Сү.Батболдын “сүүл”-ийг сөхөв

Хуучирсан мэдээ: 2013.01.10-нд нийтлэгдсэн

Сү.Батболдын “сүүл”-ийг сөхөв

Нэгэн хэсэг эрх баригч намын дарга, Гүйцэтгэх засаглалын тэргүүн хэмээн алга ташилт, магтаалын үгэнд даруулж явсан эрхэм гишүүн Сүхбаатарын Батболд сүүлийн үед УИХ-ын чуулганы танхимд ч үзэгдэхтэй үгүйтээ нам жим байх болов. Сонгуульд ялагдсаныхаа “шок”-ноос одоо ч гарч амжаагүй байгаа шахам МАН-ынхны дунд өнөөдөр ч гомдол шүүмжлэлийн үгс өрвөлзсөөр л байгаа.

Тэгвэл саяхан МАН-ын Удирдах зөвлөлийн хүрээнд экс Ерөнхий сайдыгаа сүрхий шүүмжилсэн сурагтай. Хэдийгээр өмнөх удирдлагууд УИХ-ын сонгуульд ялагдсаныхаа гэмийг хүлээлгэн ажлаа өгсөн ч гэсэн үеийн үед шахуу эрх барьж байсан том намыг ийн шавхайтай хутгасны хариуцлагыг харин ч хатуугаар мэдрүүлэх ёстой гэсэн санаа энд цухалзсан аж. Тэр тусмаа ялагдал хүлээсэн буруугаа хүлээн, албаа хүлээлгэж өгөнгүүтээ хоёр яс салж амарлаа гэсэн шиг намынхаа ажилд ч идэвхтэй оролцохгүй “сүүдэр”-т сүүтэгнэх болсон нь өнөөгийн Удирдах зөвлөлийн гишүүдийн гэдэнг хөдөлгөсөн бололтой. Нам нь ялагдсанаас гадна одоо ч гэсэн Эвслийн Засгийн газартай холбоотой элдэв асуудал дэгдэх бүрд намын нэрийг шавхайтай хутгаж орхисон түүний “сүүл” гай тарьж байна гэж намынх нөхөд дургүйцэж буй. Өмнө нь ч гэсэн “Сү.Батболдын Эвслийн Засгийн газрын балаг өнөөдөр ч гэсэн энэ намд тусч байна” гэсэн хилэнтэй үгс сонсогдож л байсан. Тийм ч учраас "Сү.Батболд гэдэг нөхөр эрх барих үед оргилуун дарс “амталж” явсан мөртлөө, нам нь цөөнх болчихоод байгаа энэ үед амиа хоохойлж, нам жим чимээгүйхэн явж байх ёсгүй. Харин ч бүр энэ нөхөр МАН-д байх ёстой юм уу үгүй юу гэдэг асуудлыг ч хөндөх ёстой" гэж Удирдах зөвлөлийн нэлээн нөлөөтэй нөхдийн дунд яригдсан гэнэ.

   А.ШАРХҮҮ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж