн нутагт өчигдөр 14 цагаас  эхлэн цаг агаарын байдал хүндэрч, салхи 10-14 м/с хүртэл ширүүсэн, цасан шуурга шуурсны улмаас Улаанбатараас Налайх, Багануур , Багахангай чиглэлийн автозам, даваа цасанд хунгарлан хаагдаж иргэдийн машин техник цасанд суух, боогдох нөхцөл бий болжээ.  Дүүргийн Онцгой байдлын хэлтсээс  Улаанбаатар Багануур, Улаанбаатар Багахангай, Улаанбаатар Налайхын чиглэлийн авто зам дагуу албан хаагчдыг  3 ажлын хэсэгт хуваан гаргаж Улаанбаатараас Багануур, Тэрэлж, Цонжин болдог орох замын чиглэлд Гамшгаас хамгаалах бэлтгэл бэлэн байдал хариуцсан ахлах мэргэжилтэн хошууч Ц.Ганбатаар ахлуулсан ажлын хэсэг ажилласан байна. Ингэснээр 22 иргэн, 10 автомашиныг, Улаанбаатараас Багахангай орох замын чиглэлд Гал түймрийн улсын хяналтын байцаагч ахмад  Д.Дандараар ахлуулсан ажлын хэсэг 37 иргэн, 10 автомашиныг,  Улаанбаатараас Налайх орох замын чиглэлд Аврах гал унтраах 28 дугаар ангийн захирагч хошууч Ц.Мөнхжаргалаар ахлуулсан ажлын хэсэг 58 иргэн, 4 автомашиныг цасан хунгараас татаж гарган 117 хүнийг хөлдөх, осгох аюулаас авран хамгаалжээ.
Нийслэлийн Багануур дүүргээс Төв аймгийн Мөнгөн морьт сум руу явах замд “цасанд машин суусан” гэсэн дуудлагын 23:15 цагт ирүүлснээр Аврах гал унтраах 64 дүгээр ангийн а/а Д.Цэрэнбазар ахалсан 4 хүний бүрэлдэхүүнтэй пургон машинтай гарч “Прадо-95” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг гаргажээ. Ажиллагааны дүнд 8 иргэний амийг аварч, мөн Багануур дүүргээс 3,5 клометрийн зайтай газар машин цасанд суусан байна гэсэн дуудлагыг 02:22  цагт хүлээж аван Аврах гал унтраах 64 дүгээр ангийн а/а Д.Цэрэнбазар ахалсан 4 хүний бүрэлдэхүүнтэй пургон машинтай гарч “Бонго” загварын суудлын автомашин цасанд суусан байсныг татан гаргажээ. Энэ бүхэнтэй холбогдуулж Нийслэлийн онцгой байдлын газраас дараах сэрэмжлүүлгийг ард иргэдэд хүргэж байна. 

  1. Мэргэжлийн байгууллагаас ирүүлсэн мэдээллээр цаашид цаг агаар хүйтэрч, цас үргэлжлэн орох тул  иргэд олон нийт холын замд гарахгүй байх. Зайлшгүй шаардлагаар холын замд гарахдаа тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, зорчих зам давааны талаарх байрзүйн зургийг авч явах, дулаан хувцастай явах.
  2. Шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан хувь хүн, иргэд  пиротехникийн хэрэгсэл хэрэглэхгүй байх, салют, бенгалын гал зэргийг хэрэглэж гэмтэж бэртэхээс болгоомжлох.
  3. Гэр, байшин, орон сууцныхаа  галын аюулгүй байдлыг хангаж, бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр үлдээхгүй байх.
  4. Архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэхгүй байж хөлдөх, осгохоос өөрийгөө хамгаалахыг сэрэмжлүүлж байна.
У.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж