&#34Орос, Англи хэлийг төгс эзэмшиж, их ном уншаарай&#34

Хуучирсан мэдээ: 2013.01.15-нд нийтлэгдсэн

&#34Орос, Англи хэлийг төгс эзэмшиж, их ном уншаарай&#34

Д.Жаргалсайхан
de Facto нэвтрүүлэгтээ Австралийн Үндэсний их сургуулийн Ази Номхон
далайн коллежийн профессор, доктор Игор Де Ракевилцийг урьж ярилцлаа.  

-Би
Монголын үзэгчдэд таны тухай танилцуулахыг хүсч байна. Та Монголын
алдартай номыг орчуулсан. Монголын тухай яаж мэддэг болсон бэ?

-Яривал
их урт түүх болно. Цаг давчуу учраас товчхон ярья. Би хүүхэд наснаасаа
гадаад хэл, гадаадын ард түмэн, улс орнуудын түүхийг сонирхон судалж
эхэлсэн. Би Орос гаралтай. Тийм ч учраас манай гэр бүлийнхэн өөр өөр
хэлээр ярьдаг.

-Та хаана төрсөн бэ?

-Би Ром хотод
төрсөн. Миний эцэг итали хүн. Харин ээж маань орос гаралтай. Бид гэртээ
итали, орос, францаар ярьдаг. Их хачин санагдаж болох ч гэсэн гадаад
хэл миний сонирхлыг улам бадраасан. Би 8-9 настайдаа гадаад хэл, бичгийг
сонирхож эхэлсэн. Анхны хэл маань гайхамшигт грек бичиг байсан. Хэдэн
жилийн дараа би хятад, япон хэлтэй танилцсан. Хятад хэлэнд дурласан гэж
хэлж болно. Харин 1947 онд буюу 18 настайдаа миний амьдралыг өөрчилсөн
номтой таарсан. Чингис хааны тухай ном байсан. Майкл Правдин гэдэг
Английн зохиолч бичсэн. Дэлхийн түүхэн дэх агуу эзэнт гүрнийг үндэслэгч
болсон бяцхан хүүгийн тухай сонирхолтой түүх. Монголын хойд нутагт өсч
төрсөн Чингис хааны гэр бүл хэдэн үеэрээ дэлхийн талыг захирч байсан нь
надад онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Надад маш гайхамшигтай, үлгэрийн юм
шиг санагддаг байлаа. Тийм ч учраас би энэ тухай улам илүү судлахыг хүсч
түүхийн салбарыг сонгосон. Энэ номын ачаар би Монголыг сонирхон судалж
эхэлсэн. Зөвхөн Тэмүүжин Чингисийн тухай биш, монгол хэлийг ч сонирхон
судалсан. Жишээлбэл, энэ номонд Монголын эртний уйгаржин монгол бичгээр
бичсэн захиа бий. Гүюг хааны захиа. Үүнийг хараад би эртний монгол
бичгийг сонирхож эхэлсэн. Улмаар хятад, монгол бичгийг зэрэг судалж
эхэлсэн. 1947 онд Ром хотод монгол хэлээр бичсэн ном олох боломжгүй
байлаа. Дорно дахины номнууд хятад япон хэл дээр байдаг байлаа. Монгол
хэлээр бичигдсэн ном бараг байгаагүй. Харин нэг хүн надад монгол хэл
дээр хэвлэгдсэн библи судрыг итали хэл дээр хэвлэгдсэн библи судартай
харьцуулан судалж монгол хэл сурахыг зөвлөсөн. Тэр үед Библийн нийгэмлэг
гэдэг байгууллага үйл ажиллагаа явуулдаг байв. Би номын санд нь очиж
энэ номыг авсан. Монгол хэл дээр хэвлэгдсэн байсан учраас би хэдэн сарын
дараа монгол хэлээр уншиж чаддаг болсон.

-Манай хэлээр үү?

-Тийм.
Мэдээж хэрэг халх буюу кирилл бичиг биш. 1847 онд орчуулсан ном байлаа.
Тэр номын санд ганц хувь байсан. Би 100 жил хадгалагдсан сүүлчийн нэг
хувийг нь худалдаж авсан. Би өөрийгөө Ром хотын хамгийн аз жаргалтай хүн
гэж бодож байлаа.

-Энэ номыг одоо хаана хадгалж байна вэ?

-Манай гэрт бий.

-Ром хотод уу, эсвэл энд үү?

-Энд бий.

-Та хоёр номыг харьцуулан судалсан юм байна?

-Тийм. Монгол хэлийг итали хэлтэй харьцуулан судалсан. Мэдээж хэрэг монгол хэлийг судлах нь маш хүнд даалгавар байлаа.

-Хэр хурдан уншсан бэ?

-Нэг
бүлгийг нь нэг сарын хугацаанд уншсан. Их удаан үргэлжилсэн. Би Ром хот
дахь Зөвлөлтийн номын дэлгүүрээс зарим нэгэн ном худалдаж авсан юм. Мөн
франц-монгол хэлний жижиг толь бичиг олсон. Энэ номнуудын ачаар би
монголын тухай бага ч гэсэн мэдлэгтэй болсон. Би монгол хятад хэлийг
зэрэг судалж байх үедээ Монгол-Хятадын харилцааны талаар сонирхдог
байлаа. Хятад дахь Монголын эзэнт гүрэн буюу Юан гүрний тухай судалсан.
Юан гүрнийг үндэслэгч Хубилай хааны үед Хятад нь Монголын эзэмшил
байсан. Миний эх орон нэгт Марко Поло тэр үед Хятад руу аялсан байдаг.

-Марко Поло Хархорум луу явсан уу, эсвэл Бээжинд очсон уу?

-Тэр
Бээжин, Шанду хот руу очсон. Шандуд Хубилай хааны зуны өргөө байрладаг
байжээ. Тэр 20 жилийн хугацаанд Хятадын хөндлөн гулд аялсан. Тэр хэзээ ч
Хархорумд очиж байгаагүй. Учир нь тухайн үед Чингис хааны үр удмын
хооронд эрх мэдлийн төлөө ширүүн тэмцэл болж байсан. Хубилай хаан ч
гэсэн Хархорум руу явалгүй Хятадад үлдсэн.

-Та хэзээ Монголын нууц товчоотой ажиллаж эхэлсэн бэ?

-Майкл
Правдины номонд Тэмүүжин хэрхэн Чингис хаан болсон тухай өгүүлдэг. Энэ
номонд ашигласан эх сурвалжууд нь Орос номнууд байсан. Хамгийн гол эх
сурвалж нь Монголын нууц товчоо байлаа. Тийм ч учраас би үндсэн эх
сурвалжийг нь олж авахыг хүссэн. Өмнө нь 1941 онд Германы эрдэмтэн
Хэйнишийн (Erich Haenisch)  орчуулсан Монголын нууц товчоо хэвлэгдсэн
байсан. Оросын эрдэмтэн Козин Москва хотод орос хэл дээр орчуулгыг нь
хэвлэсэн. Улстөрийн нөхцөл байдлын улмаас Козины номыг худалдаж авах
боломжгүй байлаа. Харин Хэйнишийн орчуулсан герман хэл дээрх эхийг нь
олж авсан. Ингэж эхэлсэн түүхтэй.

-Анхны монгол хувийг хэзээ олж авсан бэ?

-Би
1950 онд Хамбург хот руу явсан. Би Хамбургийн их сургуульд нэг өвөл
хятад хэлний семинарт суусан юм. Хятад хэл дээр хэвлэгдсэн Монголын нууц
товчоотой анх таарсан. Монгол хэлээр боловч хятад үсгээр бичсэн байна.
Ийнхүү хятад бичгээр хэвлэгдсэн монгол эхийг нь Хэйнишийн орчуулгатай
харьцуулан судалсан юм. Улмаар Монголын нууц товчоо миний академик
амьдралын салшгүй хэсэг болсон. Монголын нууц товчоо миний хувьд библи
судар болж хувирсан. Би өмнө нь ашиглаж байсан библи судрыг орхисон.

-Та герман, хятад хэл дээрх эхийг харьцуулан судалжээ.

-Тийм.
Монголын нууц товчоог 1228-1229 онд бичсэн гэж үздэг. Анх уйгур хэл
дээр бичигдсэн. Чингис хааны үед уйгуржин бичиг нь Монголын албан ёсны
хэл байжээ. Харамсалтай нь монгол хэл дээрх анхны эх нь алга болсон.
Эзэнт гүрний задралын үеийн улстөрийн үймээний үеэр алга болсон.

-Та 1950-иад онд Австралид докторын зэрэг хамгаалсан уу?

-Тийм.

-Та Тайваньд очиж байсан уу?

-Үгүй.

-Чан Кай Ши Монголтой холбоотой зарим материалуудыг Бээжин хотоос Тайвань руу авч явсан.

-Тийм.
Чан Кай Ши олон баримт бичгүүдийг авч явсан. Гэвч Тайвань руу авч явсан
материалуудын дийлэнхи нь Мин буюу Манжийн Чин гүрний үетэй холбоотой.
Би өөрийн судалгааны ажилд Улаанбаатар хот дахь Төв номын сан, эх газрын
Хятад, Япон, Орос, Баруун Европын зарим улс орнуудын номын санд
хадгалагдаж буй эх сурвалжуудыг ашигласан.

-Та өөрийн академик
амьдралыг Чингис хаан, Монголын ард түмэн, Монголын түүхийг судлах
үйлсэд зориулжээ. Чингис хааны хөрөг зурагнууд бий. Гэвч энэ нь Чингис
хааны бодит дүрх төрхийг илэрхийлж чадах уу?

-Үгүй. Энэ бол төсөөлөлд үндэслэсэн зураг.

-Энэ зурагнуудыг Тайваниас авсан.

-Монгол
болон Манж, Хятадын эзэн хаад, хатдын хөрөг зургийн цуглуулга байсан.
Хятадын Үндэсний музейд хадгалагдаж байсан зурагнуудыг Тайвань руу авч
явсан. Ном биш зөвхөн зураг байсан.

-Уйгуржин бичгээр бичигдсэн анхны эх хувь дээр нь Чингис хааны хөрөг байсан болов уу?

-Үгүй.
Зөвхөн бичмэл түүх байсан. Чингис хааны түүхийг түүний гуравдугаар хүү
Өгэдэй хааны үед бичсэн гэж би үздэг. Өгэдэй архи хэрэглэдэг учраас нэр
хүнд муутай байжээ. Тайванийн Тайпей хотод хадгалагдаж буй Өгэдэй хааны
зураг нь яг архи уудаг хүнтэй төстэй харагддаг. Гэвч энэ нь бодит
байдалтай нийцэхгүй. Өгэдэй хаан архи хэрэглэдэг байсан боловч зураачийн
төсөөлсөн шиг архичин хүн байсан гэж бодохгүй байна.

-Та бол энэ алдартай номыг анх удаа англи хэл рүү орчуулсан хүн.

-Тийм.
Гэвч энэ би энэ гавьяаг Харвардын их сургуулийн профессор Клийвстэй
(Francis Woodman Cleaves) хуваалцах ёстой. Тэр надаас өмнө Монголын нууц
товчоог бүрэн эхээр нь орчуулсан боловч хэвлүүлж амжаагүй байсан. Янз
бүрийн шалтгаан байсан.

-Хэдэн онд вэ?

-1957 онд
орчуулга нь дууссан. Хэвлэгдэхэд бэлэн болсон байжээ. Гэвч тэр орчин
үеийн англи биш библийн англи хэлээр орчуулсан учраас хамтран зүтгэгсэд
нь түүнийг хурцаар шүүмжилж байжээ. Энгийн хүмүүс уншихад төвөгтэй
байжээ. Улмаар урам нь хугарсан профессор Клийвс энэ номыг хэвлүүлээгүй.
Харин тэр үед би Монголын нууц товчоог маш энгийн англи хэлээр орчуулж
эхэлсэн. Миний анхны орчуулга оюутны сэтгүүл дээр нийтлэгдэж байв. Миний
орчуулгын бараг тэн хагас нь нийтлэгдсэний дараа тэр өөрийн номыг
хэвлэсэн. Намайг орчуулж дуусах үед өөр нэг орчуулга ч бэлэн болсон
байлаа. Түүнийг Англид амьдардаг Монголын эрдэмтэн Онон орчуулсан.

-Хэдэн онд вэ?

-1990 онд орчуулсан.

-Нэлээд хожуу юм байна. Барууны англи хэлт уншигчдын гарт гурван өөр хүний орчуулга очсон юм байна. 

-Тийм.
Француудад ч гэсэн нэг орчуулга бий. Та итгэхгүй биз. Өнөөдрийн
байдлаар Монголын нууц товчоог 100 гаруй удаа орчуулсан. Дэлхийн хамгийн
олон удаа орчуулагдсан ном болжээ. Хүмүүс Монголын тухай, Чингис хааны
тухай мэдэхийг хүсдэг учраас олон удаа орчуулагдсан биз.

-Та Монголч эрдэмтэдтэй холбоотой ажилладаг уу? Таны бодлоор гадаадын хамгийн том монголч эрдэмтэн хэн бэ?

-Монгол
судлалын гол төв нь АНУ байсан. Харамсалтай нь Америкийн алдартай
монголч эрдэмтдийн дийлэнхи нь нас баржээ. Унгарын монголч эрдэмтэд
алдартай. Мөн Монголд бэлтгэгдсэн монгол эрдэмтэд ч гэсэн өнөөдөр монгол
судлалын салбарт гайхагдаж байна. Өвөр Монгол, Хятад, Японы монголч
эрдэмтэд ч гэсэн шилдэг. Австралийн судлаачид ч гэсэн монгол судлалыг
сонирхож эхэлж байна.

-Та Монголд хэдэн удаа айлчилсан бэ?

-Зургаан удаа айлчилсан.

-Анх хэзээ Монголд ирсэн бэ?

-1970 онд ирж Профессор Ширэндэвтэй танилцаж байлаа.

-Түүний тухай ярьж өгөөч?

-Профессор
Ширэндэв жинхэнэ боловсон эр байлаа. Шинжлэх Ухааны Академийн
ерөнхийлөгч байв. Би профессор Нацагдорж, Дамдинсүрэн, Ринчен зэрэг
Монголын агуу эрдэмтэдтэй танилцаж нөхөрлөдөг байсан. Дамдинсүрэн,
Ринчен нартай холбоотой байлаа. Би Шинжлэх Ухааны Академид зочлохдоо
бэлэг авчирсан. Нэг шил итали архи, Италийн гоёмсог цагаан ороолт
бэлэглэсэн. Гэвч бага хурлын сүүлчийн өдөр хүртэл бэлгээ өгч чадаагүй.
Профессор Ширэндэв хувь хүний хувьд маш гайхалтай хүн байлаа. Тэр надтай
уулзах үеэрээ жижиг тэмдэглэлийн дэвтэр дээр уйгуржин бичгээр маш
хурдан бичиж байсан. Танд яаж туслах вэ гэж асууж байсан. Би түүнд бэлэг
өгөхийг хүссэн гэдгээ хэлсэн. Харин профессор Ширэндэв монголчууд
хүнтэй уулзах үедээ бэлэг өгдөг харин та салах үедээ бэлэг өгч байна
гээд хөхөрч байсан. Миний хувьд  сургамжтай бас хөгжилтэй үйл явдал
болсон. Би ямар ч байсан бэлгээ өгч чадсан.

-Та өөрийн их сургууль дээрээ Монгол судлалын хүрээлэн байгуулсан. Яагаад ийм хожуу нээсэн юм бэ?

-Австраличууд
Монголын тухай бараг мэддэггүй байлаа. Канберра хотод зохион
байгуулагдсан олон улсын хуралд Монголын хоёр улстөрч оролцож байсан.
1970 онд Пунцагноров гэдэг хүнтэй уулзаж байв. Би тэдэнтэй уулзаж
Монголын тухай судалдаг гэж хэлэхэд тэд намайг сэжиглэсэн байдалтай
харьцаж байлаа. Пунцагноров надаас уйгуржин монгол бичгээр бичсэн хэдэн
үг асуусан. Монгол сургааль гэдэг үг байсан санагдаж байна. Мэдээж хэрэг
би уншиж чадсан. Намайг монгол хэлээр уншиж чаддагийг хараад маш их
гайхаж байлаа. Улмаар намайг хамт уухыг урьсан. Маш гайхалтай үдэш
байлаа. 1970 оны тэр цэлмэг тэнгэртэй үдэш миний санаанаас гардаггүй.
Өнөөдөр бид нар хонины ферм дээр очсон гэж тэр хэллээ. Үнэнийг хэлэхэд
австрали хонь надад таалагдаагүй. Харин энэ тэнгэр Монголын хөх
тэнгэртэй адилхан юм гэж надад хэлж билээ.

-Австралийн хойч үе ямар учраас Монголын тухай судлах шаардлагатай вэ?

-Бизнестэй
холбоотой. Учир нь Монгол улсад уул уурхайн арвин баялаг нөөц илэрсэн.
Австраличууд ч Монголыг сонирхож эхэллээ. Австралийн хэдэн зуун иргэн
Монголд ажиллаж амьдарч байна. Монгол нь хуучин Зөвлөлт Холбоот Улстай
холбоотой байсан учраас Барууны ертөнцөд мартагдсан байсан. Харин 1990
оноос хойш нөхцөл байдал өөрчлөгдлөө. Миний зохиол бүтээлүүдээр
дамжуулан Монголын тухай сонирхон судалдаг боллоо. Тийм ч учраас би
Монголыг судалдаг мэргэжилтэн хүний хувьд хүмүүст мэдээлэл өгөх ёстой.

-Та Монголын хэдэн зууны түүхийг судалсан. Та өнөөгийн Монголчуудад хандаж юу зөвлөх вэ?

-Орчин
үеийн хүмүүс их даяаршиж өргөжсөн нийгэмд амьдарч байна. Тийм ч учраас
монголчууд төрөлх хэлээсээ гадна өөр гадаад хэлийг сайн эзэмших
хэрэгтэй. Монголчууд орос хэлийг сайн эзэмшсэн. Харин орчин үеийн
нийгэмд англи хэл хэрэгтэй. Би монгол залууст хандан орос, англи хэлийг
төгс эзэмшиж аль болох их ном зохиол уншихыг зөвлөж байна. Европ, Азийн
түүх, урлаг, утга зохиолыг шимтэн судлах хэрэгтэй. Практик практик
практик. Унших унших унших.
-Өнөөдөр англи хэл нь орос хэлнээс илүү давамгайлах болжээ. Харамсалтай нь орос хэлээр уншиж бичдэг хүмүүсийн тоо цөөрчээ.

-Тун харамсалтай байна.


-Та орос хэлний ач холбогдлыг тайлбарлаж өгөөч?

-XIX
зууны Оросын утга зохиол бол гайхамшиг. Монголчууд 1990 оноос өмнө
Оросуудтай маш нягт холбоотой байсан учраас маш азтай. Монголчууд орос
хэлийг төгс мэддэг. Орос хэл бол гайхамшигтай баян хэл. Монгол судлалын
гайхалтай сайн бүтээлүүд ч орос хэл дээр бий. Оросууд монголчуудыг анх
судалж эхэлсэн. Монгол судлал гэдэг шинжлэх ухааны салбарт Оросууд
ноёрхдог. Монгол Улс 1941 онд кирилл цагаан толгойг хэрэглэж эхэлсэн.
Холбоо харилцаа бол маш чухал хүчин зүйл. Англи хэл давамгайлах болсон ч
гэсэн бид орос хэлийг мартах ёсгүй. Англи, орос хэлний аль аль нь
хэрэгтэй. Дэлхийн түүх, утга зохиол, хэлийг сайн судалж нэг зүйлийг
дагнан хий. Ерөнхий мэдлэг олж авсны дараа өөрийн сонирхож буй зүйлийг
дагнан судла. Хийх дургүй зүйлээ хийх гэж хүчлэх хэрэггүй. Өөрийн
сонирхол мөрөөдлийг дагах хэрэгтэй.

-Монголын хойч үе таны
зөвлөгөөг сонсож хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байна. Бүхэл амьдралынхаа
туршид Монголын тухай судалсан таны зөвлөгөө манай залууст үнэтэй
сургаал болно. Танд маш их баярлалаа.

-Танд баярлалаа. Монгол дахь хуучин анд нөхөддөө ч гэсэн мэнд хүргэе!

-Өнөөдөр
манай нэвтрүүлэгт гайхамшигтай зочин оролцлоо. Монголын нууц товчоог
англи хэл рүү орчуулсан Австралийн Үндэсний Их сургуулийн профессор
Ракевилц оролцлоо.

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж