Монгол Улсын онцлох үйл явдлууд

Хуучирсан мэдээ: 2012.12.30-нд нийтлэгдсэн

Монгол Улсын онцлох үйл явдлууд

News агентлаг уламжлал ёсоор өнгөрсөн жил Монгол Улсад өрнөсөн оны онцлох үйл явдлуудыг нэрлэж байна.

УЛС ТӨРД ХҮЧНИЙ ХАРЬЦАА ӨӨРЧЛӨГДЛӨӨ

Өнгөрч буй 2012 оны хамгийн гол өөрчлөлт нь улс төрд хүчний харьцаа өөрчлөгдсөн явдал. 1996 оны сонгуулиас хойш 16 жилийн дараа Ардчилсан хүчинд засгийн эрх мэдэл шилжиж, Ардчилсан нам дангаараа УИХ-д суудалтай намуудаас хамгийн олон буюу 33  суудал авлаа. Өнгөрөгч зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн дараа 31 суудалтай байсан Ардчилсан намд шинэ он шувтрахын өмнөхөн хоёр суудал нэмэгдлээ. Тэр нь Өвөрхангайн тойрогт нэр дэвшээд өвдөг шороодсон Г.Батхүү Сонгуулийн хууль зөрчсөн асуудлаар нэр нь татагдсан Н.Төмөрхүүгийн оронд тангараг өргөж, МАН-аас дахин санал хураалтаар нэр дэвшиж орж ирсэн Д.Арвин тангараг өргөснийхөө дараа Ардчилсан намд элссэн явдал. Өнгөрөгч арваннэгдүгээр сард болж өнгөрсөн орон нутгийн сонгуульд ч бас Ардчилсан нам олонхи болж, нийслэлийн есөн дүүргээс зургаад нь, 21 аймгийн 12-т нь ялалт байгуулав. Ингэснээр Засгийн эрх хагас дутуу ч гэсэн Ардчилсан намд шилжлээ.

Мэдээж Ардчилсан нам УИХ-д дангаараа олонхи болж чадаагүйн улмаас 11 суудал авсан МАХН, МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй эвсч, Засгийн газраа байгуулсан. Харин үүний үр дүнд Засгийн газарт  дөрвөн сайдтай болсон “Шударга ёс” эвслийн нэг хамтрагч МАХН-ын зүгээс намын дарга нь шүүхээр ял сонссоны улмаас байн байн засгаас гарахаар айлгаж, ичээх болсныг эс тооцвол одоохондоо эвслийн Засгийн газар тогтвортой ажиллаж байна.  

Сонгуулийн дүн ингэж гарахад зайлшгүй нөлөөлсөн нэг хүчин зүйл бол сонгуулийг цахимжуулсан явдал. УИХ-д 44 суудалтай МАН, 27 суудалтай Ардчилсан нам хоёрын өнгөрөгч УИХ-ын төгсгөлд хэл ам, хэрүүл тэмцэлтэй ч баталсан Сонгуулийн хуулиар сонгуулийг автоматжуулсан системээр явуулсан нь өмнөх сонгууль болгоноор гарч байсан “саналын луйвар”-ыг үгүй болгож, нэг хүн-нэг санал гэдэг зарчим руу шахсан билээ. Гэсэн хэдий ч хууль батлагдах үед олонхи байсан МАН орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтад нь явуулахаас татгалзсан тул 2007 оны арванхоёрдугаар сард батлагдсан “Орон нутгийн сонгуулийн УИХ-ын сонгуультай нэг өдөр явуулах” тухай хууль хэрэгжилгүй хойш тавигдсан юм. Эцэст нь хоёр намын тохиролцоогоор нийслэлийн ИХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай зэрэг явж, харин аймаг, сум, дүүргийн сонгуулийг арваннэгдүгээр сард явуулсан билээ. Үр дүнд нь өнгөрөгч арваннэгдүгээр сард явуулсан Орон нутгийн сонгууль нийслэлийн зарим дүүргүүд дээр ирц хүрэлгүй унаж, нэлээд олон хэсгийн хороодод дахин сонгууль явлаа. Гэсэн хэдий ч сонгуулийн дүн өөрчлөгдсөнгүй.

Ерөнхийдөө УИХ-ын сонгуулийн дараа нийслэлд гарсан эерэг өөрчлөлтүүд, замын түгжрэлтэй хийсэн тэмцэл үр дүнгээ өгч, барилгын салбарт нүүрлэсэн хууль бус үйлдлүүдийг ил болгосон зэрэг нь хөдөө орон нутагт халдварлаж, шинээр гарсан эрх баригчид орон нутгийн сонгогчдын зүгээс итгэл хүлээхэд хүрчээ гэж харж болохоор.

Гэхдээ энэ бүхнээс илүү энэ өөрчлөлт рүү түлхсэн нэг зүйл бол сонгуулийн тогтолцоонд өөрчлөлт оруулсан явдал. УИХ-ын 26 тойрогт нэр дэвшигчдийг 28:48 харьцаагаар намын жагсаалт болон тойргийн системээр нэр дэвшүүлэх тухай сонгуулийн холимог тогтолцоог анх хуульчлан баталж байх үед “Хоёрын хооронд ийм өөрчлөлтийн оронд жижиг 76-гаараа явсан нь дээр, шууд пропорциональ систем рүү шилждэггүй юм гэхэд ядахдаа намын жагсаалтыг нэмэх шаардлагатай” гэх шүүмжлэл тухайн үеийн сөрөг хүчний зүгээс тасраагүй. Гэвч “эхийг нь эцээж, тугалыг нь тураалгүй” улс төрийн хоёр том намын зөвшилцлөөр хийгдсэн сонгуулийн системийн өөрчлөлт ямар ч байсан үр дүнгээ өгч, улс төрд хувь хүн биш, баг хамт олон урагшаа алхдаг гэдгийг харуулсан юм. Харин тэр багт хэн гэдэг хүн ямар үүрэгтэй оролцож байгаагаар нь сонгогчид улс төрийн намуудад дүн тавьсан билээ.

Б.СЭМҮҮН  

МОНГОЛЫН ТАМИРЧДЫН БАХДАМ АМЖИЛТ БУЮУ ОЛИМПИЙН ХОС МЕДАЛЬ

Олимпийн таван медаль. Энэ бол нэг олимпийн наадмаас хүртсэн медалийн тоогоороо монголчуудын үзүүлсэн хамгийн том амжилт. 2012 оны Лондонгийн олимп үүгээрээ онцлог. “Лондон-2012” зуны олимпийн наадмаас Н.Түвшинбаяр мөнгө /жүдо/, Н.Төгсцогт мөнгө /бокс/, У.Мөнх-Эрдэнэ хүрэл /бокс/, С.Ням-Очир хүрэл /жүдо/, С.Батцэцэг хүрэл /чөлөөт бөх/ медаль хүртсэн нь энэ оны спортын онцлох үйл явдлын тэргүүнд бичигдэх нь дамжиггүй. Аваргуудтай болсон өмнөх олимпийн амжилтаа давтаж чадаагүй ч медальд хүрэх шат бүхэн нь эр зоригийн тэмүүлэлтэй байснаараа энэ олимп сэтгэл дүүргэж чадсан юм.

Н.Түвшинбаярын чадвар, тэвчээрээр бахархсан монголчууд тэр өдрүүдэд сэтгэлийн хүч, хөөрлөө халгиж цалгитал гаргажээ. Мөнгөн медалийн төлөө /Хагас шигшээд/ БНСУ-ын бөхтэй хийсэн барилдаанд бэртчихээд хөлөө чирээд босоод ирэхэд нь зүрх зогсчих шиг л болсон. Барилдааны хугацаа дуусахад гурван минут үлдсэн байлаа. Харваас гишгэхэд зовиуртай байгаа тийм хөлтэй хүнийг 180 секунд цоо ширтэнэ гэдэг хэцүү. Шүүгч дөрөв дэх минутад өрсөлдөгчийг нь торголоо… Тэгж нэг жаахан санаа амрав. Гэхдээ хоёр бөхийн хэн хэн нь үнэлгээ аваагүй байсан болохоор дахин хоёр минутаар цаг сунгалаа. Түүний хөл бэртэж, зовиурлаж байгааг аварга ч, үзэж байгаа бид ч тэрхэн зуур мартсан байж магад. Ямар ч байсан манай бөх нэмэлт цагт үнэлгээ авч, түүнийгээ хамгаалсаар цаг дуусав. Олимпийн аварга яллаа… Дэвжээн дээр, хамгийн хүнд тулаан дундуур бэртэж гэмтсэн ийм барилдаан Н.Түвшинбаяр аваргад олон таараагүй байх аа. Аваргынхаа дайд хүрч өрсөлдөн, ард түмнийхээ хүчийг нэг тойрогт зангидсан энэ хүнээр спорт өөрөө бахархдаг биз ээ.

Нямбаярын Төгсцогт. Олимпийн медальтнуудаас түүнийг онцгойлох шалтгаан байгаа гэж бодож байна. Монголын спортын түүхэнд хамгийн залуу олимпийн медальтан Лондонгоос тодорсон нь 20 настай энэ хүү. Олимпийн өдрүүдэд ард түмэн бүгд цэл залуухан энэ шинэ “од”-оор гоёж байлаа. Түүний тулаан бүр биднийг бардамнуулж байв. Төгсцогтын өөртөө итгэх итгэл үзэгчдийн хайрыг үнэн сэтгэлээс нь урсгаж чадсан юм. Тийм зөөлөн харцны цааны тэр их хүч, омог багтаж байдаг нь нэг бодлын гайхмаар ч юм шиг. Ямар ч байсан тэр аваргын төлөө нүүр бардам тулалдаж, алтын дайтай мөнгөн медалийг эх орондоо авчирсан юм.

Энэ олимпиор боксын У.Мөнх-Эрдэнэ маань спортод үнэнч, тууштай, зүтгэлтэй явсныхаа үр дүнг харлаа. Хэзээд даруу байж ирсэн, хэзээ ч шантарч байгаагүй түүнд Монголын ард түмэн ч ямар их хайртайгаа харуулж чадсан гэж бодож байна. Энэ хүн тэр хайрыг мэдэрч, нуруун дахь ачаагаа нимгэлэх цаг болсон. Олон жилийн хөлс, хүчээ олимпийн медальд л хүргэж амжаагүй харамсалтай ялагдлууд манай олон шилдэг тамирчдыг дайрсан. Халиуны Болдбаатар, Хишигбатын Эрдэнэт-Од, Оюунбилэгийн Пүрэвбаатар,  Доржготовын Цэрэнханд, Дамдинсүрэнгийн Нямхүү нарын ясны хэдэн тамирчдаа олимпийн медалиас атгаад алдсанд нь одоо ч харамсал тайлагддаггүй юм. Түүн шиг харамсалтай зүйл болох вий гэсэн бодол олон хүнд төрсөн байх аа. У.Мөнх-Эрдэнийн медаль тийм их хүлээлттэй байснаараа үнэ цэнэтэй.

Олимпийн медалийн буухиаг эхлүүлж, ОУХМ С.Ням-Очир жүдо бөхийн эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд хүрэл медаль хүртсэн тэр мөч хүн бүхэнд хайрлагдаж үлдэх биз ээ. Жүдо бөхийн тэмцээний гурав дахь өдөр олимпийн татамид барилдсан тэрбээр хүрэл медалийн төлөөх шийдвэрлэх тулаанд дэлхийн аваргын хошой мөнгөн медальт, Голландын Декс Элмонтыг юүко үнэлгээгээр ялж, медалийн тавцанд гарсан юм. Бөхийн том удамтай, их спортын олон алдартан нэг дээвэр дороос төрөн гарсан онцгой тохиолын эзэд болсон сайхан гэр бүлээс гаралтай энэ залуу дөрвөн жилийн өмнө ахынхаа зориод эс чадсан медалийг эх орондоо авчирсандаа туйлын баяртай байлаа. Түүний нагац ах нь жүдоч Д.Нямхүү гэдгийг монголчууд сайн мэднэ. Д.Нямхүү Бээжингийн олимпод хүрэл медалийн төлөө барилдаад ялагдаж байсан голланд жүдоч С.Ням-Очирын Лондонгийн дэвжээнд ялсан Декс Элмонтын төрсөн ах нь байсан юм. С.Ням-Очир Монголын спортын түүхэнд олимпийн наадмын 20 дахь медаль, харин жүдо бөхийн төрөлд зургаа дахь медалийг эх орондоо авчирсан шилдэг тамирчин билээ.

Энэ жилийн олимпиос эмэгтэй тамирчдаас ганцаараа медалийн тавцанд хүрсэн нь Гавьяат тамирчин С.Батцэцэг байлаа. Олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд гаргасан амжилт, дуудуулсан суу алдраараа Монголын топ дөрвөн спортын нэг гэгдэх чөлөөт бөхийн төрөлд дэлхийн аварга анхны эмэгтэй тамирчин болж, Монголын спортын түүхэнд нэрээ мөнхөлсөн тэрээр чөлөөт бөхийнхний хувьд 32 жилийн турш хүртэж чадаагүй медалийг эх орондоо авчирч, олимпийн хүрэл медаль хүртэн ирсэн юм.

Ийм агуу тамирчдын ээлж дараалсан тэмцэл, их спортын билгэдлийг дүүргэсэн ихэр таван медалиар эх орон, ард түмэн нь энэ өдрүүдэд ч гоёсоор байна.

Б.БАДМАА
УУЛ УУРХАЙН САЛБАРЫНХНЫ ХҮЛЭЭЛТ

Монголбанкнаас гаргасан 2012 оны арваннэгдүгээр сарын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн тайланд дурдаснаар ашигт малтмалын нийт экспорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 197 сая ам.доллараар буурсан байна. Үүнд хамгийн гол нөлөөлсөн хүчин зүйл нь нүүрсний экспорт буурсан явдал юм. Нүүрсний экспорт буурсан нь гол худалдан авагч Хятадын эдийн засгийн удаашралаас үүдэн гангийн үйлдвэрлэл буурсан болон дэлхийн зах зээл дээр нүүрсний үнэ унасантай холбоотой.

Энэ оны эхэнд  Өмнөговь аймгийн Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод нүүрс, тээврийн гарцын өргөтгөл хийж, 30 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөж байсан ч сүүлийн мэдээгээр 18.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Нүүрсний экспортоос улсын төсөвт орлого тасарсанаас шинээр бүрэлдсэн УИХ төсвийн тодотгол хийж, зарим татварын хэмжээг нэмэгдүүлэх замаар хэдэн монголчуудаа шинэ онтой золгуулж байгаа.

Монголчууд 2012 онд уул уурхайгаас юу хүлээж байв?

Юун түрүүн уул уурхайн хөрөнгө оруулагчдын анхаарлыг татаад буй хоёр том төсөл буюу Оюутолгой, Тавантолгой ордууд өгөөжөө өгч эхлэх байлаа. Стратегийн түншээ тодруулна гэж байсан Тавантолгойн тендер шалгаруулалт гацаатай, стратегийн түншээ сонгож чадах эсэх нь ч ээдрээтэй хэвээр, эцэс сүүлдээ сүүлдээ хамтран ажиллах оператор шалгаруулах замаар өөрсдөө олборлолтоо хийх шинэ гарц ч цухалзаж эхлэв. Хэдийгээр Тавантолгойн бүхэл ордын зүрх нь хэмээгддэг Зүүн Цанхийн ордод монголчууд, тодруулж хэлбэл “Эрдэнэс Тавантолгой” компани олборлолтоо хийж, ирээдүйд олборлох нүүрсээрээ дэнчин тавьж, Хятадын төрийн өмчит “Чалко”-той 250 сая ам.долларын урьдчилгаа хийж чадсан ч дэлхийн зах зээлд нүүрсний үнэ унаснаар олборлолтоо зогсоож, хамтрагчтайгаа дахин хэлэлцээр өрнүүлэх арга замыг хайж байна. Харин урьдчилгаа болгон авсан 250 сая ам.доллар хийгээд хойшдын олборлолтын нөхцөлөө бүрдүүлэх ёстой байсан 340 гаруй тэрбум төгрөг монголчуудын хоолойгооро даваад алга болсон билээ. Ийн улстөрчдийн амлалтыг биелүүлэх “шахаа”-наас болж олборлолтоо явуулж байх ёстой Зүүн Цанхи ч хөрөнгө санхүүгийн хувьд хүнд байдалд ороод байгаа.

Оюутолгойн хувьд монголчуудыг “урам”-ын үгээр таслахгүй байгаа ч мөн л эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх баярт мөчийг гурван сараар хойшлуулсан. Үүнд БНХАУ-тай хийх эрчим хүчний хангалтын асуудлаарх гэрээнээс болж хугацаа алдсан гэж байгаа ч Оюутолгойн гэрээг өөрчлөх ёстой гэсэн эх оронч улстөрчдийн дайралтад өнөөдөр ч гэсэн ноцуулсан байгаа гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Гэхдээ Оюутолгой ирэх 2013 онд жинхэнэ ёсоор орлого нь жигдэрнэ гэсэн өөдрөг найдвар арай илүү идэвхжиж байна.  

Уул уурхайн тусгай зөвшөөрлийн шинээр олгохыг хориглоод даруй хоёр жил болж байна. Энэ салбарт болохгүй байгааг нь засч засварлах зорилготойгоор хийгдэж буй төрөөс авч буй арга хэмжээний нэг нв энэ юм. Үүнээс гадна Монголын төрийн бодлогыг тодорхойлогч УИХ-ын ээлжит сонгууль энэ жил тохиосон нь энэ салбарын зогсонги байдлын бас нэгэн шалтгаан юм. Шинэ УИХ, шинэ Засгийн газар хэрхэн бүрэлдэх, уул уурхайн салбарт ямар бодлого баримтлах нь уул уурхайн олон компанийг нүдэнд харагдахгүй хүлээсээр хүлж орхисон. Мөн өмнөх парламентын үед гаргасан Стратегийн ач холбогдолтой аж ахуйн нэгжүүдэд гадаадын хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хэмээх хуулиас үүдсэн болгоомжлол байсаар байна. Цөөхөн хүн ам, асар их газар нутаг, арвин их баялагтай монголчуудын хувьд стратегийн салбаруудад зохицуулалт хийсэн нь оновчтой алхам болсон гэгдэж байгаа ч гадаадын хөрөнгө оруулагчдыг болгоомжлолын байдалд оруулсан гэдгийг зарим эдийн засагч хийгээд гадаадын шинжээчид өгүүлж буй. Ямар ч гэсэн энэ хуулиас үүдэн  Монголын говиос нүүрс олборлож буй “Саутс гоби сэндс” компанитай хувьцаа худалдан авахаар ярилцаж байсан “Чалко”-гийн  наймааг буцааж дөнгөсөн бөгөөд нэгэнт Зүүн Цанхийн нүүрсийг дангаараа худалдаж авахаар гэрээ хийгээд байгаа Хятадын төрийн өмчид компани монополь байдал үүсгэж болзошгүй байсныг таслан зогсоож чадсан гэгдэж буй. Харин энэ хуулийн зарим зүйлд, тухайлбал, хяналт тавих хөрөнгө оруулалтын хязгаарыг 100 тэрбум төгрөг хэмээснийг 800 сая ам.доллар болгох гэх мэт өөрчлөлт хийхээр ярьж байна. Мөн уул уурхай болон бизнесийн орчинг илүү сайжруулах, дэд бүтцийг хөгжүүлэх, Тавантолгойн олборлолт, ашиглалтын асуудлыг эцэслэн шийдэх гэх мэт олон өөрчлөлт яригдаж байна. Дашрамд Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг өөрчлөх сэдэл ч бас мартагдаагүй. Өөрөөр хэлбэл, 2012 оны зогсонги байдлыг 2013 он халахыг хүлээж байна.

А.АЛТАНТУЯА
ТӨРИЙН АЛБАН ТУШААЛТАН АСАНД ШҮҮХЭЭС ЯЛ ОНООВ

Өнгөрөн одож буй 2012 оны дуулиант үйл явдлын нэгэн эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр тодроод байна.

Түүнд ТY-9 телевизийн  119.534 мянган төгрөгийн тоног төхөөрөмжийг албан тушаалаа урвуулан ашиглаж, хувьдаа завшин Гандантэгчинлэн хийдэд онц хэмжээний хохирол учруулсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албыг урвуулан ашиглаж, тухай цагийн нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр нартай бүлэглэн “Өргөө” зочид буудлыг хувьчлан нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд нийслэлийн өмч хувьчлах комиссын дарга Т.Билэгт, иргэн До.Чулуунбаатар нартай бүлэглэн “Улаанбаатар таймс” сонины байрыг өөрийн дүү Н.Энхтуяагийн “Медиа Холдинг” ХХК, До.Чулуунбаатар нарын нэрээр худалдан авч улмаар өөрийн үүсгэсэн байгуулсан компанид охин компани болгон завшиж, нийслэлд онц их хэмжээний хохирол учруулсан нь тогтоогдсон. Монгол Улсын Ерөнхийлөгчийн албан тушаалыг урвуулан ашиглаж, “Эрдэнэт”  үйлдвэрийн захирал асан Х.Наранхүү нартай бүлэглэн гурван тэрбум 930 сая төгрөгийг завшиж, “Эрдэнэт” үйлдвэрт онц их хэмжээний хохирол учруулсан гэсэн ялыг шүүхээс эхлээд тогтоосон юм.

АТГ-аас удаа дараа зарлан дуудах бичиг өгсөн ч очилгүй “гүрийсэн” хэргээр энэ оны дөрөвдүгээр сарын 5-ны үүрээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг хүчний байгууллагын 600 албан хаагчийн хүчээр баривчлав. Хүчнийхний мөрөн дээгүүр хүрэн оймстой хөл гозгонуулан одсон Н.Энхбаяр даргын “имиж” тэр аяараа МАХН-ын сонгуулийн РR болж УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл тойргоос болон жагсаалтаар 11 суудал авч анх удаа УИХ бүтэцдээ гурван бүлэгтэй боллоо. Түүгээр зогсохгүй “Шударга ёс” эвсэл шинэтгэлийн Засгийн газрын нэг субъект болж МАХН-ын гурван сайд Н.Алтанхуягийн танхимд багтав. Нэгэн нийтлэлчийн бичсэнээр УИХ-ын сонгуульд Н.Энхбаяр яллаа.

Энэ үйл явдал МАН-ын задралд хүч нэмж Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан гээд эрхмүүд олон жил зүрхэн тушаагаа нандигнасан гал улаан батлахаа төрхөмд нь тушаагаад Н.Энхбаярыг дагасан.

Төв аймгийн урьдчилан хориход 11 хоног хуурай өлсгөлөн зарлаж, шүүхийн тогтоол танилцуулахаар очсон ажилтны өөдөөс чихээ хуруугаараа таглаж “Сонсохгүй байна. Сонсохгүй байна” хэмээн шулганасан нь тэрхэн үедээ сонгодог хэлц үг болон тархаж, дэггүй жаалууд эцэг эхийнхээ амыг тагладаг хэллэг болтлоо “түгэн дэлгэрэв”. Төв аймгийн хорихоос  Урьдчилан хорих буюу Ганц худагийн 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэж ирээд эмч, сувилагч нарт салаавч гаргаж, хөлөөрөө өшигчиж,  элдэв үгээр доромжилсон нь “Монголчууд бид ийм хүнийг Төрийн тэргүүнээр залж байсан хэрэг үү” гэсэн гайхашралд нийгмийг автуулав.

Өнгөрсөн наймдугаар сард МАХН-ын дарга Н.Энхбаяр нарт холбогдох хэргийн шүүх хурал болж наймдугаар сарын 2-ны өдөр түүнд дөрвөн жилийн хорих ял ногдуулав. Түүний өмгөөлөгч, академич С.Нарангэрэл нар давж заалдан хэргийг Нийслэлийн шүүхээр шүүлгэсэн ч анхан шатны шүүхийн шийдвэрийг есдүгээр сарын 25-ны өдөр хэвээр баталсан юм. УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн МАХН-ын харьяалалтай гишүүд үүнийг эсэргүүцэж Нийслэлийн шүүхийн байр тийш шар цэцэг шидлэн аягласан нь Монголын шүүхийн практикт үзэгдээгүй явдал болов.

Хууль зүйн дэд сайд Э.Эрдэнжамъян МАХН-ын даргын төрсөн дүү Н.Энхтуяа, “Өргөө” буудлын хэрэгт хамааралтай Б.Хуяг нарыг Интерполоор эрэн сурвалжлахгүй байхыг шаардсан захидал илгээсэн нь бас л ээлжит шуугиан дэгдээсэн.

МАХН-ын даргын өмгөөлөгч нар дахин хяналтын шатны шүүхэд хандлаа. Энэ зуур МАХН-ынхан “Засгийн газраас гарлаа” гэх шантааж маягийн үйлдэл гаргаж хэсэг зуур бужигнуулаад амжив. Гэвч арванхоёрдугаар сарын 7-нд Улсын дээд шүүхийн хяналтын шатны Эрүүгийн хэргийн шүүх хурал болж “Эрдэнэт” үйлдвэр, TV-9 телевизтэй холбоотой хэргийг хэрэгсэхгүй болгосон ч үлдсэн хоёр хэрэгт нь хоёр жил, зургаан сарын ялыг ногдуулсан юм. Ийнхүү Монгол Улсын бүх шатны шүүх Н.Энхбаяр нарын хэргийг хэлэлцэн экс Ерөнхийлөгчид хоёр жил хагасын хорих ял эдлүүлэхэр боллоо. Гэхдээ тэрээр энэ хугацаанаас найман сарыг өнгөрсөн хугацаанд эдэлчихээд буй.  Дарга нь хяналтын шатны шүүхээс ял сонссоны дараа МАХН Засгийн газраас гарна гэсэн шантаажаа зогсоов.

Хяналтын шатны шүүх хурал болсноос 14 хоногийн дараа буюу “Дэлхий сүйрнэ” гэсэн цуурхал “биелэх” байсан арванхоёрдугаар сарын 21-ний их үдэд МАХН-ын дарга Н.Энхбаярыг эмчлүүлж байсан хоёрдугаар эмнэлгээс нь Зайсан дахь ШШГЕГ-ын харьяа хорих 411 дүгээр анги руу ачлаа.

Түүнийг хүчнийхэн хорих руу шилжүүлэхдээ дөрөвдүгээр сарын 13-ны өдөр хэрэглэсэн аргаа ашиглаж дахин дуулиан дэгдээв. Өмнөхийг бодвол МАХН-ынхан бужигнаагүй, эмнэлгийн тайван орчинд тусгай албаны нүүрээ битүүлж боосон ажилтнууд эмнэлгийн люкс өрөөнд давхин орж МАХН-ын даргыг дарж байж хувцаслаад өргөн авч машинд оруулсан нь арай л сүржин явдал болов гэмээр.

Ямар ч гэсэн энэ жилийн турш содон үйл явдлын гол баатар байсан Монгол Улсын Ерөнхийлөгч асан, МАХН-ын дарга Н.Энхбаяр Зайсан дахь хориход ял эдэлж байна. Дахиад өлсгөлөн зарлана гэсэн мессэжийг  тэндээс чулуудаад амжсан. Өмгөөлөгч нар нь дахин Шүүхийн ерөнхий зөвлөл, олон улсын шүүхэд хандана гэдгээ зарлаад буй. МАХН-ын дарга Н.Энхбаярын дуулиан шинэ оны эхэнд ч үргэлжлэх биз ээ.

                            Д.ОЮУН
СОНГОДОГ ҮЗЭГДЛҮҮД

Монголын сонгодог урлагийн ертөнцөд гэрэл гялсхийлгэсэн үйл явдлуудад юуны өмнө ДБЭТ-ын дуучид олон улсын тэмцээнүүдээс тэргүүн байруудыг түүснийг онцлон нэрлэх ёстой. ДБЭТ-ын гоцлол дуучин Э.Амартүвшин дэлхийн дуурийн урлагийн амьд домог, алдарт тенор Пласидо Домингогийн нэрэмжит “The Placido Domingo’s Operalia” олон улсын дуурийн дуучдын уралдаанаас тэргүүн байрын шагнал, мөн гоцлол дуучин Г.Ариунбаатар  М.И.Глинкийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын тэмцээний тэргүүн Г.Ариунбаатар, гоцлол дуучин Ч.Энхтайван СССР-ийн Ардын жүжигчин Надежда Андреевна Обуховын нэрэмжит дуурийн дуулаачдын уралдаанаас хоёрдугаар байрыг тус тус хүртсэн юм. Тэд уралдаанд түрүүлсэн гэхээс илүүтэй Монголын дуурийн урлагийн хөгжлийн төвшин хаана явааг харуулсан хэрэг билээ.

Зөвхөн Монголынхоо үзэгчдэд биш дэлхийн хэмжээний үзэгчдэд үнэлэгдэх хэмжээнд сонгодог урлагийг туурвиж байгааг нотолсон бас нэг илэрхийлэл нь АНУ болон Оросын балетын сонгодгууд манай ДБЭТ-ын тайзнаа ирж тоглосон явдал байлаа. АНУ-ын од Саша Радецки Монголын А.Аданы “Жизель” балетад хамтран бүжиглэснийхээ дараа монголчуудын ур чадварыг гайхан биширч байгаагаа нуугаагүй юм. Хэний ч санаанд оромгүй газраас сувд олсон мэт баярласан түүний үнэлгээ ердийн нэг тал зассан үг биш гэдгийг Оросын “Большой театр”-ынхан давхар нотолсон гэхэд болно.

Оросын сонгодог урлаг, тэр дундаа балетын урлаг нь дэлхийд гайхагддаг. Энэг үгээр бол Оросын балетчдын хүрсэн төвшнөөр дэлхийн балетын урлагийг хэмжихэд хол зөрүү гарахгүй гэсэн үг. Тэгвэл ОХУ-ын “Большой театр”-ын нэрийн хуудас болсон балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин  Мария Аллаш, балетын гоцлооч, ОХУ-ын Ардын жүжигчин Дмитрий Гуданов нар Монголын балетчидтай хамтран гала тоглолт хийсэн нь онцлох зүйл байлаа.

Сонгодог урлагийн ертөнцөд дуулиан нэмсэн бас нэг үзэгдэл нь “Гамлет” жүжгийг дахин найруулж тавьсан явдал байв. Монголын драмын театрын тайзнаа 33 жилийн дараа дахин тавигдсан “Гамлет” нь УДЭТ-ын энэ цагийн уран бүтээлчдийн шандсыг шалгах ээлжит нэгэн сорилт байж, өмнөх амжилттай давж гарсан гэхэд болно.

З.БОРГИЛМАА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж