“Эрдэнэс ТТ”-д 200 сая ам.доллар хэрэгтэй гэв

Хуучирсан мэдээ: 2013.01.09-нд нийтлэгдсэн

“Эрдэнэс ТТ”-д 200 сая ам.доллар хэрэгтэй гэв

УИХ-ын
Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Тавантолгойн
нүүрсний ордыг ашиглах асуудлын тухай УИХ-ын 2010 оны 39 дүгээр
тогтоолын хэрэгжилтийн явцын талаар мэдээлэл сонслоо.

“Эрдэнэс
Тавантолгой” компани үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй зогсонги
байдалд оржээ. Учир нь тус компани нь Хятадын “Чалько” компанитай гэрээ
байгуулан 350 сая ам.долларыг урьдчилгаа хэлбэрээр авч, мөн 131 сая
ам.долларыг Голомт банкнаас зээлж, үйл ажиллагаагаа эхлүүлж байсан. Гэвч
дээрх мөнгөнөөс 170 орчим сая ам.долларыг тус компанид үлдээн бусад
хэсгийг Хүний хөгжил сан руу татаж иргэдэд тараан өгчээ.

“Эрдэнэс
Тавантолгой” компанийн хувьд 170 орчим сая ам.доллараар өнгөрсөн оны
наймдугаар сар хүртэл үйл ажиллагаагаа явуулаад зогсонги байдалд орсон.
Улмаар Хөгжлийн банкнаас 100 сая ам.доллар зээлж дахин үйл ажиллагаагаа
үргэлжлүүлсэн. Одоо цаашид үйл ажиллагаа явуулахад бас л санхүүгийн
бэрхшээлтэй байгаа тул Засгийн газарт асуудлыг тавин зээл хүссэн байна.
Хөгжлийн банкнаас дахин 200 сая ам.долларын зээл шийдэх хүрээнд асуудал
яригдаж байгаа аж. Ийм хэмжээний зээл авчихвал үйл ажиллагаагаа
үргэлжлүүлж, улмаар хөл дээрээ компани зогсоно. Тэр хэрээр иргэн бүрт
ногдож байгаа 1072 ширхэг хувьцааны ногдол ашгийг тараах боломж бүрдэнэ.
Он цагийн хувьд 2016 оноос энэ ажил эхлэх боломжтой гэнэ.

Нөгөөтэйгүүр,
“Эрдэнэс Тавантолгой” компанийн удирдлагууд “Чалько”-той нүүрсний үнээ
өсгөх чиглэлээр хэлэлцээрээ эхлүүлсэн нь нэлээд нааштайгаар эргэжээ.
Гэхдээ энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийх бололцоогүй ид хэлэлцээр явж
байна гэсэн мэдээллийг “Эрдэнэс тавантолгой” компанийн захирал
Я.Батсуурь өглөө.

Хамтарсан Засгийн газрын үед “Чалько”
компанитай байгуулсан урт хугацааны хэлэлцээрээр бол Монгол Улс
Тавантолгойн ордоос олборлосон нүүрсээ тус компанид 1 тонныг нь 70
ам.доллараар үнэлж өгөхөөр гэрээ зурагдсан. Энэ нь маш ашиггүй тусч
байгаа, тиймээс өөрчлөх нь нэн тэргүүний зорилго аж. Учир нь “Эрдэнэс
тавантолгой” компани олборлож байгаа нүүрсээ хямд үнээр нийлүүлж
байгаагаас асар их алдагдал хүлээж буй юм байна. Тиймээс тус компанийн
удирдлага хэлэлцээрт орсон нь энэ аж. Мөн өөр бусад оронд нүүрсээ
худалдан борлуулах боломж нөхцлийг ч хайж буй гэнэ. Энэ тохиолдолд
тэргүүн ээлжинд төмөр замын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай. Одоогийн
байдлаар нүүрс олборлож байгаа хэсгээс Цагаан хад хүртэл нүүрсээ авто
машинаар тээвэрлэдэг. Тэндээсээ буцааж хил рүү татдаг. Хэрвээ төмөр зам
тавьчихвал нүүрсний тээвэрлэлтийн асуудал цэгцэрнэ. Нөгөө талаас нүүрсээ
угааж баяжуулан экспортод гаргасан  цагт одоогийн үнэлгээ 2-3 дахин
өсөх боломжтой юм байна.

Дээрх асуудлын хүрээнд яригдсан бас нэг
нэг сэдэв нь Гашуун сухайтаас хил хүртэл төмөр зам тавих бол ямар
царигийн төмөр зам тавих вэ гэдэг асуудал байлаа. УИХ-ын гишүүн, Үйлдвэр
хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга “УИХ-аас Төрөөс төмөр замын талаар
баримтлах бодлогын баримт бичгийг баталсан. Түүнд өргөн царигтай төмөр
зам тавихаар заасан. Гэтэл Монголын төмөр замын дарга М.Энхсайхан нь урд
хөрш рүү нарийн царигтай төмөр зам тавих тухай ярьж байгаа гэх. Үүнд
тодорхой хариулт авах хэрэгтэй байна” гэсэн юм.

“Эрдэнэс
тавантолгой” компанийн захирал Я.Батсуурь “Гашуун сухайтаас урд хил
хүртэл төмөр зам тавих тохиолдолд нарийн царигтай төмөр зам тавих нь
ашигтай тусах байгаа. Гэхдээ энэ асуудлыг УИХ, Засгийн газар шийднэ.
Бидний мэдлээс давсан асуудал” гэж байлаа. Харин Уул уурхайн сайд
Д.Ганхуягийн хувьд “УИХ, Засгийн газраас гаргасан бодлогыг яам,
агентлагийн дарга нь хэрэгжүүлж ажиллах ёстой. Уул уурхайн ордуудынхаа
бүтээгдэхүүнийг экспортод гаргахад төмөр зам чухал байгаа. Энэ хүрээнд
нийт 1800 км төмөр зам тавихаар тусгагдсан. Гол нь Гашуунсухайт руу
эхэлж төмөр зам тавих тухай асуудал хөндөгдөх болсон. Энэ асуудлыг Зам,
тээврийн сайд А.Гансүх илүү тодорхой мэднэ. Ажлын хэсэг ажиллаж байгаа”
гэсэн юм. Тэгвэл УИХ-ын гишүүн Н.Батцэрэг “Тавантолгойн ордыг ярих
тохиолдолд зайлшгүй төмөр зам хөндөгдөнө. Дараа энэ асуудлыг ярихдаа Уул
уурхайн сайдаас гадна Зам тээврийн сайд холбогдох бусад хүмүүсийг
оролцуулж мэдээлэл сонсох хэрэгтэй байна гэдгийг сануулж байв.

Мөн
энэ үеэр хөндөгдсөн асуудал нь “Эрдэнэс тавантолгой” компанийн өмнөх
дарга нар энэ компанид ашиглах боломжгүй 7 тэрбум төгрөгийн эд бараа
“шахсан” тухай байлаа. Уурхайн үйл ажиллагаа эхлэхэд ашиглах зорилгоор
хүнд даацын авто машин 10-ыг авчээ. Гэвч энэ нь чанар стандартын
шаардлага хангахгүй байгаагаас ашиглагдахгүй байгаа. Нэг бүр нь 160 сая
төгрөгийн үнэтэй авто машинууд. Мөн 5 орчим тэрбум төгрөгтэй тэнцэхүйц
бараа нь дугуй. Хэмжээ нь таардаггүйгээс авто машин шигээ ашиглагдахгүй
бараа болж “хэвтэж” буй аж. Холбогдох хүмүүсээс нь асууж тодруулж
асуудлыг шалгахаар  тендэр зарлаж, шалгаруулж авсан байдаг гэнэ. Ямарч
байсан “Эрдэнэс тавантолгой” компанийн шинэхэн захирал эл асуудлыг
хариуцаж байсан албан тушаалтанд нь хариуцлага тооцсоноос өөр асуудал
үүсгээгүй байгаа юм байна. Тиймээс гишүүд цаашид ийм жишиг тогтоож
болохгүй тул хуулийн байгууллагад хандахаас эхлээд 7 тэрбум төгрөгөө
нөхөн төлүүлж хохиролгүй болох арга замыг эрэлхийлэх ёстой гэдгийг
сануулж байсан юм.

Г.ДАРЬ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж