Лионель Месси “Ballon d’Or” гардлаа

Хуучирсан мэдээ: 2013.01.08-нд нийтлэгдсэн

Лионель Месси “Ballon d’Or” гардлаа

Испанийн “Барселона” клуб, Аргентиний шигшээ багийн довтлогч Лионель Месси өнгөрсөн 2012 онд 91 гоол оруулснаар хөлбөмбөгийн спортын бас нэгэн дээд амжилтын эзэн болсон. Хэдхэн хормын өмнө тэр дахин нэг шинэ түүхийн эзэн боллоо. Хөлбөмбөгийн ертөнцийн хамгийн дээд шагнал болох FIFA-гийн оны шилдэг хөлбөмбөгчид олгодог “Ballon d’Or” буюу “Алтан бөмбөг”-ийг тэрбээр дөрвөнтөө хүртэж буй юм.

Швейцарийн Цюрих хотноо өнөөдөр 02.00 цагт эхэлсэн FIFA-гийн Ballon d’Or гала арга хэмжээний үеэр Мессигээс гадна АНУ-ын хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Эбби Уамбах оны шилдэг эмэгтэй хөлбөмбөгчөөр тодорсон бол Испанийн шигшээ багийн дасгалжуулагч Висенте дел Боске шилдэг дасгалжуулагчаар шалгарлаа. Харин эмэгтэйчүүдийн багийн шилдэг дасгалжуулагчаар Шведийн шигшээгийн Пия Сандхейжийг нэрлэв.

Дээрх эрхмүүдээс гадна өнөөдөр FIFA-гийн ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг Франц Бекенбауэрт олгож, оны хамгийн ганган гоолын эзэнд гардуулдаг Пушкашийн нэрэмжит шагналын эзнээр Словакийн шигшээ багийн довтлогч Мирослав Сточийг тодруулсан юм. Түүнчлэн Шударга өрсөлдөөний шагналтнаар Узбекистаны хөлбөмбөгийн холбоог нэрлэв.

Энэ үдэш мөн FIFPro-гоос уламжлал ёсоор дэлхийн 50 мянга гаруй мэргэжлийн хөлбөмбөгчдөөс шилдэг гэсэн 11-ийг сонгож, бэлгэдлийн шигшээ багийг зарласан юм. Үүнд, Икер Касильяс, Дани Алвес, Марсело, Жерард Пике, Серхио Рамос, Шаби Алонсо, Андрес Иньеста, Хави Эрнандез, Криштиан Рональду, Радамел Фалкао, эцэст нь Лионель Месси багтжээ.

“Алтан бөмбөг”-ийн эцсийн шатны шалгаруулалтад Мессигээс гадна түүний багийн хамтрагч, түүнийг гоолын машин “байлгаж” чаддаг Андрес Иньеста, мөн түүний хамгийн гол өрсөлдөгч Криштиан Рональду нар тунаж үлдээд байсан. Уламжлал ёсоор дэлхий даяарх спортын сэтгүүлчид болоод шигшээ багуудын дасгалжуулагч, ахлагч нарын саналаар шилдгийг тодруулсан бөгөөд Месси 41,6 хувийн саналаар ялагчаар тодорчээ. Аахмн Рональду 23,68, Иньеста 10,91 хувийн санал авсан байна.

Мессигийн талаар “Барса”-гийн экс дасгалжуулагч Пеп Гуардьола “Майкл Жордан сагсан бөмбөгийн спортод ноёлдог байсан. Харин Месси хөлбөмбөгч” хэмээн хэлж байсан удаатай.

Иньестагийн хувьд өнгөрсөн жилийн зун Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд үзүүлсэн Испанийн шигшээ багийн амжилтын ноён нуруу нь байж чадсан. Харин Рональду 2008 онд FIFA-гийн оны шилдгээр тодорч байсан бөгөөд хоёр ч удаа аман хүзүүдэж байсан билээ.

Шинэ цагийн түүхэнд FIFA-гийн оны шилдгээр гурвантаа тодорсон хоёр л эрхэм бий. Францын Зинедин Зидан, Бразилийн Рональдо. Харин Лионель Месси дөрвөн удаа, дөрвөн жил дараалан FIFA-гийн оны шилдгээр шалгарч, “Ballon d’Or” гардлаа. Өмнөх “Алтан бөмбөг” буюу “France Football” сэтгүүлээс анх 1956 онд Европын хөлбөмбөгийн ертөнцийн шилдэг тамирчинд “Ballon d’Or” шагналыг олгох болсноос хойш Мишель Платини, Йохан Кройф, Марко ван Бастен нар тивийнхээ шилдгээр гурвантаа тодорч байсан юм.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж