“Улс төрд шар тос тогтохгүй ээ”

Хуучирсан мэдээ: 2013.01.11-нд нийтлэгдсэн

“Улс төрд шар тос тогтохгүй ээ”

Улс төрийн намуудыг “муу нохой”-той зүйрлэлтэй ч биш дээ. Дэндүү доромжилсон хэрэгт унах биз. Уг нь нохой ч тийм муу амьтан биш л дээ. “Муу” нохой л хаашаа байдаг юм гэхээс биш. Ингэж хэлэхээр аргаа барсны учрыг хэн хүнгүй л гадарлаж байгаа даа. Сонгууль дууссанаас хойш бараг хагас жил өнгөрлөө. Орон нутгийн сонгуулиар тооцвол нэг улирал алсарлаа. Он дамнасныг хэлэх үү, зуд турхан нүүрлээд байгааг ч хэлэх үү одоо хүртэл төр засгаа төвхнүүлж чадахгүй мунгинаад байхаар мэдээж олон түмэнд яаж таатай санагдахав. Хажуугаар нь нөгөө цөөнхи болсон МАН ёстой “шавайгаа ханатал” улс төр хийнэ биз дээ. “Буцах хүнээр ачаа бүү татуул” гэдэг шиг суудлаа өгөх нь тодорхой болчихсон дарга, эсвэл хэн ирэх нь ойлгомжгүй эзгүй сандал ширээ аль аль нь олигтой шийдвэр гаргаж, асуудал цэгцлэхгүй нь мэдээж. Жишээ нь, Хөвсгөл аймагт л гэхэд хуучин дарга аль хэдийнэ ажлаа өгчихсөн. Оронд нь дэвшүүлсэн нөхрийг аймгийн иргэдийн хурал ч, Засгийн газрын тэргүүн ч аль аль нь батламжлах боломжгүйгээ мэдэгдчихсэн. Ашиг сонирхлын зөрчилтэй, бас татварын асуудалтай гээд. Засаг даргын орлогчид ажлыг нь хариуцуулна гэж аймгийн МАН-ынхан зүтгэж байгаа ч нөгөөх орлогч нь хуулиар улс төрийн албан тушаалтан учир Засаг даргатай хамт эрх нь цуцлагдсан гэсэн үг. Ингээд эзэнгүй он дамнаж байна. Зуд турхантайг ч хэлэх үү. Засгийн газар эрхийнхээ дагуу үүрэг гүйцэтгэгч томилсон боловч, орлогч нөхөр хаалгаа түгжиж, тамгаа өвөртлөөд зугтсан сурагтай. Төр засгийн томчуул энэ мэтийг хаанаас л мэдэхгүй байв гэж. Иргэд ойр зуураа шүүмжлэн хэлэлцэх нь аргагүй. Томилох, шийдэх эрх бүхий хүмүүсийн сонорт хүрч буй байлгүй.

Саявтархан МАН-ын бүлгийнхэн баахан телевиз шавуулж байгаад ам уралдан зэмлэж байна лээ. Үүний тулд л сөрөг хүчин болсон юм чинь арга ч үгүй биз. Бүлэгтэй болоод авсаны хэрэг юу билээ өшөө том дуугарч л таарна. Нэгэнтээ энэ намын нэг том зүтгэлтэн “…муу тусмаа л бидэнд сайн шүү дээ” гэх үгийг санамсаргүй унагаасан удаа бий. Бодвол намынхаа  уулзалтан дээрээ ярьсан далд бодлогоо яриандаа халаад ам алдчихсан л болов уу.  Түүнээс биш юу боллоо гэж ийм хорон муу санаа өвөртлөө аж. Муу нуухаар сайн илчил гэсэн ч юм билүү хэн мэдлээ.

Энэ мэтээс үүдэн ний нуугүй хэлэхэд “шар тос тогтохгүй ходоод” олонхи, цөөнх гэлтгүй аль алинд нь л анзаарагдаад байх юм. Ядаж байхад Багануур дүүргийн тэр хэрүүл зодоон ч юув дээ. Телевизүүдээр цацагдаж, сайтад байнга тавиастай. Ашгүй учраа олсон дуулдана лээ. Нэгэнт л ялагдсан нь үнэнээс хойш МАН-ынхан тэр дурлаад тэмүүлээд байгаа эрх мэдлийг нь хэл ам, хэрүүл тэмцэлгүй өгөөд, хөндлөнгөөс шүүмжлээд явдагсан бол хожмын өдөр хэлэх үгтэй, асуух амтай байхсан. Тийм иргэний зоригтой эрх мэдэлтэн ховор доо, ховор. Нэг өдөр ч хамаагүй нэгдүгээр гарын үсэг зурж, төсөв захиран, дундаас нь хэд гурван юм унагаах хүсэл нь давамгайлаад байдаг юм болов уу гэлтэй аяглах. Угаасаа улс төр цэв цэвэр, тув тунгалаг байдаггүй гэж онолчид хэлдэг нь оргүй ч зүйл биш.  Харин төр цэвэр, тунгалаг байх бол өөр хэрэг.

Цагаан сар хаяанд ирчихээд байдаг. Сар шинээс өмнө хэл амаа ололцож, хэрүүл тэмцлээ зогсоон, өр ширээ өгөлцөж авалцаад, ажил амьдралаа сайн сайхнаар эхлүүлэхийг билэгшээдэг монгол заншлаа ч бодмоор л юм. Ялсан нь ялсан шиг зангарагтай загначихдаг, ялагдсан нь янцаглаад байлгүй тахимаа өгчихдөг иргэний зориг, ёс жудагтай байвал аштай юу. Дашрамд дуулгахад төр барьж буй олонхид ч тал засаад байх юм алга. Хань хамсаа болно хэмээн амлаж, гэрээ, хэлцэл байгуулсан нөхөд ч гэж нөхөд. Сайд дарга болж чадаагүйдээ жөтөөрхдөг юм уу хаашаа юм сонин хачин ааш аяг гаргах нь хачирхалтай. УИХ-ын гишүүн хаана юу хэлэх нь дурын л хэрэг байдаг биз. Гэхдээ л гудамжинд гаргадаг байсан зуршлаа орхиж, ард иргэдийнхээ төлөө тэр ааг омог, ам хэлээ зориулмаар юм даа.

Олхонууд ШААБАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж